Шууд Chart

Тереза Мэй маргааш огцорно гэдгээ зарлаж магадгүй байна

2019-05-23 10:38:20

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Европын холбооноос гарах асуудлаар Засгийн газар байр суурийг нь хүлээн аваагүйтэй холбоотойгоор тавдугаар сарын 24-нд огцорно гэдгээ зарлаж магадгүй. Энэ тухай сайд нарын танхимын эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн “Таймс” сонин мэдээллээ.

Сонинд бичсэнээр Британийн Ерөнхий сайд баасан гарагт 1922 хорооны тэргүүн Грэм Брейдлитэй товлосон уулзалтаа явуулсны дараа огцрохоо зарлана гэжээ.

Ерөнхий сайд мягмар гарагт Европын холбоотой хийх хэлэлцээг нь дэмжсэн тохиолдолд "Брексит"-ийн асуудлаар хоёр дахь бүх нийтийн санал хураалт явуулах санал хурааж болно гэж парламентын гишүүддээ мэдэгдсэн. Үүний дараахан Ерөнхий сайд Тереза Мэйг дэмжигчид түүнийг дэмжихээсээ татгалзаж байгаагаа илэрхийлсэн юм.

Энэ мэдэгдэл зарим сайдыг цочирдуулсан байна. Учир нь тэд сайд нарын танхимын хуралдаанаар "Брексит"-ийн сэдвээр хэлэлцэх үед ийм хувилбарыг дэмжээгүй юм.

Их Британийн Дотоод хэрэг, Гадаад хэрэг, Шотландын асуудал эрхэлсэн сайд нар лхагва гарагийн орой Тереза Мэйтэй уулзаж, өөрсдийн байр сууриа илэрхийлэхийг хүссэн байна. Гэвч Тереза Мэй тэднийг хүлээн авч уулзаагүй гэнэ.

Тэгвэл энэ үдэш Нийтийн танхимын тэргүүн Андрес Лидс "Брексит"-ийн асуудлаарх Засгийн газрын бодлогыг хүлээн зөвшөөрөхгүй, огцорно гэж мэдэгдсэн байна. Нийтийн танхимын тэргүүн огцрох болсон нь Ерөнхий сайд Тереза Мэйд хүнд цохилт болно гэж “Скай ньюс” суваг мэдээлсэн байна.

Ерөнхийдөө Британийн хэвлэлүүдэд Ерөнхий сайд нөхцөл байдлыг хяналтандаа авч чадахааргүй болсон. Тиймээс Консерватив нам, Засгийн газрын тэргүүн байх хугацаа нь цагаар хэмжигдэж байна гэдэгт санал нэгтэй байгаа юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Тереза Мэй маргааш огцорно гэдгээ зарлаж магадгүй байна   
Үзсэн: 149 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй