Шууд Chart

О.Уранцэцэг: Битүү зүү ороож урласан дээлээ Геннисийн номонд бүртгүүлэхийг хүсдэг

2019-06-05 19:24:09

Манай сайтын сурвалжлах хэсэг энэ удаагийн “Гэрт нь” буландаа “Эртний Монгол хийц” үндэсний хувцас урлалын дизайнер О.Уранцэцэгийг урьлаа.

Сүүлийн үед ялангуяа залуус маань үндэсний хувцасаа өмсөх нь ихэссэн. Загварын чиг хандлага нь ч өвөрмөц болж байна.

Тэгээд ч сарын дараа үндэсний их баяр наадам болох гэж буй учир өнөөгийн үндэсний хувцасны загвар, өнгө хэрхэн өөрчлөгдөж байгааг мэдэх гэж дээрх бүсгүйн ажлыг зорьсон юм.

Уг манай булан “Гэрт нь” нэртэй. Зочныхоо гэрт заавал очдог боловч энэ удаа түүний “урлан” болсон ажлынх нь газар зочилсон юм. Тэр ч өөрөө “Манай ажил бараг л гэр шиг тохижуулагдсан байгаа. Та нарт манай гэрт очихоос илүү гоё санагдана” хэмээн утсаар үүрэгдэв.

Ийнхүү бид товлосон цагтаа очлоо.   

Бид шатаар нь өгсөхөд ёстой л Монгол ахуй “ханхлах” шиг болов. Тэрбээр ажлынхаа гурван давхар суух бөгөөд уриалгахан угтан авч, мэнд мэдэлцээд ойролцоох сандал руу зааж суухыг урив.

Бидний яриа үндэсний хувцасны өнөөдрийн загварын талаар эхэлсэн юм. Тэрбээр “Манайх үйлдвэрлэл биш урлан талаас нь хувцасаа хэрэглэгчдэдээ хүргэдэг. Нэг үгээр хэлэхэд цөөн тоогоор тухайн худалдан авагчийнхаа бие, хүйсэнд тохируулж урлаж өгдөг. Мөн хэн нэгэн дээл захиалбал тэрхүү дээл нь уг хүндээ ганцхан загвараар л хийгддэг. Тэгэхээр энэ жилийн зуны өнгө ийм, загвар нь тийм байх ёстой гэж онцолдоггүй. Хэрвээ тэгвэл ашиг олох гээд байгаа юм шиг санагддаг. Миний зорилго урт настай бүтээл үлдээх юмсан гэсэнд л оршдог” гэв.

Тэдний оёсон хувцасыг ажиглахад эртний хийц давамгайлаад байгаа ч юм шиг. Тэгсэн хэрнээ загвар орчин үеийнх шиг. Үүнийгээ тэр тайлбарлахдаа “Манайх орчин үетэй хоршуулах гэж хичээдэг. Гэхдээ эртний загварыг түлхүү ашигладаг нь үнэн. Монгол хувцас бол олон зуун жилийн шалгуурыг даваад ирсэн том бүтээл. Өвөг эцэг маань нүүдэл хийж байхдаа дулаахан, биед эвтэйхэн байлгах үүднээс энэ л хувцас тохирох юм байна гээд онцлоод хэвшчихсэн. Харин одоо бид суурин газар амьдрахдаа заавал урт хормойтой байлгахгүйээр орчин үетэй нийцүүлж, загвараа өөрчилдөг” гэсэн юм.   

Үндэсний хувцасны судалгааг та хэр их хийдэг вэ гэхэд “Тодорхой хэмжээгээр судалдаг. Гэхдээ ихэвчлэн би өөрийнхөө дотоод ертөнцийг чагнаж, мэдрэмжээрээ урладаг” гэхээр нь борлуулалтын талаар асуухад “Би бүтээлээ хурдан далд оруулах юмсан гээд борлуулалтын араас хөөцөлддөггүй. Таалсан нэг нь аваад л өмсдөг. Муухай болж гэж хэлж байсан хүнтэй учирсангүй. Гэхдээ сүүлийн үед залуу аав ээж хүүхдүүддээ Монгол хувцас маш их авч өгдөг болсон. Монгол ахуйтай нь ойр байлгах гэж тэр байх. Тэр байдал нь надад маш их таалагддаг. Мөн ихэнхи хүн нийтийн дуучид, бөхчүүд, уяачдыг үндэсний хувцас өмсдөг гэж боддог. Нүдэнд ил болохоор нь тэр байх л даа. Тэгвэл тэднээс илүү өдөр тутмынхаа хувцасыг үндэсний хувцас болгосон хүн олон бий. Гэтэл бөхчүүд чөлөөт цагаараа биеийн тамирын, дуучин, уяачид жинсэн өмц, цам өмсөөд явж байдаг шүү дээ” гэх нь нэгийг бодогдуулмаар.

Түүний үндсэн мэргэжил нягтлан гэсэн. Тэр цааш ярихдаа “Би дуртай зүйлээ олж авч, үндсэн ажлаа болгоод явж байгаадаа баяртай байдаг. Буруу сонголт хийгээгүй юм байна гэж өөртөө талархдаг. Манай байгууллага үүдээ нээгээд долоо дахь зунтайгаа золгож байна. Одоогоор би 7-8 хүн цалинжуулж ажиллуулдаг. Гэхдээ дандаа мэргэжлийн оёдолчид. Миний хамгийн анхны худалдан авагч Монгол Улсын гавьяат жүжигчин, УИХ-ын гишүүн С.Жавхлан байсан. Тэр хүн дараа нь эхнэртэйгээ хамт ирж, гэргийдээ улаан өнгийн дээл сонгож оёулж аваад явсан. Тэд миний оёсон дээлийг өмсөөд тоглолтонд оролцоод телевизээр гарахад үзэгчид “Энэ хоёр ямар гоё дээл өмсөө вэ. Ийм дээл хийлгэе ээ” гээд л шуугиж эхэлсэн. Тэр цагаас үндэсний хувцас илүү сэргэсэн гэж боддог шүү” гээд баярлангуй, бахархангуй хэлэх нь тэр.

Ер нь танд энэ салбарт гар бие оролцход юу нөлөөлсөн бэ гэхэд “Би найман нас хүртлээ малчны гэрт өссөн. Нэгдүгээр ангид ордог жилээ Улаанбаатарт анх ирж байлаа. Бага насны минь дурсамжаас гадна ээж маань бидний бүх хувцасыг оёж өмсгөдөг байсан болохоор тэр нь илүү нөлөөлсөн байх. Мөн өөрийн өгөгдөл байгаа болов уу” гээд мөрөөдлөө биелүүлээд яваагаа бидэнд нуулгүй дуулгасан юм.

Тэднийх хувцасныхаа материалыг Япон, Энэхэг, БНХАУ, БНСУ, Итали гэх мэт улсын материалыг авч судалж, хэрэглэж байгаа гэсэн.  

Өнөөдөр аль ч хувцасны урланд очсон ижил төстэй үндэсний хувцас хийдэг болж. Танайхаас санаа авсан зүйл ажиглагддаг уу гэхэд “Ер нь би батентын эрхтэй. Гэвч иргэд С.Жавхлан, Г.Эрдэнэчимэг гэх мэт дуучдын надаар оёулж өмссөн дээлний зургийг барьчихаад “Яг үүн шиг дээл хийлгэмээр байна” гээд явж байдаг гэсэн. Уг нь хуулиараа бол би оюуны өмчид халдлаа гээд бөөн юм болж болно шүү дээ. Гэхдээ тэгэхийг хүсдэггүй. Надтай адилхан эмэгтэй амьдрах урлан нээгээд захиалагчийнхаа хүсэлтийн дагуу ажиллаж байгаа юм чинь огт эмзэглэдэггүй. Тэртээ тэргүй “Нарантуул” олон улсын худалдааны төвд яг адилхан гэмээр дээл маш их байхад, тийм биз дээ” гээд хариу нэхэх маягтай асууна.

Монголчууд маань сүүлийн үед Геннисийн номонд бичигдэх хэмжээний бүтээл хийхийг хүсдэг болсон юм билээ. Танд тийм мөрөөдөл бий юу гэхэд “Надад том мөрөөдөл бий. Наад зах нь хэдэн зуун жилийн дараа үлдэх хэмжээний “юм” хийхийг хичээж байна. Саяхан зүүх ороох төрлөөр битүү оёсон дээл нэгийг хийсэн. Үүнийгээ би чаддаг бол Геннист бүртгүүлмээр байна. Дахиад нэг мөрөөдөл маань Монгол хувцасны музей байгуулах хүсэлтэй. Жишээ нь Монгол Улсын төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам ахад хийж өгсөн дээлээ түүнийг зөвшөөрвөл өөрөө худалдан авч, “Энэ дээлийг энэ хүн тэдээс тэдэн онд өмсч байлаа” гээд тавих гээд байгаа юм. Тэгвэл гоё байгаа биз дээ” гээд мөрөөдлөө хуваалцав.

Ярилцлагынхаа төгсгөлд үндэстэн болгоныг дээл оёж үзэхийг хүсдэг үү гэхэд “Боломж гарвал оёох гээд суух л байх. Гэхдээ дуучин С.Жавхлангийн санаачилсан “Хамаг Монгол” төсөлд оролцсон Буриад, Халимаг, Тува, Өвөр Монголын дуучдын дээлийг оёж үзсэн шүү” сайхан л санагдаж байлаа” гэв.

 

Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан, Г.Эрдэнэчимэг нарын өмссөн энэхүү цагаан, улаан дээл өдгөө Япон Улсын Токио хотын олон улсын үндэсний түүхийн музейд хадгалаастай байгаа гэсэн. Уг цагаан дээлийг О.Уранцэцэг С.Жавхланд хамгийн анх урлаж өгсөн гэсэн.

 

 

Энэ гутлыг түүний гэр бүлийн хүн болох С.Гансүх оёсон гэсэн. Харин энэ цүнхийг хүү Г.Ачухай нь урласан бол охин Г.Ану-Үжин нь загвар зохион бүтээгч мэргэжилтэй юм билээ. Тэрбээр хүү, охин хоёртойгоо хамтарч энэ оны сүүлчээр загварын шоу хийхээр төлөвлөж байгаа юм билээ.

О.Уранцэцэг өнгөрсөн хоёрдугаар сард “Хаан банк” галирейд дээлнийхээ үзэсгэлэнг гаргажээ. Тэгэхдээ 10 гаруй дээл танилцуулсны нэг нь энэхүү улаан дээл аж. Мөн 2019 оны “Гоёл” наадамд топ моделиуд түүний дээлийг өмсч тайзнаа алхжээ.

Тэрбээр ОХУ-д болсон олон улсын үндэсний хувцасны загварын шоунд 2015, 2017 онд оролцохдоо түрүүлсэн гэв. “2016 онд оролцсон бол мөн л түрүүлэх байсан байх. Гэхдээ байнга түрүүлээд байвал хүмүүсийн дургүйг хүргэх байлгүй гэж бодоод өнжчихсөн” гээд инээж байсан юм.

“Гоёл” наадам манай улсад болж байгаа хувцас загварын хамгийн том арга хэмжээ. Үүнд би дөрвөн жил оролцохдоо гран при, тэргүүн байр гэх мэт шагнал хүртсэн. Түүнчлэн Халимагт Монгол туургатны их наадам болоход өөрөө яваагүй ч 15 дээлээ хүнээр дайж явуулахад мөн л түрүүлсэн гэв.





















































Нийтэлсэн: У.Баярсайхан

О.Уранцэцэг: Битүү зүү ороож урласан дээлээ Геннисийн номонд бүртгүүлэхийг хүсдэг  
Үзсэн: 1163 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-06-09 17:05
Гиннес гэдэгсэн.

Бидэнтэй нэгдээрэй