Шууд Chart

“Харзтайн унага” галынхан хаан төрийн наадмаа хүлээж байна

2019-06-11 17:55:19

Ум хэрээ бадмаан дарьди базар гордаа хаянхирваа хүлү хүлү хум пад ... энэ бол уралдаанч хүүхэд бүр хурдан мориныхоо нуруун дээр гарах бүртээ уншдаг Дамдин янсан бурханы зүрхэн тарни.

Манай сайтын сурвалжлах хэсэг удахгүй болох улсын баяр наадмыг тохиолдуулан энэ жилийн ууган сурвалжлагаа хийхээр Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуутын хоёрдугаар багийн малчин, сумын алдарт уяач ах, дүүс Л.Цолмон, Л.Даваадорж нарын “Харзтайн унага” галыг зорилоо.

Энэ жил нийслэл орчимд бороо эрт орсон тул ногоо сайхан ургажээ. Тус гал хотын төвөөс 70 орчим км-т Харзтай Сэрүүн булаг хэмээх газарт байрлах аж.

Биднийг очиход тэднийхэн зуны дунд сарын шинийн наймны билэгт сайн өдрийг тохиолдуулан бар өдөр хүлэг сайн морьдоо барьж, ёслож байв. Өвгөд, хүүхдүүд нь цуглачихсан ёстой л баяр болж буй мэт. Энэ өдрийг сонгосны учир нь хүлэг морио бар шиг хүчтэй байгаасай хэмээн бэлгэдсэнийх.

Тэд гурван цээл уяаг дүүргэж, 30 гаруй хурдан буян сойхоор зэхжээ. Гэхдээ эхний өдөр 20 орчмыг нь бариад байгаа бол ганц нэг хоногоос үлдсэн морьдоо барих юм байна. Манай сурвалжлах баг өмнө нь ихэвчлэн тод манлай, манлай, алдарт уяачдын галаар буухад бараг л урлагийн тоглолт болж байна уу гэмээр морин хуур эгшиглэж, уртын дуу шуранхайлан, лам нар ном хурна. Харин тэднийх тэгж сүрийг бадруулсангүй. Наадамд явах гэж байгаа аятай шинэ дээл өмсөх нь битгий хэл Монгол цамц ч болтугай өмссөнгүй. Тэд олон жил наадмын тоос шингэсэн гандуу дээлээ өмссөн байхаас нь ажиглахад хэтэрхий энгийн гэмээр сайхан. Ийм л төрхтэйгээр манай улсын эрдэмт өвгөн уяачид хүлэг морьдоо хайрласаар ирсэн билээ.

Дээрх галын уяан дээр соёолон наснаасаа тодорч, олон наадмын түрүү, айргийг эзэндээ амсуулсан Эрдэнэ сумын “даалуу” хул морь, бор азаргаас эхлээд магнайдаа тоос хүргээгүй ажнай хүлгэд олон эвшээн зогсоно. Ёсолгооны үеэр адуу эвшээх нь сайныг бэлэгддэг хэмээн өвөгчүүд хэлдэг байсныг сануулах шиг. “Харзтайн унага” галынхан энэ жил улам сайхан наадах болов уу гэсэн бодлоо ч нуух юун.

Морьдоо дөнгөж барьж байгаа болохоор тэд уралдаанч хүүхдүүдээ авч ирээгүй байгаа ч туслах уяач нь шахуу болсон дүү нар нь арц уугиулан уяагаа тойрч, морьдынхоо дэл сүүлийг бооно.   

Тэд өвөл, хавар морьдоо аль ч наадамд уралдуулаагүй юм билээ. Иймд морьд нь жигд тарган байлаа. “Өвөл морь уралдуулахгүй болохоор таргадахаас гадна амьсгаа нь хурдан задрахгүй байх сул талтай юм” хэмээн хоорондоо ярилцана.     

Энэ нутагт нэгэн үед Ардын хувьсгалын ойн их баяр наадамд “зам зааж” байсан алдарт гурван хүрэн азарганы домог оршжээ. Тодруулбал, Эрдэнийн гурван хүрэн гэж халх даяар алдаршсан Монгол Улсын ууган манлай уяач С.Гэсэрваанийн хүрэн, аймгийн алдарт уяач, “Шар” хэмээх Найдангийн хүрэн, Багаагийн Александрын хүрэн азарганууд Эрдэнэ хэмээх боржигон нутгийн бор уяан дээрээс хурд нь тодорч, зард гарчээ.

Тэрчлэн тэдэн дундаасаа Монгол Улсын анхны 11 манлай уяачийн нэг Сампилын Гэсэрваань агсан энэ л Сэрүүн булаг нутагт нутаглаж хурдан гурван хүрэн азаргаа уяж Улсын ууган манлай уяач цолыг хүртжээ.

Эрдэнийн гурван хүрэн азарганы талаарх олон сонин содон яриа, түүх, дурдатгал байдаг. Тэдгээр хурдан ажнайнуудын талаар дуулаагүй морьтнууд ховор. Тиймээс энд дурдахад ихэнх цагийг авах тул эрхэм уншигч танд дахин толилуулахаар үлдээе.

Энгийн нэгэн жишээ дурдахад “Эрдэнийн гурван хүрэн” азарганы нэг болох МУМУяач С.Гэсэрваанийн их хүрэн азарга хамгийн анх медаль зүүсэн Монгол адуу юм. Сонирхуулахад, Монгол наадамд түрүүлж, айрагдсан хурдан хүлэгт хамгийн анх их үерийн жил болох 1966 оноос эхлэн медаль олгодог болсон нь тэр ажээ. Одоо Эрдэнэ нутагт “өвгөн” адуу гэх нэгэн цөм угшил адуу цогцолжээ.

Мөн энэ нутагт нэрт уяач Г.Даваасүрэнгийн "Одон" хонгор гэж онцгой хурдан адуу заяажээ. “Одон” хонгор хэмээх онцгой адууны талаар товчхон хүүрнэвэл, Төв аймгийн Баяндэлгэр сумын хүүхдүүдийн Халтарын төл хоёр хонгор адуу даага, шүдлэндээ сумын наадамд жил дараалан түрүүлж, айрагджээ. Ийнхүү уг хоёр үрээний нэгийг Төв аймгийн Баяндэлгэр сумын нэрт уяач Дашдаваа хүргэн Г.Даваасүрэндээ, нөгөөг нь Жүрмэд гуай хүү Баярсайхандаа авч өгсөн нь хожим Баяндэлгэртээ төдийгүй улс даяар нэрд гарсан “Одон” хонгор, “Жөмбөө” хонгор гэдэг азарга болцгоосон аж.

“Жөмбөө” хонгор нь орон нутагтаа олон түрүүлсэн ч гадагшаа гарч уралдаж байгаагүй. Харин түүнийг нутагтаа дийлж байгаагүй “Одон” хонгор улсын наадамд аман хүзүүдэж байжээ.

Одонгийн төлүүдээс “Дөнөн” хонгор, “Сарт” хонгор, Чимиддоржийн хул, Хэрлэнгийн хонгор, “Макс”-ын “Жигүүр” хул, “Өнгөгүй” хул, хул морь, Б.Буяннэмэхийн хонгор халзан үрээ, С.Ганбаатарын хонгор үрээ, Ц.Буянбаатарын хул үрээ гэсэн 10 адуу улс, бүсийн наадамд түрүүлж, айрагджээ. Ингэж л энэ нутагт “Талийгаачийн” адуу гэх нэгэн онцгой угшилт адуу бас үүсч тархжээ. Түүнээс гадна олон хурдан адуу Эрдэнэ болсон энэ л нутагт тэнцэж, бэсрэг угшлуудыг бий болгожээ.

Ийм л сайхан хурдан буян босоогоороо төрдөг нутагт “Харзтайн унага” галынхан үе удам дамжин хурдан хүлгээ сойсоор байна. Тус галд Аймгийн алдарт уяач Б.Лхагвасүрэн, түүний хөвгүүд сумын алдарт уяач Л.Даваадорж, алдарт уяач Л.Цолмон нар болон Сумын алдарт уяач С.Цогт, Сумын алдарт уяач Б.Бат-Эрдэнэ, залуу уяач Б.Батаа, А.Төмөрсүх,  Ц.Жаргал, Б.Бямбадорж нарын хүлэг үүрсэн байна.

Сурвалжлагын үеэр  бид дараах эрхмүүдийн сэтгэгдлийг сонссон юм.

Сумын алдарт уяач С.Цогт: Манай галынхан сумын наадмын гурван түрүүг нэг өдөр хүртэж байлаа

-Манайхан энэ дэнжид 10 гаруй жил морьдоо уяж байна. Олон түрүү, айраг хүртээсэн авшиг шингэсэн сайхан нутаг байгаа юм. Энэ сэрүүн дэнж дээрээс манайхнаас гадна олон сайхан хурдан буян төрсөн дөө. Манай галаас л гэхэд сумын наадмын гурван түрүүг нэг өдөр хүртэж байлаа. Өнгөрсөн жил хоёр түрүү, хэд хэдэн айраг амссан. Манай хүүхдүүд Эрдэнэ сумаасаа гадна ойролцоох Баяндэлгэр, Мөнгөнморьт, Баянжаргалан, Сэргэлэн, Налайх, Багануур дүүргийн наадамд морьдоо уралдуулж, сойсон наадам бүрээсээ түрүү, айраг хүртдэг. Манай адууны дээд угшил гэвэл аугаа нэрт уяач С.Гэсэрваанийн манлай гурван хүрэн азарганаас үүсэлтэй. Мөн Хэнтий, Сүхбаатар аймгийн болон унаган адуугаараа наадаж байна даа. Манай хүргэн Л.Цолмон төрсөн ах Л.Даваадоржтойгоо хамт айлсаж, энд морьдоо уяж байна. Мөн миний ач хүү Бямбадорж саяханаас өөрөө гардаж морио уядаг болсон. Энэ жил даага нь их хурдан байгаа. Өнгөрсөн өвөл их сайхан болж өнгөрсөн. Энэ жил ногоо ч эрт ургалаа. Зуншлага сайхан болох шинжтэй шүү. Манай нутгийн буурал уяачид гэвэл С.Гэсэрваань, хадам аав маань их хурдтай хүн байсан. “Сахал” Болд гэхээр хүмүүс андахгүй дээ. 1988 оны улсын баяр наадамд хоёр үрээгээ айрагдуулж байсан түүхтэй. Тэгэхэд би хамт явж байлаа. Манай худ, аймгийн алдарт уяач Б.Лхагвасүрэн гэж хүн бий. Мөн манай нутгийн Мягмар нарын зэрэг олон цуут хүлэгтэй уяач байна. Зарим нь өдгөө үр хүүхдүүддээ уяаныхаа эрдмийг зааж зөвлөөд сууна. Уяа морьдынх нь төл, уяач удамтай хүүхдүүдийнх нь уяан дээр багшраад мөн ч сайхан байна даа. Монгол наадам, эргэх цаг гэдэг иймсэн дээ. Манай гал энэ жил нийтдээ 30 гаруй морьд уяж байна. Заримыг нь одоогоор бариагүй байна. Маргаашнаас барина даа. Бид морьддоо жаахан овьёс, дусал л хийж байгааг эс тооцвол жинхэнэ уламжлалаа хадгалж, хурдлуулж байгаа юм. Нэг зүйл хэмж хэлэхэд, өвөл морь уралдахгүй байх нь моринд их халгаатай байна. Манайхан эртнээс л өвлийн улиралд морин тоглоомоороо нааддаг байсан. Ядаж цагаан сарын шинийн гурванд бэлгэ дэмбэрэлээ бодож их насны морь уралдуулдаг байсан. Хүүхэд даарч хөрнө гэсэн юм ч байдаггүй. Харин ч халууцаад ирж байдаг шүү дээ.

Сумын алдарт уяач Б.Бат-Эрдэнэ: Хүү маань энэ зуны наадмынхаа өмийг саяхан сайхан нээж их морио түрүүлүүлж, даагаа айрагдуулсан

-Би бусдын адил хурдны морь унаж эхлээд буурлуудаасаа суралцаж, өөрөө бие дааж уядаг болсон. Хүү бид хоёр энэ жил зургаан насны морь уяж байгаа. Хүү маань энэ зуны наадмынхаа өмийг саяхан сайхан нээж, Аржанчивланд болсон овооны тахилга наадамд их морио түрүүлүүлж, даагаа айрагдуулсан. Манай морьд нэлээн хатуу уяагаар уяагддаг онцлогтой. Өнгөрсөн жил бор халзан үрээ маань сумынхаа наадамд түрүүлсэн. Энэ жил дахиад магнайдаа тоосгүй ирэх болов уу гэж найдаж байна. Ер нь өнгөрсөн жил бусад наадамтай нийлүүлж тоолвол хоёр түрүү, дөрвөн айрагтай өнжсөн. Бид олон жил гал болж байна. Санаа нийлсэн нөхөдтэйгээ морио уяхад ганзага нийлээд морь ч сайхан хурдан байдаг юм шүү дээ.

Сумын алдарт уяач Л.Даваадорж: Өвгөдийнхөө өвлүүлсэн буянг сайхан авч явж, сойж, бусдын адил явна даа

-Энэ жил би 10 гаруй морь уяж байна. Сүүлийн хэдэн жил айраг амсаагүй наадам гэж байгаагүй. Анх нэг даага уяад сумандаа уралдуулахад зургаад давхисан. Тэр цагаас хойш морь уявал болохоор юм байна гэж шамдсаар өнөөдрийг хүрлээ. Манайх аав, ээжээсээ наймуулаа. Таван хүү, гурван охинтой. Одоогоор хамгийн бага эрэгтэй дүү гадаадад байгааг эс тооцвол бүстэй бид бүгдээрээ морь уяж байна. Өвгөдийнхөө өвлүүлсэн буяныг сайхан авч явж, сойж, бусдын адил явна даа. Онцолж ярихад энэ хул морь маань өнөө жил 15 настай болж байгаа.

Бага насанд нь уялгүй өнжөөж байгаад соёолонд нь уяхад сайхан хурдалсан. Сумынхаа наадамд дөрөв, аймгийн наадамд нэг айрагдсан. Харин энэ хээр морь хязааландаа сумынхаа түүхт 90 жилийн их наадамд нэг айрагдсан. Ер нь ойролцоох наадамд 30 гаруй айрагдсан буян байгаа юм миний хул морь. Залуудаа анх морь уяж эхлэх үед даага л сайн уяад байна гэж бодож байсан бол одоо их нас маань ч сайхан хурдалж байна. Тэгэхээр аль, аль нь болоод байх шиг байна. 

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Харзтайн унага” галынхан хаан төрийн наадмаа хүлээж байна  
Үзсэн: 757 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-06-11 21:16
Ай сайхан ахуй минь.

Бидэнтэй нэгдээрэй