Шууд Chart

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Цаг агаарын тааламжтай байдлыг ашиглан тариалалтаа шуурхайлая

2019-05-25 19:20:53

 Энэ онд улсын хэмжээгээр нийтдээ 478.0 мянган га-д тариалалт хийх юм байна. Одоогоор тариалалтын явц 60-аад хувьд хүрээд байна. ХХААХҮ-ийн сайд энэ амралтын өдрүүдээр Газар тариалангийн бүс нутагт ажиллаж хаврын тариалалтын явц байдалтай танилцсан талаарх мэдээллийг бидэнд ХХААХҮЯамнаас ирүүлснийг одоо хүргэе.

Энэ онд улсын хэмжээгээр 387.0 мянган га-д үр тариа, үүнээс 368.0 мянган га-д улаанбуудай, 32.0 мянган га-д малын тэжээл, 29.0 мянган га-д тосны ургамал, 13.8 мянган га-д төмс, 8.9 мянган га-д хүнсний ногоо,7.3 мянган га-д жимс, жимсгэнэ тариалахаар төлөвлөжээ. Сэлэнгэ аймгийн хувьд хавартаа суурь чийг багатай, хуурайшилт ихтэй байгаагаас шалтгаалж тариалалт хожуу эхэлсэн байна.

Үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1560 гаруй аж ахуйн нэгж иргэн, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийн тариалалтыг 950 гаруй аж ахуйн нэгж, хоршоо 16.0 мянган өрхийн хэмжээнд тариалахаар бэлтгэлээ хангаж 5 дугаар сарын цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хангайн болон төвийн бүсэд 5 дугаар сарын 08-наас, бусад бүсүүдэд 05 дугаар сарын 12-ноос хаврын тариалалтын ажлыг эхэлсэн. Тариалалтыг 14-21 хоногт багтаан гүйцэтгэх боломжтой гэж тариаланчид хэлж байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас хаврын тариалалтад зориулан 241 аж ахуйн нэгж, иргэнд 10.1 мянган тонн үрийн буудайг 30 хувийн, 338 аж ахуйн нэгж, иргэнд 1.4 мянган тонн шатахууныг 50 хувийн, 198  аж ахуйн нэгж, иргэнд   62  тонн ургамал хамгааллын бодисыг 30 хувийн урьдчилгаатай тус тус зээлээр олгож тариалалтын ажилд дэмжлэг үзүүлээд байна. Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр 6 дугаар сард хугацааны эхэн болон сүүлээр дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 градус, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 26-31 градус дулаан байх төлөвтэй байна.

Тиймээс цаг агаарын тааламжтай байдлыг ашиглан тариалалтын ажлаа шуурхайлахыг ХХААХҮ-ийн сайд аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газар болон тариаланчдад зөвлөлөө.

 


ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Цаг агаарын тааламжтай байдлыг ашиглан тариалалтаа шуурхайлая  
Үзсэн: 145 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй