Шууд Chart

Ким Жон Намыг АНУ-ын Тагнуулын төв газрын мэдээлэгч байсан гэв

2019-06-11 09:55:20

Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны эцэг нэгтэй ах, 2017 онд Куала-Лампурын нисэх онгоцны буудалд амиа алдсан Ким Жон Нам нь АНУ-ын Тагнуулын төв газрын мэдээлэгч байсан, нас барахаасаа өмнө энэ агентлагийн тагнуулчидтай хэд хэдэн удаа уулзаж байсан гэж “Уолл Стрит Жоурнал” сонинд мэдээлжээ.

“АНУ-ын Тагнуулын агентлаг, ноён Ким нарын хооронд холбоо байсан” гэж тагнуулын байгууллагын нэрээ нууцалсан нэгэн эх сурвалж энэ хэвлэлд өгүүлсэн байна. Түүний хэлснээр Макаод амьдралынхаа сүүлчийн жилүүдийг өнгөрөөсөн Ким Жон Нам 2017 оны хоёрдугаар сард Тагнуулын төв газрын холбогдох хүмүүстэйгээ уулзахаар Малайз руу явсан гэнэ.

Умард Солонгосын удирдагчийн эцэг нэгтэй ах Лангкави аралд олон хоног саатах хугацаандаа Солонгос-Америкийн эрлийз нэгэн эртэй уулзсан байна. Энэ хугацаанд Ким Жон Нам Умард Солонгост амьдраагүй олон жил болсон ч Хятад зэрэг олон орны тагнуулын албадтай холбоотой байсан гэж энэ сонинд тэмдэглэсэн байна.

Дэлхийн олон орон түүнийг Умард Солонгосын удирдагчийн залгамж халааг авах хүн гэж харж байсан тухай “Уолл Стрит Жоурнал”-д онцолжээ. Гэхдээ Америкийн тагнуулын газраас түүнийг энэ албанд тохирохгүй хүн гэсэн дүгнэлтэд хүрсэн гэж байна.

Ким Жон Нам нь хоёр жил гаруйн өмнө Малайзын Луала-Лампурын нисэх онгоцны буудалд амиа алдсан юм. Түүнийг хөнөөсөн хэрэгт нэг индонез эмэгтэй, нэг вьетнам эмэгтэйг буруутгаж байлаа. Энэ хоёр эмэгтэй нь Ким Жон Намыг “Ви-Экс” хэмээх бодисоор хордуулсан гэж байсан юм. Гэвч бүсгүйчүүд Умард Солонгосын тагнуулчдын багт хууртагдаж, реалити шоунд орж байна гэж бодсон гээд буруугаа хүлээгээгүй байна.


Ким Жон Намыг АНУ-ын Тагнуулын төв газрын мэдээлэгч байсан гэв  
Үзсэн: 915 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй