Шууд Chart

Нийтийн тээврээр зорчигчдын статистик мэдээллийг гаргадаг болно

2019-06-13 10:03:31

Нийслэлийн иргэд нийтийн тээврээр зорчихдоо смарт карт ашиглаад багагүй хугацааг өнгөрөөж байна. Ингэснээр нийтийн тээврээр зорчигчдын хэчнээн нь ахмад настан, оюутан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд болох мөн хаанаас хаашаа, аль чиглэлд илүү зорчдог зэрэг мэдээллийн бааз бий болдог. Тухайлбал, Улаанбаатар хотод өдөр бүр 700-900 мянган иргэн смарт карт ашиглан нийтийн тээврээр зорчдог аж. Эдгээр болон бусад Big data ашиглаж шинэ мэдээ гаргах, тэдгээрийг албажуулж статистик мэдээллийн төрлийг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байна.

Үүний хүрээнд Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхболор, Үйл ажиллагааны хэлтсийн дарга Ц.Түвшинжаргал нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар тус байгууллагаас гарах боломжтой тээврийн салбарын тоон мэдээллийг албан ёсны статистик мэдээлэл болгож, хамтран ажиллах талаар санал бодлоо солилцлоо. Эхний байдлаар тээврийн салбарын статистикт сар бүр нийтийн тээврээр зорчигчдын тоон мэдээллийг гаргахаар болов.

“Улаанбаатар смарт карт” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхболор “Манай байгууллагад хаанаас аль хүртэл иргэд хамгийн их зорчдог, аль чиглэл илүү их хүнтэй, ачаалалтай байдаг, зорчигчдын хэчнээн нь ахмад настан, хүүхэд, оюутан зэрэг тоон мэдээллүүд бий. Эдгээрийг нийтийн тээврийн бодлогод ашиглан аль чиглэлд автобус нэмэх, хасах, ачааллыг зохицуулах зэргээр ашиглах бүрэн боломжтой” гэв.

Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа хамтран ажиллах болсондоо талархал илэрхийлж, хоёр тал гарах боломжтой тоон мэдээллийн албан ёсны аргачлалыг боловсруулан Даргын зөвлөлийн хурлаар батлуулж, цаашид тогтмол мэдээлэх боломжтойг илэрхийллээ.


Нийтийн тээврээр зорчигчдын статистик мэдээллийг гаргадаг болно  
Үзсэн: 83 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй