Шууд Chart

Дотоод хэргийн их сургуулийн элсэлтийн цахим бүртгэл ирэх сарын 24-нийг хүртэл үргэлжилнэ

2019-05-29 09:28:35

Дотоод хэргийн их сургуулийн Сургалт, чанарын албаны мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч И.Ургамалаас 2019-2020 оны хичээлийн жилийн элсэлтийн талаар тодрууллаа.

-ДХИС-ийн цахим бүртгэл энэ сарын 25-наас эхэлсэн. Элсэгчид цахим бүртгэлд бүртгүүлэхэд юуг анхаарах шаардлагатай вэ?

-ДХИС-ийн 2019-2020 оны хичээлийн жилийн элсэлтийн цахим бүртгэл 2019 оны 05 дугаар сарын 25-наас 06 дугаар сарын 24-ний хооронд явагдана. Манай их сургуульд элсэхийг сонирхож байгаа элсэгчид сургуулийн албан ёсны цахим хуудас болох http://www.leu.gov.mn сайтад хандан “Элсэлтийн цахим бүртгэл” цэс рүү ороод цахим бүртгэлд бүртгүүлэх гэсэн сонголтыг дарж, элсэлтийн ерөнхий шалгалтын нэвтрэх дугаар, нууц үг, элсэх хөтөлбөр, холбоо барих утасны дугаараа оруулаад бүртгүүлэх боломжтой. Өмнөх жилүүдэд цээж зураг, эцэг, эхийн мэдээлэл зэрэг олон зүйл шаарддаг байсан. Харин энэ жилээс Боловсролын үнэлгээний төвтэй хамтран мэдээлэл солилцох байдлаар ажиллаж, цахим бүртгэлийг илүү хялбар болгоод байна.

Их сургуулийн нэр өөрчлөгдсөнтэй холбоотойгоор будилах тохиолдлууд гарч байна. Үүнтэй холбоотой тайлбар өгөхөд, Хууль сахиулахын их сургуулийн нэр өөрчлөгдөж Дотоод хэргийн их сургууль болсон гэдгийг тодруулж хэлье. Бид “Боловсролын шинэчлэл-2019” үзэсгэлэн болон бусад олон нийтийн арга хэмжээнд Дотоод хэргийн их сургууль гэдэг нэрээрээ танилцуулгаа хийсэн. Мөн Их сургуулийн албан ёсны фэйсбүүк хуудасны нэрээ ч “Дотоод хэргийн их сургууль” болгон өөрчилсөн. Тиймээс фэйсбүүк хуудаснаас “Дотоод хэргийн их сургууль” гэж хайлт хийгээд нэвтрэн орж элсэлтийн журам болон бусад мэдээллийг авах боломжтой.

- ДХИС-ийн элсэлт авах журам, үнэлгээ бусад их, дээд сургуулиудаас ялгаатай байдаг. Энэ жилийн тухайд хэдэн хөтөлбөрөөр сонсогч, суралцагчдыг элсүүлэх вэ?

-Ирэх хичээлийн жилд ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа сурагчид, мөн дээд боловсролтой иргэдэд зориулсан сургалтын 17 хөтөлбөрөөр элсэлт авна. Мөн өмнө нь их, дээд сургууль төгссөн, 25 хүртэлх насны эрэгтэй 170 см, эмэгтэй 160 см-ээс дээш өндөртэй иргэд “Цагдаа-хууль сахиулах ажил”, “Шинжээч мөрдөгч” гэсэн хоёр жилийн сургалттай ангид бүртгүүлэх боломжтой. Ингэхдээ зургаадугаар сарын 24-ний дотор дипломын хуулбар, иргэний үнэмлэх, цээж зураг гэсэн бичиг баримттайгаа манай их сургуулийн төв байранд өөрийн биеэр ирж бүртгүүлэх шаардлагтай.

Харин бакалаврын бусад хөтөлбөр болох цагдаа, шүүхийн шийдвэр, онцгой байдал, хилийн цэрэг, эрх зүйн чиглэлээр суралцах сонирхолтой ерөнхий боловсролын сургууль төгссөн хүүхэд, залуучууд дээр дурьдсан цахим бүртгэлд бүртгүүлэн, тухайн хөтөлбөрт заагдсан босго оноог хангаж, нэмэлт шалгалт, сорилуудыг өгч, элсэн суралцах боломжтой.

-Элсэлтийн цахим бүртгэлд бүртгүүлээд босго оноогоо авчих юм бол элсчихлээ гэж ойлгож болохгүй байх. Тэгэхээр бүртгүүлсний дараа тухайн элсэгчид ямар шалгуурууд тавигдах вэ?

-Цахим бүртгэлд бүртгүүлсэн элсэгчдийнхээ материал, элсэлтийн ерөнхий шалгалтын дүн мэдээг зургаадугаар сарын 25-наас Боловсролын үнэлгээний төвөөс авч нэгтгээд буурах эрэмбээр жагсаана. Манай сургуульд элсэх сонирхолтой хүүхдүүд монгол хэл бичиг, математик, нийгмийн тухай мэдлэг, гадаад хэл гэсэн хичээлүүдээр шалгалт өгсөн байх шаардлагатай. Ингээд сонгосон анги бүр дээр нь авсан оноогоор нь жагсааж бичнэ. Сургуульд орох босго оноо 480-аас дээш байгаа. Ингээд хамгийн өндөр оноо авсан хүүхдүүд тухайн хөтөлбөрт хамрагдах боломж бүрдэнэ гэсэн үг. Элсэлтийн ерөнхий шалгалтын нийлбэр оноогоор чансааг тодорхойлж, тухайн хөтөлбөрт 100 хүүхэд бүртгүүлсэн байлаа гэхэд 30 хүүхэд авах бол өндөр оноотой эхний 30 хүүхдийг л элсүүлнэ. Ингээд зургаадугаар сарын 25-наас эхлэн шалгарсан элсэгчид рүү цахимаар бүртгүүлсэн утасны дугаарт нь мессеж илгээж нэмэлт шалгалтад орохыг мэдэгдэнэ. Тэгэхээр зургаан сарын 25-наас долоодугаар сарын 04-ний өдрийг хүртэл цахимаар бүртгүүлсэн утасны дугаараа нээлттэй байлгах хэрэгтэйг анхааруулж хэлье.

-Эрүүл мэнд болон бие бялдрын сорилыг хэзээ авах вэ?

-Элсэлтийн ерөнхий шалгалтаас бусад шалгаруулалтыг нэмэлт шалтгалт гэж нэрлээд байгаа юм. Нэгдүгээрт, эрүүл мэндийн үзлэг, хоёрдугаарт, бие бялдрын шалгалт, гуравдугаарт, сэтгэл зүйн сорил, дөрөвдүгээрт цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалт. Энэ бүхнийг амжилттай даван туулсан тохиолдолд Монгол Улсын цэргийн тангараг өргөөд сургуульдаа элсэн суралцана. Нэмэлт шалгалтууд үндсэндээ зургаадугаар сарын 25-наас долоодугаар сарын 16 хүртэл явагдана. Тэгээд нэмэлт шалгалтдаа тэнцсэн элсэгчид долоодугаар сарын 20-ноос цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтад хамрагдана.  

Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд, хөдөө орон нутгаас элсэх хүсэлтэй элсэгчид бие бялдрын шалгалтыг тухайн аймагтаа өгөх юм гэж ойлгодог. Тийм зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл, цахим бүртгэлд бүртгүүлээд босго оноо болон чансааны оноог бүрэн хангасан хүүхдүүдтэй бид утсаар мессеж илгээн холбогдоно. Тэдгээр хүүхдүүд маань манай их сургууль дээр өөрийн биеэр ирж албан ёсны бүртгэлээ хийлгээд дараа дараагийнхаа сорил шалгалтуудыг өгөх юм.

-Бие бялдрын шалгалтад ямар шалгаруулалт тавьдаг юм бол. Энэ талаар мэдээлэл өгөх боломжтой юу? 

-Манай сургуульд элсэх сонирхолтой хүүхдүүдэд зориулсан шаардлагатай мэдээллүүдийг leu.gov.mn сайтын “Элсэлтийн цахим бүртгэл” гэсэнд цэсэнд болон “Дотоод хэргийн их сургууль” гэсэн фэйсбүүк хуудсанд байршуулсан. Тэндээс сонирхсон мэдээллүүдээ авах боломжтой. Бие бялдрын сорилд ямар дасгал авдаг тухай видео бичлэг ч байршуулсан. Мөн интернет орчинд нэвтрэх боломжгүй бол утсаар зарим мэдээлэл, зөвлөгөө авч болно.  

-Сонгосон ангидаа орох гэтэл оноо нь хүрэхгүй бол өөр ангид орж болох уу?

-Тийм боломжгүй. Тухайн элсэхийг хүсэгч нь зөвхөн нэг хөтөлбөрийг л сонгон бүртгүүлэх боломжтой. Цэрэг, цагдаа, онцгой зэрэг төрийн тусгай албан хаагч болохоор шийдсэн бол эцэг, эх, багш, ах, дүү нартайгаа сайтар зөвлөлдөөд, үнэхээр  би төрийн тусгай байгууллагад ажиллана гэсэн чин хүсэлтэйгээр элсэн суралцах хэрэгтэй. Манай сургуулийн цагдаа, хил, шүүхийн шийдвэр, онцгой байдлын сургуульд элсэн суралцагчдын сургалтын төлбөрийг төрөөс даадаг. Зарим элсэгчид сургалтын төлбөргүй гэдэг утгаар нь элсэхээр бүртгүүлсэн мэргэжлээ сайтар судлаагүйгээс сургуулиа орхигдуулах, шантрах асуудал гардаг.

-Баярлалаа.

Нийтэлсэн: Д.Баяржаргал

Дотоод хэргийн их сургуулийн элсэлтийн цахим бүртгэл ирэх сарын 24-нийг хүртэл үргэлжилнэ  
Үзсэн: 7020 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй