Шууд Chart

Татварын багц хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авах боломжгүй гэж үзлээ

2019-05-24 15:41:57

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.05.24) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 42 минутад эхэлж, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг үргэлжлүүлж, Эдийн засгийн байнгын хорооноос дэмжээгүй 15 зарчмын зөрүүтэй саналын томьёллоор санал хураалт явуулсны дараа тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. 

Дараа нь  Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн  хоригийг хүлээн авах эсэх асуудлыг хэлэлцэв. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Ерөнхийлөгчийн эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Ц.Эрдэнэбат болон Сангийн яам, Татварын ерөнхий газрын холбогдох  албан тушаалтнууд  оролцлоо.

Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг дагалдах хуулиудын хамт 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчилон ирүүлсэнтэй танилцаад 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр бүхэлд нь хориг тавьсан байна.

Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн талаар Тамгын газрын дарга З.Энхболд, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар  нар тус тус танилцуулав.

Ерөнхийлөгчөөс тавьсан хориг болон Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ц.Гарамжав, Н.Оюундарь, Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Д.Дамба-Очир нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас “Оюутолгой” ХХК гурав дахин илүү олборлолт хийж байгаа атлаа бага татвар төлж байгаа шалтгаан, нөхцөлийг тодруулав. Мөн гадаадын хөрөнгө оруулагч компаниудад ногдуулах 20 хувийн татварыг 5 хувь болгосон эсэхийг илүүтэй  лавлаж байлаа. 

Олон улсын санхүүгийн үндэстэн дамнасан бүлэглэлүүд ядуу буурай, хөгжиж байгаа орнуудад татвар, санхүү төлөхөөс зайлсхийдэг байдлыг таслан зогсоохын тулд БЭПС олон улсын хамтын ажиллагааны байгууллага Монголын татварын эрх зүйн орчныг сайжруулахаар татварын хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлага тавьсан. Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулахдаа бид БЭПС-тэй  хамтарч ажиллаж, Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Японы ЖАЙКА зэрэг байгууллагын зөвлөгөөг авч ажилласныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар  хариултдаа онцлов. Мөн тэрбээр татварын багц хуулийг боловсруулахдаа Монгол Улс татвараа гүйцэт авах зарчмыг баримталсныг дурдаад цаашид ч төлөөгүй байгаа албан татварыг авахаар эцсээ хүртэл явна гэдгээ мэдэгдлээ. 

Харин ажлын хэсгийн зүгээс “Оюутолгой” ХХК-н гадагшаа шилжүүлэх орлогод ногдуулах татварыг таван хувь болгосныг ор үндэсгүй хэмээн няцаав. Мөн Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн хүүгийн орлогод 20 хувиар татвар төлөх заалт хэвээр байгааг дурдаад уул уурхайн тусгай лиценз эзэмшдэггүй Монгол Улсын компани дотоод, гадаадын хөрөнгийн бирж дээр нээлттэй бонд босгож чадсан тохиолдолд  5 хувийн татвар төлнө гэсэн нэмэлт тайлбарыг өгөв. 

“Эрдэнэт  үйлдвэр” ХХК, “Оюутолгой” ХХК-ийн хооронд татварын дэглэмээр нь авч үзвэл  “Оюутолгой” ХХК нь хөрөнгө оруулалтын гэрээгээ тогтворжуулсан байгаа. Үүн дээр ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөрийн таван хувийг төлж, өсөн нэмэгдэхийг төлөхгүй байхаар зохицуулсан. 2018 оны байдлаар Оюутолгой ХХК 320.2 тэрбум төгрөгийн татварт төлснөөс 246.8 тэрбум төгрөгийг улсын төсөвт, 73.5 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт төлсөн. “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь 551.6 тэрбум төгрөгийн татвар төлснөөс 503 тэрбум төгрөгийг улсын төсөвт, 48.7 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт төлсөн байдаг. “Оюутолгой” ХХК аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар алдагдалтай ажиллаж байгаа бол “Эрдэнэт үйлдвэр” ашигтай ажиллаж байгаа. 2018 оны тайлангаар “Оюутолгой” ХХК 15,4 тэрбум, “Эрдэнэт үйлдвэр” 171.4 тэрбум төгрөг төлсөн байгаагаас харахад аж ахуйн нэгжийн орлогын албан татвар дээр 155 тэрбум төгрөгийн зөрүү гарч байна гэж ойлгох ёстой хэмээн Татварын ерөнхий газрын Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал хариулж байлаа. 

Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн  хоригийг хүлээн авах боломжгүй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 71.8 хувь нь  дэмжсэн тул  “Ерөнхийлөгчийн хоригийн тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн  байна.


Татварын багц хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авах боломжгүй гэж үзлээ  
Үзсэн: 237 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй