Шууд Chart

Бүгд Найрамдах Литва улс тэтгэлгээр оюутан суралцуулах боломжтой гэдгээ илэрхийллээ

2019-05-24 14:53:22

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр Бүгд найрамдах Литва улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд хатагтай Ина Марчиулионыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны хамтын ажиллагааг боловсрол, соёл, спортын салбарт хөгжүүлэх талаар санал солилцлоо.

Манай улс дээд боловсролын хүрээнд боловсролын салбар дахь хамтын ажиллагааг өрнүүлэх сонирхолтой байгаагаа дэд сайд илэрхийллээ. Судалгааны чиглэлээр хамтран ажиллах, их дээд сургуулийн хооронд хамтын ажиллагаа тогтоох, багшийн мэргэжил дээшлүүлэх, оюутан солилцох байдлаар хамтын ажиллагаа өрнүүлэх боломжтой.

Хатагтай Элчин сайд, Өнөөдрийн байдлаар БНЛУ-д суралцаж байгаа нэг ч монгол оюутан байхгүй. Монгол Улсаас оюутан суралцуулах, их дээд сургуулийн хооронд хамтын ажиллагаа бий болгох, Монгол судлалын тэнхим байгуулах боломжтой. БНЛУ байгалийн шинжлэх ухаан, биотехнологийн чиглэлээр тэргүүлдэг. Тиймээс энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, сургалтын төлбөрөөс чөлөөлөх тэтгэлэг олгох боломжтой талаар танилцуулж, энэ асуудлыг нарийвчлан хэлэлцэхээр тогтлоо.

Токиогийн олимпийн маргаашаас 2024 оны Парис хотноо болох зуны олимпийн бэлтгэл эхлэх болно. Тиймээс ирэх 4 жилд Европын улсуудтай хамтарсан бэлтгэл зохион байгуулахыг манай улс зорьж байна. Энэ хүрээнд хамтарсан бэлтгэл зохион байгуулах, Монгол Улсад сагсан бөмбөгийн мэргэжлийн дасгалжуулагч ажиллуулах талаар санал солилцлоо. БНЛУ сагсан бөмбөгийн спортоор дэлхийд амжилттай яваа юм. Харин манай улсад бүх нийтээрээ энэ спортод дуртай боловч тив дэлхийд хараахан амжилт гаргаж чадаагүй байгаа нь техникийн болон онолын мэргэжлийн дасгалжуулагч байхгүйтэй холбоотой. Мөн спортын хамтын ажиллагааны хүрээнд Литва улсад жүдо, чөлөөт бөхийн тамирчин бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх боломжтой гэдгээ манай талаас илэрхийллээ.

Хоёр улсын Үндэсний музейн хооронд хамтын ажиллагааны талаар өмнө нь яриа хэлцэл хийгдэж байсан. Энэ ажлыг идэвхжүүлэх, харилцан соёлын арга хэмжээ зохион байгуулах, кино өдрүүд хийх, монгол киног арилжааны чиглэлээр Литва улсад гаргах талаар мөн санал солилцлоо.

Эх сурвалж: БСШУСЯ


Бүгд Найрамдах Литва улс тэтгэлгээр оюутан суралцуулах боломжтой гэдгээ илэрхийллээ   
Үзсэн: 215 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй