Шууд Chart

Монголбанкны 2018 оны үйл ажиллагааны тайланг сонсов

2019-06-13 07:57:48

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаан 12 цаг 10 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Монголбанкны 2018 оны үйл ажиллагааны тайланг сонсов. Монголбанк тайлант хугацаанд улс орны эдийн засгийг сэргээх, улсын өрийн дефолтоос зайлсхийх, эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах, дархлааг сэргээх, банк санхүүгийн салбарыг эрүүл болгох, Монголбанкийг орчин үеийн төв банкны жишигт хүргэн чадавхжуулахад чиглэсэн бодлого, арга хэмжээг авч хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрсэн гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан тайлангийн танилцуулгын эхэнд тэмдэглэв. 

Санхүүгийн салбарын хууль, эрх зүйн шинэчлэлийг эхлүүлж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиг үүргээ хэрэгжүүлсэн талаар тэрбээр үргэлжлүүлэн танилцуулсан. Сүүлийн 2 жил гаруй хугацаанд банк, санхүүгийн салбарын эрх зүйн шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлсэн байна. Тодруулбал, Төв банкны тухай, Банкны тухай, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай, Банкны салбарын тогтвортой байдлын тухай, Үндэсний төлбөрнйн системийн тухай, Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг боловсронгуй болгох үүднээс нэмэлт өөрчлөлтийн төслийг эрх бүхий байгууллагатай хамтран боловсруулж, УИХ-аар батлуулсан гэв. Үүний үр дүнд банкны хяналт шалгалтын үйл ажиллагааг олон улсын стандарт болон шилдэг туршлагад нийцүүлэх, банкны салбарын эрсдэл даах чадварыг дээшлүүлэх ач холбогдолтой аж. Цаашид Активын удирдлагын компанийн тухай, Валютын зохицуулалтын тухай, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулиын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа бол Эрдэнэсийн сангийн тухай, Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Векселийн тухай, Банкны эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг шинэчлэн найруулах, өөрчлөлт, нэмэлт оруулахаар санал авах шатандаа ажиллаж байгаа гэлээ. Монголбанк ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдаж үүрэг амлалтаа амжилттай хэрэгжүүлэн эдийн засгийн сэргэлтэд бодит хувь нэмэр оруулж байгаагаа дурдав. Монголбанк Засгийн газартай хамтран “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг боловсруулж УИХ-аар батлуулан, инфляцийг тогтворжуулах, банкны салбарын тогтвортой байдлыг хангах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна. Үүний зэрэгцээ ОУВС-тай урьдчилан зөвшилцөлд хүрч, хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг Сангийн сайд болон Монголбанкны ерөнхийлөгчийн гарын үсэгтэйгээр 2016 оны 10 дугаар сард хүргүүлсэн юм.

Хэлцэл хийхэд амаргүй нөхцөл байсныг тэрбээр танилцуулгадаа онцолсон. Тухайн үед Хөгжлийн банкны 580 сая ам.долларын эргэн төлөлт 2017 оны III сард, Хятадын Ардын банк болон Монголбанкны хооронд байгуулсан төгрөг, юанийн своп хэлцлээр Монголын талын авч ашигласан юанийн эргэн төлөлт 2017 оны VIII сараас эхлэх, Чингис бондын 500 сая ам.долларын эргэн төлөлт 2018 оны I сард, Димсан бондын 1 тэрбум юань (160 орчим сая ам.доллар)-ий эргэн төлөлт 2018 оны VI дугаар сард хийгдэхээр хүлээгдэж байсныг Н.Баяртсайхан ерөнхийлөгч дурдав. Эдгээр өр төлбөр нь тухай үеийн гадаад валютын албан нөөцөөс 4 дахин давсан хэмжээтэй байсан бөгөөд энэ нь дотоодын валютын зах зээл дээр ноцтой хүндрэл бий болгохоор байсан аж. ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсаны үр дүнд хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, Хөгжлийн банк, Засгийн газрын бондуудыг амжилттай дахин санхүүжүүлж, 2017 оны VIII сарын 21-нд хугацаа дуусахаар хүлээгдэж байсан Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн хугацааг 3 жилээр сунгахаар болж богино хугацааны өрийн дарамт буурсан гэлээ. Монголбанкны зүгээс тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бүх талаараа дэмжин ажиллаж байгаа аж. Хөтөлбөрийн хүрээнд тохирсон Төв банкны дотоод цэвэр активын дээд хязгаар, гадаад цэвэр активын доод хязгаарын тоон зорилтууд болон урьдчилан авах арга хэмжээнүүдийг цаг хугацаанд нь хэрэгжүүлэн хөтөлбөрийн үнэлгээг амжилттай хийлгэж байгаа гэв. 2017, 2018 онд эдийн засагт тулгарч байсан олон сорилтыг амжилттай даван туулж, эдийн засаг сэргэсэн, банк санхүүгийн салбарт реформ хийсэн байна.

Тухайлбал, 2018 онд мөнгө, зээлийн зохистой өсөлтийг хангаснаар инфляци зорилтот түвшнээс бага буюу 7.3 хувьтай, харин эдийн засаг 6.9 хувиар өсч, сэргэлт эрчимжиж байгаа тоон үзүүлэлтийг танилцуулсан. 2019 оны эхний улиралд эдийн засагт 8.6 хувийн өсөлт гарсан байна. Энэ бол дэлхийд өндөр хэмээн тооцогдох үзүүлэлт аж. Эдийн засагт гарсан нааштай, эерэг нөхцөл байдалд тулгуурлан зээлийн хүүг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд банкуудын тухайн сард олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү 2018 оны эцэст 16.9 хувь болж, сүүлийн 6 жилийн хамгийн бага түвшинд хүрчээ. Зээлийн хүүний бууралтын нөлөөгөөр банкуудын бизнесийн зориулалттай, төгрөгөөр олгосон зээл өнгөрсөн онуудтай харьцуулахад өндөр хувиар өссөн байна. Энэ нь бизнес эрхлэгчдийн дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, ажлын байр, үйлдвэрлэл өсөхөд чухал түлхэц болжээ.

Монголбанк бодит эдийн засгийг мөнгөний бодлогоор дэмжих зорилгоор мөнгөний бодлогын хүүг 2017, 2018 онуудад шат дараатай бууруулснаар банкны салбараас бодит эдийн засаг руу нийлүүлэгдэх санхүүжилт нэмэгдэж эдийн засгийн хөгжилд чухал дэмжлэг болсон байна. Хэрэглээ, хөрөнгө оруулалт, экспорт болон импортын өсөлт эрчимжиж, эдийн засгийн идэвхжил нэмэгдсэнээр 2018 оны турш сар бүрийн инфляцийн 3-4 нэгж хувийг эрэлтийн шинж чанартай инфляци бүрдүүлсэн гэлээ. 2018 онд иргэд, аж ахуйн нэгжүүдийн орлого нэмэгдэн татварын орлого 30 хувь сайжирсан, ажилгүйдэл 2018 оны IV улиралд сүүлийн 13 улирлын доод түвшин буюу 6.6 хувь болж буурсан, санхүүгийн зуучлал нэмэгдэн банкны зээлийн өсөлт 2018 онд 20 хувь давсан, бизнесийн зээлийн өсөлт 17 хувьд хүрсэн зэрэг нь бодит эдийн засаг дээр ч, санхүүгийн зах зээлийн хувьд ч дэвшил болжээ. 

Монголбанкны өөрийн хөрөнгө (хуримтлагдсан алдагдал) -3 их наяд төгрөг байсныг сүүлийн 2 жилд 1.2 их наяд төгрөгөөр бууруулж, цаашид эерэг болгох зорилт тавин ажиллаж буйгаа тайланд дурдав. 2012-2016 онд Монголбанк төсвийн шинж чанартай үйл ажиллагаа эрхэлж, гадаад валютын өрийг нэмэгдүүлсэн нь 3 их наяд төгрөгийн алдагдал хуримтлагдах шалтгаан болсон аж. Сүүлийн 2 жил гаруйн хугацаанд Монголбанк гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд санхүүгийн хэрэгслүүдийг шаардлагатай тухай бүр зах зээлийн нөхцөлөөр гэрээ байгуулан ашиглаж байгаа гэлээ. Гадаад өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй байх, алдагдалтай санхүүгийн хэлцэл хийхгүй, санхүүгийн сахилга батыг хангаж ажилласны үр дүнд 2017, 2018 онд ашигтай ажиллаж, өөрийн хөрөнгө -3 их наяд төгрөг байсныг 1.2 их наяд төгрөгөөр бууруулж, -1.8 их наяд төгрөг болгоод байгаа аж. Одоо баримталж буй зарчим, үйл ажиллагаагаа цаашид хадгалан ажиллавал Монголбанк 2019, 2020 онд үргэлжлүүлэн ашигтай ажиллах бөгөөд өөрийн хөрөнгөө эерэг болгох зорилт тавин ажиллаж байгаа аж.


Монголбанкны 2018 оны үйл ажиллагааны тайланг сонсов  
Үзсэн: 99 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй