Шууд Chart

И.Түвшинтогтох: Эмийн найрлагад байдаг дотоодын ургамлын нөөц устаж байна

2019-05-23 13:25:36

Улаан номд орсон нэн ховор, ховор, устах аюулд өртсөн эмийн ургамлыг хууль бусаар бэлтгэх, нөөцийг багасгах сөрөг үр дагавартай зүй зохисгүй ашиглалт сүүлийн үед нэмэгдэж буйтай холбогдуулан ШУА хэлэлцүүлэг зохион байгууллаа.
 
Эмийн ургамал нь нөхөн сэргэх боломжтой байгалийн баялаг учир эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй. Хамгийн гол нь нөөцийг зөв тогтоож, цаашид ховор ургамлыг тарималжуулж зүй зохистой үйлдвэрлэл явуулах нь бидний зорилго юм хэмээн хэлэлцүүлгийн үеэр онцолж байв.
 
Зохих зөвшөөрөлгүй ховор эмийн ургамлыг түүж борлуулсан тохиолдолд 5400 нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох эсвэл нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэдэг аж.
 
Эмийн ургамлын тархац, нөөцийн талаар ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн доктор И.Түвшинтогтохтой ярилцлаа.

-Манай улс ургамлын хэр их нөөцтэй вэ?
 
-Монгол орон байгалийн ихээхэн нөөцтэй. Байгалийн ашигт малтмалын болоод хөдөө аж ахуйн нөөцтэй. Энэ хоёр нөөцийг голчилдог. Дээр нь байгалийн ургамал гэдэг бол монгол орны асар том нөөц. Манай улсад нийт 3180 зүйл гуурст ургамал бүртгэгдээд байгаагаас 1180 нь эмийн ач холбогдолтой. Түүнээс өргөн хэрэгцээнд 200-гаад төрлийн ургамлыг хэрэглэж, бүтээгдэхүүн болгон худалдан борлуулж байна. Монгол орны ховор, ховордсон ургамлын ихэнх нь эмийн ач холбогдолтой, 600-700 зүйл ургамал байдаг. Дэлхий нийтэд байгалийн эмийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн, биологийн нэмэлт тэжээл, эмийн хэрэглээ ихэсч байгаа. Тэгэхээр Монголд ч бас энэ талын судалгаа, үйлдвэрлэл эрчимжих хандлагатай байна. Бид дэлхийн жишгээр байгалийн ургамлаа ашиглаж үйлдвэрлэл болгох хэрэгтэй байна. Тэгвэл ашиглах гэж байгаа юм бол эхлээд ашиглалтынхаа нөөцийг тодорхойлох хэрэгтэй. Ашигт малтмал хүртэл ашиглалтын нөөцөө тодорхойлж уул уурхайгаа явуулдаг. Үүнтэй адилхан бид нөөцөө мэдэж байж тохирсон ашиглалтыг явуулах ёстой. Гэтэл өнөөдөр нөөц тогтоодог судалгаа нь хоцрогдчихоод байна. Одоогийн байдлаар таван зүйл ургамал дээр л монгол орны хэмжээнд нөөцийг нь тогтоосон. Бусдыг нь тогтоогоогүй. Нөөцийг тогтоогоогүй мөртлөө л ашиглаад байна гэсэн үг. Тиймээс тархацын судалгаа маш чухал. Тиймээс эрчимжүүлэх хэрэгтэй байна. Түүнээс гадна зүйл ургамал болгон ялгаатай.

Тэр ургамлын өөрийнх нь амьдрах нас гэж байдаг. Өөрийнх нь ургах хугацаа гэж бий. Тэр ургамлын ямар хэсэг нь эмийн ач холбогдолтой вэ. Цэцэг, үр, жимс, газрын дээд хэсэг, үндэс гээд ашиглаж байгаа хэсгээсээ хамаараад ургах орчин, ургамал байгаль дээрээ нөхөн сэргэж байх ёстой. Ашиглалт явуулаад нөхөн сэргээлт хийх ёстой. Ингэж бид зөв ашиглавал бүрэн нөхөн сэргэх нөөц учраас энэ маань бидэнд жинхэнэ баялаг болж чадна.

Тэгэхгүйгээр буруу ашиглавал тав, арван жил ашиглаад дуусчихна. Тийм учраас зөв зохистой ашиглах тал руу чиглүүлэхийн тулд судлаачид бид судалгааг нь хийж өгье. Байгаль орчинд ээлтэй, эдийн засагт ээлтэй, энэ чиглэлийг хөгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Дээр нь нэн ховор болон ховор ургамлууд байна. Тэднийг ургуулах, тарималжуулах, технологи боловсруулах шаардлагатай. Бас л судалгааны үндэслэл дээр хийх ёстой. Нэг ургамалд ашигладаг агро техникээ бусад ургамалд ашиглан үйлдвэрлэл явуулаад плантац явуулаад байж болохгүй.

Монгол Улс усны нөөц багатай. Гүний усны нөөц хомстож байна гэж эрдэмтэд ярьдаг. Гадаргуугийн хомсдол байна. Цаг уурын дулаарлаас болоод нуур, голын ус багасч, ширгэж байна. Ийм байхад бид голын усыг шуудуу татаад урсгаад усалгаатай эмийн үйлдвэрлэл явуулаад байж болохгүй. Гүний усыг татаад үйлдвэрлэл явуулаад байж болохгүй. Тэр нөөц чинь дуусчихна. Тэгвэл эмийн ургамлаасаа илүү хор холбогдолтой ч байж магадгүй. Тиймээс зөв зохистой технологиор тарималжуулах шаардлагатай. Тухайн зүйл ургамал дээр хамгийн бага ийм устай байхад л ургана гэсэн тэр усныхаа хэрэглээг тогтоож байж усалгааны горимоо тогтооно.

Говь цөлийн нөхцөлд маш бага далд усалгааны дуслын систем ашиглах гэдэг юм уу. Ийм усалгааны технологи ашиглаж байж байгальдаа ээлтэй, эдийн засгийн хувьд ач холбогдолтой үйлдвэрлэл болох гээд байгаа юм. Тэгэхгүйгээр бид өнөө маргаашаа бодоод баахан газар хагалаад байгаа байгалийнхаа ургамлыг устгаж хаяад хөрсөө салхинд элэгдүүлээд ус татаад юм уу, гүний ус ашиглаад байж болохгүй.

-Тийм газрууд байна уу?

-Байна. Жишээ нь эмийн ургамлын плантацтай Хэрлэн-Баян-Улаанд гэхэд олон аж ахуйн нэгж үйлдвэрлэл плантац байгуулаад явж байна. Тэнд очиход дандаа Хэрлэн голоос шуудуу татаад усалж байдаг. Өөр дэвшилтэт технологи байхгүй, уламжлалт аргаараа тарьж байна.

-Голчлон ямар эмийн ургамал тариалж байна вэ?

-Одоо тарьж байгаа ургамал гэвэл монгол хунчир, зээргэнэ, чацарганы плантацууд нэлээн байна. Миний мэдэж байгаагаар эдгээрийг нэрлэж болно. Жижигхэн эмийн ургамлын цуглуулга хэмжээний юмнууд бас бий.

-Сүүлийн үед хүмүүс эмийн ургамал их хэрэглэдэг болж, гадуур ч хаа сайгүй худалдаалж байна. Шууд гар дээрээс аваад хэрэглэчих нь хэр зохистой юм бол?

-Мэдээллийн сувгууд өргөн болсноор хүмүүст хурдан тархдаг болсон. Фейсбүүкээр тийм ургамал сайн гэсэн мэдээллүүд их авдаг. Хоёрдугаарт хүмүүс антибетокоос татгалзаж, байгалийн юмыг сонирхох нь нэмэгдэж байгаа. Нөгөө талаас өөртөө хоргүй гэдэг үүднээсээ хэрэглэж байгаа байх. Шууд аваад хэрэглэхэд эрсдэл их байгаа. Тэр хүн ямар гаралтай, хаанаас түүснийг мэдэхгүй. Яг тэр ургамал мөн үү, биш үү гэдгийг мэдэхгүй. Мөн тэр ургамлыг ямар хугацаанд түүгээд ямар тээвэрлэх нөхцөлтэйгөөр авчраад яаж хадгалсныг мэдэхгүй шүү дээ. Тэр болгоныг буруу хийвэл эмийнх нь чанар алдагдана. Эмийн ургамлыг түүх хугацаа байдаг. Ямар хугацаанд түүснийг авч байгаагаа хүн мэдэхгүй. Дээрээс нь бохир гараар түүх, тэр хүн ямар ч өвчтэй байгаад түүсэн юм билээ. Түүнийг аваад шууд амандаа хийхэд ариутгал дунд нь явагдахгүй шүү дээ. Тэр болгон чинь эрсдэл дагуулна. Тэгэхээр нэг өвчнөө эдгээгээд өөр өвчинтэй ч болж магадгүй гэсэн үг. Эмийн ургамлын зохистой хэрэглээ гэдэг чинь яг л эм тантай адилхан шүү дээ. Уух хэмжээ, нарийн жор байх ёстой.

-Эмийн ургамлыг олборлоно гэхээр уул уурхайтай адил сонсогдоод байх юм. Эдийн засгийн эргэлтэд оруулах хэр боломжтой байдаг вэ?

-Уул уурхайтай л адил байгалийн баялаг учраас олборлоно. Ургамал ургаж, нөхөн сэргэдгээрээ уул уурхайгаас давуу талтай. Ухаад дуусчихгүй, зөв ашиглаад байвал жил болгон ургаад л байна гэсэн үг. Тийм учраас энэ талын бизнес зөв явбал ашигтай. Мөн экспортлох боломжтой. Бид байгалийнхаа ургамлаар үнэхээр ашигтай эм, биологийн нэмэлт бүтээгдэхүүн хийгээд гадаадад экспортлох хэрэгтэй. Гэхдээ энэ үйлдвэрлэл, бизнесийг эхнээс нь зөв явуулах хэрэгтэй. Байгаль орчинд ээлтэй, тогтвортой.

Бид “Сибирийн эрүүл мэнд” гээд л Оросоос баахан биологийн нэмэлт бүтээгдэхүүн аваад л хэрэглэдэг. Америкаас маш үнэтэй бүтээгдэхүүнүүд авчирдаг. Үүнийг орлуулах, буцаагаад экспортлох боломж бидэнд байгаа. Манай эдийн засгийн нэг нэгж болж болно. Бид жилд 400-аад тэрбум төгрөгийн эмийн хэрэглээтэй. Үүний 99 хувийг гаднаас авдаг. Үндэсний эмийн үйлдвэрлэгч хэдэн үйлдвэр байгаа ч түүхий эдээ авчирч, баглаа боодлыг савладаг болохоос түүхий эдээ үйлдвэрлэдэггүй. Уламжлалт эм хүний биед зохицсон, байгалиас шалгарсан тул хэрэгцээ нь өсөх ёстой. Гэтэл уламжлалт эмийн үйлдвэрлэл өнөөдөр 400 тэрбумын 1-2 тэрбум төгрөгийг л эзэлж байна. Учир нь эмийн найрлагад ордог дотоодын ургамлын нөөц устаж алга болж, ховордож байна.

-Монгол эмийн ургамлын нөөцөөрөө дэлхийд хэр хэмжээнд явдаг юм бол?

-Монгол Улс зүйл ургамлынхаа хувьд тийм ч баялаг биш шүү дээ. Япон улс гэхэд 30 мянган гуурст ургамалтай гэхэд манай улс гурван мянга гэхээр 10 дахин бага байна. Нөөцийн хувьд ч баялаг биш, сийрэг ургадаг. Хоёрдугаарт манай Монгол эрс тэс уур амьсгалтай. Өвөл нь маш хүйтэн, зун нь маш халуун, усны хувьд хомсдолтой. Ургамлын хувьд экстрим нөхцөлтэй. Тийм нөхцөлд байгаа ургамлууд амьдрахын тулд өөртөө биологийн нэмэлт бүтээгдэхүүнийг бий болгодог. Зохисгүй орчинд дасан зохицохын тулд. Өвөл усгүй орчинд ургахын тулд өөрт нь дасан зохилдолгоонууд бий болж нэмэлт бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэгддэг. Тиймээс агуулга, концентрац нь өндөр байдаг. Тэр талаараа манай эмийн ургамлууд давуу талтай.

-Нэн ховор ургамлын тархац нь хаагуур байдаг юм бол?

-Өндөр уулын тагийн бүслүүр, тайга, намаг ихтэй газар ихэвчлэн ургана. Вансэмбэрүү, Цагаан дэгд, Алтан гагнуур, Монгол хунчир зэрэг эмийн ургамлууд элбэг тааралдаад байхгүй. Тодорхой цэгүүдээс олдоцтой. Их шүүдэргэнэ байна. Энэ ургамал Монголд зөвхөн 41 цэгт тархан ургаж байна. Ургахдаа энд тэнд жоохон жоохон ургадаг. Тэр болгон хүн олж үзэж чадахгүй, хадны ёроолд, жижигхэн чулууны дэргэд аравхан ширхэг байх жишээтэй. Тэр нь нэг цэг болчихдог. Нэлэнхүйдээ ургаж байгаа эмийн ургамал ч зөндөө байна. Жишээ нь ганга байна. Бас л эмийн ургамал.

-Эмийн ургамал юунаас болж ховордож, алга болж байна вэ?

-Ургамал ховордоход олон зүйл нөлөөлнө. Нэгдүгээрт хүний хүчин зүйлийн нөлөө. Үүнд, уул уурхай, зам тээвэр, малын бэлчээрт талхлагдаж байна. Эмийн ургамал ургадаг хөндийд уул уурхайн компаниуд замбараагүй үйл ажиллагаа явуулж, улаан хөрс болгон хаяж байна. Хот суурин барьж байна. Нөгөө талаасаа уур амьсгалын хүчин зүйл нөлөөлж байна. Чийглэг орчинд ургадаг ургамал чийг нь багасаад эхэлбэл улам л цөөрнө. Тухайн ургамлын биологийн онцлогууд байна. Дасан зохицох, өрсөлдөх чадвар муутай ургамал байна. Үүнээс гарах арга зам бол Засгийн түвшинд бодлогоор зохицуулж, тарималжуулах хэрэгтэй.

-Ийм тархац багатай, нэн ховор ургамлуудын нөөцийг тогтоогоогүй байхад гадуур борлуулаад байгаа нь харамсалтай. Ховор ургамлыг цаашид яаж хамгаалах вэ?

-Хүмүүс орон нутгаасаа түүж бэлдэж байгаа. Орон нутагт нь хаана ургадгийг тэд сайн мэддэг. Танихгүй газраас хүмүүс ургамал хайгаад явахгүй. Ашиг олж байгаа учир ном зохиол дээрээс зургийг нь хараад гүнзгийрүүлээд судлаад гаргаад ирж байна. Тиймээс ховор угамал бүхий газрыг тухайн орон нутаг улсын хамгаалалтад авах хэрэгтэй. Уламжлалт эм тан үйлдвэрлэхэд дотоодын түүхий эдийн нөөц хүрдэггүй. Уламжлалт эмийн үйлдвэрлэл эрхэлж буй 7-8 аж ахуйн нэгж 100 мянган хүний хэрэгцээг хангаж чадахгүй байна. Гол шалтгаан нь дотоодын түүхий эд болох чихэр өвс, гоньд хүртэл ховордсон. Эдгээрийг тарималжуулж байж дотоодын үйлдвэрлэлийн хэрэгцээг хангах, улмаар гадагшаа экспортлох боломж бүрдэнэ. 2017 оны байдлаар эмийн ургамлын эрэлт хэрэгцээгээрээ Европ 13 тэрбум, АНУ 9 тэрбум, Япон 1,5 тэрбум ам доллар, дэлхий даяараа 40 тэрбум ам доллар байсан бол Хятад улс 2019 онд дангаараа 508 тэрбум юаны эрэлттэй байна.

-Цаашдаа ховор ургамлуудаа хайрлаж, хамгаалах талаар хүмүүст юу гэж хэлмээр байна вэ?

-Ерөнхий боловсролын сургуулиудад Ургамал судлалын хичээл гэж орохоо больчихсон юм байна. Байгаль шинжлэл гэж ерөнхий хичээл ордог. Хуучин бол бүтэн жил ургамал судлал, амьтан судлал гээд ордог байсан. Одоо тийм биш, бага сага дурдаад л явчихдаг болж. Тиймээс ургамлын талаарх мэдлэг хүмүүсийн дунд маш бага болчихжээ. Ургамлын бүтэц, навч, цэцэг ямар үүрэгтэй юм бэ. Ургамалд ус, агаар, бордоо хэрэгтэй гэх зэрэг олон зүйлийг мэддэггүй. Тиймээс экологийн боловсролыг маш их анхаармаар байна. Хоёрдугаарт байгаль орчин, ургамал байж л хүн тогтоно шүү дээ. Хүн дангаараа дэлхий дээр үлдээд амьдарч чадахгүй. Бидний амьсгалах агаарыг ногоон ургамал бий болгож байна. Идэх хоолыг ногоон ургамал бий болгож байна. Ургамалгүйгээр дэлхий дээр ямар ч амьд организм оршин тогтнохгүй. Ийм учраас бид ургамлыг маш их хайрлах ёстой. Байгалиа хайрлаж байж л хүн төрөлхтөн тэсч үлдэнэ. Тиймээс хүн бүр сэтгэлтэй, зөв хандлагатай байх хэрэгтэй. Сүүлийн үед өнгөт зурагтай ургамал судлалын тухай жижигхэн гарын авлага номууд их гарсан. Сонирхсон хүмүүс аль ч номын дэлгүүрээс аваад үзэж болно. Мөн Академиас гаргасан хялбаршуулсан гарын авлагууд ч зөндөө байгаа.
 
Эх сурвалж: ШУА

И.Түвшинтогтох: Эмийн найрлагад байдаг дотоодын ургамлын нөөц устаж байна   
Үзсэн: 247 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй