Шууд Chart

Maberrant: Хүмүүсийн анзаарч хардаггүй өнцгөөр уран бүтээл туурвихыг хүсдэг

2019-05-26 06:32:11

Өнөөдөр хоёр дахь бие даасан “Хоосон” цомгийнхоо баярыг хийх гэж буй “Dual Zet Pro агентлагийн уран бүтээлч, реппэр Maberrant буюу Г.Мягмардоржтой ярилцлаа.

Толгойтоос гарч ирсэн хоёр дахь реппэр

-Та манай сайтын уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Намайг Г.Мягмардорж гэдэг. Реппэр нэр минь Maberrant. Латин хэлний aberrant буюу нэг хэвэнд байдаггүй, сүргээсээ тасарсан гэсэн утгатай үгэн дээр эцэг эхээс өгсөн нэрийнхээ эхний үсгийг нэмээд Maberrant болгосон.

Бага нас минь Толгойтод өссөн. Бага байхдаа Gee ахтай олон удаа таарч байсан. Намайг 15 настай байхад манай аав бурхан болсон. Тухайн үед сургуулиа хаяад ажил хийж эхэлсэн. Аав гэдэг хүн гэр бүлийнхээ төв цэг байдаг. Аавыг өвдөхөд манайх гэдэг айл эмчилгээ, эм тарианы мөнгө олохын тулд хамаг юмаа зарсан. Тухайн үед манай хамаатны ах барилга дээр ажилладаг байсан. Би очиж, шавар зуурах, зөөх болон цэвэрлэгээний ажил хийж эхэлсэн. Дараа нь нэг хэсэг буруу замаар явж, гэр орондоо үзэгдэхгүй байнга PC тоглох болсон. Хэсэг хугацааны дараа ингэж явах нь амьдрал биш гэдгийг ойлгож ажилд орсон. Пиццаны тогоочоор таван жил ажилласан. Байнга л шилдэг ажилтан болдог байлаа. Тухайн үедээ Хүнсний технологийн коллежийн Мах махан бүтээгдэхүүний технологичийн ангид үргэлжлүүлэн сурсан. Ихэвчлэн баярын өдрүүдээр ажилладаг байсан. Тиймээс “Насаараа баярын өдрүүдээр хүний хоол хийж амьдрах уу” гэж өөрөөсөө асуусан юм. Тэгээд дээд боловсрол эзэмшихээр шийдэж, Үндэсний техникийн дээд сургуулийн архитектурын оройн ангид элсэж, төгссөн.

-Хип хоп урлагтай хэрхэн холбогдсон бэ?

-Компьютер гацаад найзаараа янзлуулсан юм. Тэгсэн манай найз “Opozit”, “Black eyed peas” хамтлагийн нэг нэг дуу суулгачихсан байсан. Тухайн үеэс хип хоп хөгжимд донтож, “Click click boom”, “Opozit”, “Vanquish”, тэдний дээд үе “Lumino”, “Tatar”, “Icetop”, “Дайн ба энх” хамтлагийг сонсож, судалж эхэлсэн. Дараа нь найз минь намайг хип хоп дууны үг бичээд үз гэж зоригжуулсан.

-Реп дэмбээг хаанаас зохион байгуулдаг байсан бэ. Та хэдэн удаа түрүүлэв?

-Дээхэн үед “Асуулт реп” нэртэй цахим хуудас ажилладаг байсан. Хип хоп, реп сонирхдог залуус онлайнаар хоорондоо өрсөлддөг. Тухайн үед Рокит Бэй АНУ-гаас оролцдог байсан. Миний хувьд бусдын хийсэн реп дууг сонсдог, өөрөө дуу хийдэггүй байлаа. Сүүлд street battle буюу реп дэмбээ - 6 зохион байгуулагдахад нь оролцсон. Эхний шатанд ялсан. Реп дэмбээд таван удаа орохдоо дөрөвт нь ялж, нэг удаа Thunder-т ялагдаж байсан.

-Реп дэмбээнд оролцож буй реппэрүүд дараа нь хоорондоо муудалцаж, зодолдсон тохиолдол бий юу?

-Байдаггүй. Нөхөрсөг тулаан гэж хэлж болно. Тулааны үеэр реппэрүүд хийсвэр сэтгэлгээ, punch line, үг мөртөө хэн нь илүү нь холбож байна гэдгээрээ өрсөлддөг. Реп дэмбээгээс л манай хамтлагийн гишүүд бүрдсэн.

ялагдсан юм шиг мэдрэмж төрсөн

-Хамтлагаа танилцуулаач?

-Манай “Gnomicz” хамтлаг анх 13 гишүүнтэй байгуулагдсан. 2013 оноос хойш шигшигдсээр зургаан гишүүн л үлдсэн. Энэ хугацаанд хоёр цомог, 20 гаруй дуу гаргасан.

-“Bark Yard уралдааны шилдэг 10 оролцогчийн нэг болсон.

-UBS телевиз болон "Back Yard" лэйбл нар хамтран Монголд анх удаа хип хоп сонирхдог залуусын дунд уралдаан зохион байгуулсан. Уралдааны ялагч мөнгөн шагнал, Desant, Jacool, Ratabuzz нартай хамтран уран бүтээл туурвих эрх болон бусад шагналыг эзэн болсон. Нийт 200 гаруй хүн бүртгүүлснээс эхний шалгаруулалтын дараа 50 нь өрсөлдөж, шилдэгт 10 реппэр тунаж үлдсэн. Миний хувьд түрүүлэх зорилготой оролцсон ч Thunder ялагч болсон.

-Тэмцээний дүн гарахад ямар бодол төрсөн бэ. Өмнө нь ч рэп дэмбээд Thunder-т ялагдаж байсан.

-Тэмцээний дүн гарахаас өмнө миний хандалт маш өндөр байсан. Дүн гарахад ялагдсан юм шиг мэдрэмж төрсөн. Гэхдээ финалын шатанд оролцох үед Thunder түрүүлэх юм байна гэсэн уур амьсгал мэдрэгдсэн. Thunder маш хөдөлмөрч залуу. Энэ талаараа бид хоёр төстэй. Миний хувьд"Back Yard" шоунд оролцсондоо маш баяртай байдаг. Энэ тэмцээнд орсноороо тодорхой хэмжээнд хүмүүст танигдсан.

-Монголд өөрийн тань үеийн амжилттай яваа хэчнээн реппэр байгаа вэ. Бусад реппэрийг өрсөлдөгч гэж хардаг уу?

-Сүүлд гарч ирсэн гэвэл цөөхөн реппэр байгаа. “Vandebo”, “Лойчихсон” хамтлаг, Dior, Wolfizm, Thunder, Маарааг нэрлэж болно. Тэднийг өрсөлдөгч гэж хардаггүй. Бизнесийн зарчмаараа хамтраад цуг шоунд оролцоод явдаг.

-Бусад реппэрээс ялгарах таны онцлог юу вэ?

-Хүмүүсийн анзаарч хараагүй өнцгөөр уран бүтээл туурвихыг хүсдэг. Дууныхаа үгэнд маш их анхаарал хандуулдаг учраас бусдад үлдэх, юм бодогдох дуу хийдэг гэж боддог. Тэр дундаа бусдын анзаарч хардаггүй, харсан ч хэлэхийг хүсдэггүй орхигдсон өнцгийг барьж авдаг.

-Шинэ цомгоо яагаад “Хоосон” гэж нэрлэсэн бэ?

2016 оны дөрөвдүгээр сард “Миний хэлэх утга” 13 дуутай цомгоо гаргасан. Тухайн үед миний цомог 10000 төгрөгөөр зарагдаж байсан. Тэгтэл орон нутагт амьдардаг нэг залуу онлайн(татах)-аар худалдаж авахдаа хэт үнэтэй байна гэсэн юм. Би түүнд онлайн цомгийн үнэнд CD-ний зардал ороогүй ч, энэ миний оюуны хөдөлмөр учраас өөрийн бүтээлүүдээ ийм хэмжээний мөнгөөр үнэлсэн гэж хэлсэн. Тэгээд дараагийн цомгоо CD, гадуурх хавтсандаа ямар ч зураг, бичиггүй “Хоосон” нэртэй гаргахаар шийдсэн. Тэгээд “Хоосон” цомгийнхоо эхний дуу болох “Зургаа дахь мэдрэхүй” дууг 2016 оны өвөл цацсан. 2017 онд “Dual Zet Pro” студитэй гэрээ байгуулсныхаа дараа цомгийнхоо төлөвлөгөөг танилцуулахад нэр, агуулга нь таалагдсан. Гэхдээ цомгийн чинь CD, хавтсыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэх болохоор зураг, бичиггүй цомог гаргаж болохгүй гэсэн. Энэ цомог маань 17 дуутай.

Би өөрийнхөө хамгийн сайн хувилбараар амьдарч байгаа

-Хип хоп урсгал Монгол хэрхэн хөгжиж, өөрчлөгдөж байгаа вэ?

-Нэг хэсэг Монголд эмо, хаягдсан хайрын тухай дуу хүчээ авсан. Одоо бол цөөрсөн. Тийм дуу хийгээд ч сонсогчид хүлээж авахаа больсон. Мөн хүмүүс загнуулах гэж мөнгө төлж, тоглолт үзэхээ больж байна. Харин цуг дуулж, үсэрч, бүжиглэдэг тийм дуунд сонсогчид дуртай болж байгаа.

-Реппэр болоход хэдэн хувийн авьяас, хөдөлмөр шаарддаг вэ?

-Зөвхөн реп гэлтгүй бүх л зүйл хөдөлмөр шаарддаг гэдгийг маш сайн ойлгосон. Аливаа зүйлийг сайн хөдөлмөрлөж хийхгүй бол яг нэг алхмын ард дараагийн хүн, өөр нэгэн зогсож байдаг. Би өөрийгөө давгүй хөдөлмөрлөсөн гэж боддог. Реп хийхэд тодорхой хэмжээний авьяас, хөдөлмөр шаардана. Авьяастай мөртлөө маш цөөхөн дуу гаргадаг уран бүтээлч байна. Маш сайн хөдөлмөрлөөд явж буй реппэрүүд ч бий. Одоо үед авьяас, хөдөлмөрөөс гадна маркетинг маш чухал болсон.

-Аз, од нь таараад амжилтад хүрсэн реппэр бий юу?

-Цаанаас нь ямар нэг зүйл ивээдэг гэдэг дээ. Түүнтэй адил аз, од нь гийгээд олон танигдсан реппэрүүд байдаг. Нэг түүх яриахад ОХУ-ын “Black Star INC” лэйблийн реппэр Тиматиг нэрлэж болно. Тимати ОХУ-ын “Фабрика Звёзд” (“Оддын академи”) шоу нэвтрүүлэгт оролцохдоо танилцаж, хамтарч дуулж байсан найз нь зуурдаар өөд болоход дурсгалд нь зориулж дуу хийсэн. Хэдий гунигтай түүх ч гэлээ тухайн үед шоуг нь олон хүн үздэг байсан болохоор найзынхаа дурсгалд зориулсан дуу нь сайн түгж, тэр хэрээрээ олон сонсогч, фэнтэй болсон.

-“Dual Zet Pro” студийн талаар танилцуулаач?

-Монголд студи байгуулаад тогтмол уран бүтээл туурвиад удаан хугацаанд оршин тогтноно гэдэг маш хэцүү. “Dual Zet Pro” студийн хувьд олон жил уран бүтээл хийгээд явж байна. Хөтлөгч, нэвтрүүлэгч, “Авьяаслаг Монголчууд” шоуны шүүгч П.Анужин эгчийн “МонГал товчоон” баримтат нэвтрүүлгийг бэлтгэж үзэгчдэд хүргэдэг студи. Анх дуучин П.Баярцэнгэл болон Г.Улаанцэцэг гэсэн хоёр уран бүтээлчтэй гэрээ байгуулан ажиллаж гаргаж ирсэн. Дуучин П.Баярцэнгэлтэй байгуулсан гэрээ 2016 оны арванхоёрдугаар сард дууссан. 2017 оны нэгдүгээр сард хип хоп уран бүтээлчтэй хамтран ажиллахаар болж, надтай гэрээ байгуулсан.

-Туулж өнгөрүүлсэн амьдралд тань харамсдаг зүйл бий юу?

-Байхгүй. Би өөрийнхөө хамгийн сайн хувилбараар амьдарч байгаа гэж боддог.

-Арван жилийн дараах ирээдүйгээ хэрхэн төсөөлдөг вэ?

-Ямартай ч энтэртайнмент салбарт уран бүтээл туурвисан хэвээр байх болно. Продюсер эсвэл өөрийн гэсэн лэйблтэй болчихсон байх болов уу. Магадгүй кино бүтээгээд нээлтийг нь хийчихсэн байна.

-Цомгийн баярынхаа талаар мэдээлэл өгөөч?

-“Zaisan hill”-ийн Eon клубт болно. Реппэр Big Gee, Desant ах болон Thunder, Mop-G, Roockie, миний “Хайр бол” дууны дахилтыг дуулсан Ria оролцоно. Нээлтээ хийсний ард “Хоосон” цомог маань хөгжмийн дэлгүүрүүд болон онлайнаар зарагдана.

-Миний асуугаагүй асуулт бий юу?

-Цомог авсан хүмүүстээ хандаж хэлэхэд дууг минь битгий онлайнаар цацаарай. Мөн чат болон бусад хэлбэрээр битгий хүмүүст тараагаарай. “Хоосон” цомгийн бүх дуу миний сүүлийн хоёр жилийн хөдөлмөрийн үр дүн. Энэ хугацаанд би хэн нэгнээс нэг ч төгрөгийн санхүүгийн туслалцаа аваагүй. Бор зүрхээрээ л зүтгэсэн. Мөн олон дуу, клипээ “Youtube”-ээр үнэгүй цацсан. Тиймээс миний дууг сонсдог хүмүүс дараа дараагийн минь бүтээлд хөрөнгө оруулалт хийгээрэй гэж хүсэж байна. Уран бүтээлчдийн орлого олдог эх үүсвэр нь цомог. Цомгоо олон тоогоор борлуулж байж дараагийн уран бүтээлээ санхүүжүүлж, чанартай бүтээл төрдөг.

-Нэг дуу, клип бүтээхэд хэчнээн хүн хөдөлмөрлөж, хэдий хэрийн зардал гардаг вэ?

-Янз бүр. Би дууныхаа хөгжмийг өөрөө хийдэггүй. Ая зохиогчоор бичүүлдэг. Мөн хоолойгоо тусдаа студид бичүүлнэ. Ойролцоогоор дор хаяж 2-3 хүний хөдөлмөр, нэг сая төгрөгөөр нэг дуу бүтдэг. Клип хийлээ гэхэд найруулагч, зураг авалтын баг мөн масс цуглуулна. Тэр бүх хүний хөдөлмөр, төдий хэмжээний өндөр зардлаар нэг клип бүтнэ.

Нэг зүйлийг хэлэхэд ямар нэг дууг аудиогоор онлайн сайтаас сонсох, цомгоос сонсох чанарын хувьд шал өөр сонсогддог. Цомог худалдаж авахын нэг давуу тал үүнд байдаг.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Maberrant: Хүмүүсийн анзаарч хардаггүй өнцгөөр уран бүтээл туурвихыг хүсдэг  
Үзсэн: 377 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй