Шууд Chart

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсөддөө ажлын байр бий болгожээ

2019-06-12 14:07:11

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хоёрдугаар багийн иргэн Т.Депу, 13 дугаар багийн иргэн Х.Оралбек нар хамтран казахын ард түмний үндэсний хөгжмийн зэмсэг домбор хийх цех байгуулжээ.

Тэдний хувьд хөдөлмөрийн чадвараа 70-90 хувь алдсан болохоор өнөөдрийг хүртэл орон нутгаас ажлын байр олж чадаагүй байна. Иймээс өөрсдөө хувиараа хөдөлмөр эрхлэхээр шийдэж, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбооны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжлийн төвөөс орон байр авч, хагас сарын өмнөөс энэхүү ажлаа эхлүүлжээ.

Одоогоор тэд нэг сард 20 домбор хийх боломжтой аж. Хийсэн нэг домбороо хэмжээ, хийцээсээ хамааран 20-50 мянган төгрөгөөр борлуулдаг байна. Цаашид цехийн үйл ажиллагааг өргөжүүлж, нэмж хэд хэдэн хүнийг ажлын байртай болгох, бүтээгдэхүүнийхээ төрлийг нэмэхийг зорьж байгаа юм.

Үүний тулд эхний ээлжид 10 орчим сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа гэнэ. Одоогоос хоёр жилийн өмнө орон нутгаас "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжих хөтөлбөр"-ийн хүрээнд 600 мянган төгрөгийн санхүүжилт авсан ч тэр нь хангалттай хэмжээний дэмжлэг болж чадаагүй байна. Мөн журмаараа бол тухайн хөтөлбөрт хоёр дахь удаагаа хамрагдах боломжгүй байдаг аж. Тийм учраас банкнаас хөнгөлөлттэй зээл авах асуудлыг хөөцөлдсөн ч барьцаалах хөрөнгийн асуудал чөдөр тушаа болж байгааг тэд хэлж байв гэж "Монголын мэдээ" сувгийн Баян-Өлгий аймаг дахь сурвалжлагч Ө.Нуролат мэдээллээ.










Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсөддөө ажлын байр бий болгожээ  
Үзсэн: 86 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй