Шууд Chart

МҮОНРТ, ОХУ-ын “Звезда” телевизтэй хамтран Халх голын тухай дөрвөн ангит баримтат кино хийнэ

2019-05-24 10:45:41

ОХУ, Монголын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны форум өнгөрсөн оны есдүгээр сард ОХУ-ын Эрхүү хотноо зохион байгуулагдсан. Энэ үеэр Халх голын түүхэн ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, хамтарсан арга хэмжээ зохион байгуулах хэлэлцүүлэг өрнөсөн. Тухайн үед Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирал Л.Нинжжамц өөрийн санаачлагаар Бүх Оросын олон нийтийн-эх оронч радио телевизийн “Звезда” сувагтай хамтран ажиллах санал тавьсан. Уг саналыг ОХУ-ын Батлан хамгаалах яамны Зэвсэгт хүчний “Звезда” телевиз таатай хүлээн авсан билээ.

Ийн МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар ахлуулсан баг өнгөрсөн хоёрдугаар сарын 21-25-нд тус телевизэд зочилж, Хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд хамтран ажиллах төслүүдээ зөвшилцсөн. Түүнчлэн энэ сарын 5-12-нд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц,  Программын нэгдсэн хэлтсийн дарга М.Эрдэнэбат, Гадаад харилцааны хэлтсийн дарга Д.Цэцэгдэлгэр нар ОХУ-ын нийслэл Москва хотноо албан томилолтоор ажиллах үеэрээ ОХУ-ын Батлан хамгаалах яамны дэргэдэх ОХУ-ын Зэвсэгт хүчний “Звезда” телевизтэй хамтран бүтээх дөрвөн ангит баримтат кино болон телевизийн дөрвөн цуврал нэвтрүүлгийн төслийг албан ёсны гэрээ хийж, баталгаажуулсан.

Тэгвэл өчигдөр дээрх гэрээний дагуу хамтарсан уран бүтээл туурвих хоёр талын ажлын комисс видео зөвлөгөөн зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд ОХУ-ын талаас “Звезда” телевизийн Ерөнхий продюсер Б.Г.Яновский тэргүүтэй уран бүтээлчид оролцлоо.

Дашрамд дуулгахад, Монгол, ОХУ-ын талын уран бүтээлчдийн бүтээх гэж буй дээрх баримтат кинонд 1939 оны хүнд хэцүү цаг үеийн ерөнхий дүр зураг буюу Монгол Улс болон Манж го улсын хилийн болон улс төрийн ээдрээт нөхцөл байдал ЗХУ, Монгол, Япон улсын цэргийн мөргөлдөөн болон хувирсан цаг үеийг харуулах юм байна. Түүнчлэн Халхын голын тулалдаанд чухал үүрэг гүйцэтгэсэн үйл явдлуудыг үзэгчдэд хүргэнэ.

Тус бүтээлд дээрх улс орны тухайн үеийн геополитик, улс төр, тактик, цэргийн хүчин чадал, батлан хамгаалах салбарын удирдагчид болон тэдний эр зориг, шийдвэрүүдийг онцолно. Эл баримтат бүтээлийн эхлэлд бүс нутаг дараа нь улс орон, арми, командлагч нарын талаар өгүүлэх бөгөөд удаах хэсэгт энгийн иргэд болон дурдатгал гарах юм. Харин зураг авалтаа зөвхөн Монголд бус БНХАУ, Япон улсад хийх юм байна.

Хоёр талын кино багийнхны зүгээс Халх голын ялалтын аль ч ойн баяраар хийгдэж байгаагүй том хэмжээний уран бүтээлийг үзэгчдэд хүргэхээр ажиллаж байна.

Дээрх дөрвөн ангит баримтат бүтээлд Монголын талын Ерөнхий продюсероор МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц, Продюсер, зөвлөхөөр зохиолч М.Эрдэнэбат, Ерөнхий найруулагчаар Г.Энхтөр нар ажиллах юм. Мөн МҮОНРТ-ээс уран бүтээлчдийн багт Д.Ганчимэг, Д.Цэцэгдэлгэр, О.Отгонжаргал, Н.Чингис, А.Ариунбаатар, Л.Мягмар, Л.Пүрэвдолгор, А.Баяраа, Д.Батмөнх нарын уран бүтээлч багтжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

МҮОНРТ, ОХУ-ын “Звезда” телевизтэй хамтран Халх голын тухай дөрвөн ангит баримтат кино хийнэ  
Үзсэн: 880 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй