Шууд Chart

“Транзит Монгол-2019” форум илтгэл, ярилцлагын цагаар үргэлжилж байна

2019-06-05 15:57:18

Монгол Улсын Засгийн газар, Зам тээврийн хөгжлийн яам, Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн санаачилгаар “Транзит Монгол-2019” форум өнөөдөр “Шангри-Ла” зочид буудлын “Их танхим”-д эхэллээ.

Энэ удаагийн форум нь “Улаанбаатар төмөр зам” ХНН байгуулагдсаны түүхэн 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм.

"Транзит Монгол-2019″ форум “Улаанбаатар төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх нь, түншүүдийн хамтын ажиллагаа" сэдэвт илтгэл, ярилцлагын цагаар үргэлжилж байна.

Үүнд “УБТЗ” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа, “УБТЗ” ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга Милостных И.В нар “УБТЗ” ХНН-ийн Төв коридорын дэд бүтцийг хөгжүүлэхэд авч хэрэгжүүлэх нэн тэргүүний арга хэмжээнүүд сэдвээр илтгэл тавилаа.

Мөн УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар, “УБТЗ” ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга Милостных И.В, ОХУ-ын “МосГипроТранс” Нээлттэй нийгэмлэгийн Ерөнхий захирал И.В.Мицук, Монголын Төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цэнгэл, ОХУ-ын болон БНХАУ-ын ЭСЯ-ны төлөөллүүд, БНХАУ-ын Төмөр замын төв компани”-ийг төлөөлж Хөх хотын төмөр замын дарга Жан Зи И, БНХАУ-ын Олон улсын тээвэр зуучин холбооны Нарийн бичгийн дарга Ли Бэйжан нарын зочид төлөөлөгчид оролцож байна.

Түүнчлэн Монгол соёл, өв уламлалын дагуу Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, уртын дуучин Ц.Отгонцэцэг, морин хуурч н.Сосорбарам нар Монгол ардын уртын дуу “Эрхэм төр” дуугаар арга хэмжээний жаврыг үргээлээ.

Сонирхуулахад, Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Транзит Монгол” хөтөлбөр 2008 онд батлагдаж, анхны танилцуулгаа 2009 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо хийсэн түүхтэй.

Харин “Транзит Монгол-2018” форум ОХУ-ын нийслэл Москва хотноо болж байв. Уг форумын үр дүнд “Улаанбаатар төмөр зам”-ын транзит тээврийн хэмжээ 3.37 сая тонн болж өссөн юм.

“Улаанбаатар төмөр зам”-аар тээвэрлэгдэж буй транзит ачааны хэмжээ жилд дунджаар БНХАУ-ОХУ чиглэлд 22.1 хувиар, ОХУ-БНХАУ чиглэлд 13.2 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Жил дараалан “Транзит Монгол” олон улсын форумыг зохион байгуулсны үр дүнд манай улсын нутгаар дамжин өнгөрөх Ази-Европын хоорондох чингэлэг тээвэр үлэмж хэмжээгээр нэмэгдэж байгаа билээ.

Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх чингэлэг тээврийн хэмжээ 2016 онд 167 галт тэрэг, 2017 онд 556 галт тэрэг, 2018 онд 855 галт тэрэг болж нэмэгдсэн бол 2019 оны эхний дөрвөн сарын байдлаар 397 галт тэрэг болж, Европоос Ази чиглэлд 210 галт тэрэг, харин Азиас Европ чиглэлд 187 галт тэрэг аялаад байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Транзит Монгол-2019” форум илтгэл, ярилцлагын цагаар үргэлжилж байна  
Үзсэн: 234 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй