Шууд Chart

Боксын спорт “Токио-2020” олимпийн наадмын хөтөлбөрт хэвээр үлдлээ

2019-05-23 09:19:22

Олон улсын олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар боксын спортыг “Токио-2020” наадамд албан ёсоор багтаан, дэлхийн олон тамирчин, дасгалжуулагчдын бэлтгэл хөдөлмөрийг хүндэтгэв.

Олон улсын боксын холбоо (AIBA)-г ОУОХ-ны гишүүнчлэлээс түр хасав. Тэднийг өнгөрсөн хугацаанд удирдлага, менежмент, санхүү, ёс зүй, шүүлтийн талаар шаардлагатай ахиц дэвшил гаргаагүй гэж шалгалтын тусгай комиссийн илтгэлд дурьджээ.

Тэгэхээр олимпийн боксын тэмцээнийг зохион байгуулахад АIBA-гийн оронд АНУ-ын мэргэжлийн боксын аль нэгэн холбоог ОУОХ сонгох магадлал өндөр боллоо.

ОХУ-ын боксын генсек Умар Кремлёв нь АIBA-гийн 16 сая ам.долларын өрийг хувиасаа төлөх албан захидал ОУОХ-нд илгээсэн ч хэлэлцсэнгүй. Харин Умар нь Луфтфулоев гэдэг нэрээ Кремлёв болгон сольсныг илрүүлэв.

АНУ-ын Сангийн яамнаас AIBA eрөнхийлөгчөөр сонгогдсон Гафур Рахимовыг олон улсын тив дамжсан хар тамхины наймааны сүлжээний гишүүн хэмээн хар дансанд оруулснаа мэдэгдэж, ОУОХ түүнтэй хамтран ажиллахгүй гэдгээ зарласнаас боксын олимпийн хувь заяа хэлбэлзэж эхэлсэн.

Гэвч Гофур ажлаа өгч, Мароккогийн М.Мустахсане үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон юм.

Сонирхуулахад, боксын спорт нь “Сент-Луис-1904” наадмаас эхлэн олимпийн хөтөлбөрт (Стокхольм-1912-т багтаагүй, Шведийн хуулиар зодооныг хориглодог үе) нийт 24 удаа хамрагдсан байна.

Монголын баг “Мюнхен-1972”-оос хойш 11 удаа олимпийн рингэнд өрсөлдөж, нэг алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртээд байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Боксын спорт “Токио-2020” олимпийн наадмын хөтөлбөрт хэвээр үлдлээ   
Үзсэн: 222 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй