Шууд Chart

Хасан Роуханы: АНУ-тай харилцах харилцаа хүндэрвэл шийдэмгий арга хэмжээ авна

2019-06-13 09:39:09

Ираны Ерөнхийлөгч Хасан Роуханы АНУ-тай харилцах харилцаа нь хүндэрвэл шийдэмгий арга хэмжээ авна гэдгээ мэдэгдлээ. Японы Ерөнхий сайд Абэ Шинзо удаан яригдсан айлчлалаа лхагва гарагт эхлүүлж, Ираны Ерөнхийлөгчтэй уулзсан байна. Саадабад ордонд болсон уулзалтын дараа Хасан Роуханы Абэ Шинзо өөрт нь хандан АНУ, Ираны хоорондын зөрчил маргааныг багасгахад Япон улс чадах бүхнээ хийнэ гэж санал тавьсан байна. Гэхдээ Абэ Шинзо  Иран улс бүс нутагт энх тайван, амгаланг авчрахад Тегеран ч мөн үүрэг гүйцэтгэх хэрэгтэй гэж хэлсэн байна.

Энэ үеэр Ираны Ерөнхийлөгч “Бид АНУ-тай дайн байлдаан хийхийг хүсэхгүй. Гэсэн ч хэрэв нөхцөл байдал дайны шинжтэй болоод ирэх юм бол Иран шийдэмгий арга хэмжээ авах болно” гэж анхааруулжээ. “Бүс нутгийн хэмжээнд хурцадмал байдал газар авсныг бид мэдэж байгаа. Үүнд Америкийн талаас явуулж байгаа эдийн засгийн дайн буруутай. Тиймээс энэ дайн дуусахад нөхцөл байдал тогтворжино гэж боддог” гэж Хасан Роуханы учирлажээ.

Тэрээр Абэ Шинзог улс оронд нь айлчилж байгааг таатай хүлээн авч, талархал илэрхийлээд Японы тал цаашид ч олон улсын цөмийн гэрээг хэрэгжүүлэхийн тулд дэмжлэгээ үргэлжлүүлнэ гэж найдаж байгаагаа хэлсэн байна.

Японы Засгийн газрын тэргүүн айлчлалынхаа хоёр дахь өдөр буюу пүрэв гарагт Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменейтэй уулзахаар төлөвлөсөн байна. Ингэснээр улс орныхоо гол шийдвэрийг гаргадаг Ираны дээд удирдагчтай Японы Ерөнхий сайд анх удаа уулзах болно.

Мөн Абэ Шинзо 1978 онд Японы 42 дахь Ерөнхий сайд Такео Фукудагаас хойш Иранд айлчилж байгаа анхны Ерөнхий сайд болж байна. Ойрхи Дорнодын нөхцөл байдал Японы хувьд маш чухал асуудал. Абэ Шинзогийн айлчлал зөвхөн зуучлах явдал биш гэж Токио дахь албаны хүмүүс хэлж байгааг Японы хэвлэлүүд бичиж байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Хасан Роуханы: АНУ-тай харилцах харилцаа хүндэрвэл шийдэмгий арга хэмжээ авна   
Үзсэн: 118 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй