Шууд Chart

Эдийн засгийн байнгын хорооноос ирүүлсэн санал, дүгнэлтийг дэмжлээ

2019-05-23 06:47:34

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх Эдийн засгийн байнгын хорооноос ирүүлсэн санал, дүгнэлтийг хэлэлцсэн. Эдийн засгийн байнгын хорооноос ирүүлсэн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан танилцуулав. 

Чуулганы нэгдсэн хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр харилцаа, холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга улсын ерөнхий байцаагчийн эрхтэй байх эсэх асуудлаар УИХ-ын зарим гишүүнээс гаргасан саналын дагуу УИХ-ын дарга төслийн холбогдох заалтыг нягтлан, шаардлагатай бол Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлэх чиглэл өгсөн байна. Мөн Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгийг хийх явцад шуудангийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхэд үйлчлэгч шуудангийн илгээмж тээвэрлэгчийн үйл ажиллагааг зохицуулах журам баталж, хэрэгжүүлэх, үнэ бүхий шуудангийн тэмдэгтийн үйлдвэрлэл, борлуулалт, дахин үнэлэлт, улсын фондын баяжуулалт, хадгалалт, хамгаалалтын журмыг батлах, хэрэгжилтэд хяналт тавих гэж, мөн шуудангийн үйлчлэгчийн үүргийг тусгахдаа Засгийн газрын тусгай сангийн хуулийн 22.2-т заасны дагуу бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэх гэж, төслийн 4 дүгээр зүйлд шуудангаар илгээхийг хориглох зүйлийг тус тус тусгасан ч дээрх заалтуудыг зөрчсөн тохиолдолд хүлээх хариуцлагын талаар Зөрчлийн тухай хуульд тусгагдаагүй байна ажээ. Иймд дээрх төслүүд дэх зөрчлийг арилгуулахаар Хууль зүйн байнгын хороогоор дүгнэлт гаргуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна. 

Санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар асуулт асууж, хариулт авлаа. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх Эдийн засгийн байнгын хорооноос ирүүлсэн санал, дүгнэлтийг дэмжив. Дараа нь Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх Эдийн засгийн байнгын хорооноос ирүүлсэн санал, дүгнэлтийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй юм. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд танилцуулахаар болов.


Эдийн засгийн байнгын хорооноос ирүүлсэн санал, дүгнэлтийг дэмжлээ  
Үзсэн: 134 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй