Шууд Chart

Нур-Султанд зодоглох АНУ-ын найман тамирчны нэр тодров

2019-06-13 10:17:54

Чөлөөт бөхийн эх орон АНУ есдүгээр сард Казахстаны Нур-Султан хотод болох ДАШТ-д оролцох бүрэлдэхүүнээ сонгон шалгаруулж байна. Сонгон шалгаруулалах эхний тэмцээн өчигдөр Нью-Жерси мужийн Ратгерс хотод эрэгтэйчүүдийн гурав, эмэгтэйчүүдийн таван жинд боллоо.

Эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд өнгөрсөн жилийн дэлхийн аварга Давид Тэйлор бэртлийн улмаас халз барилдаанд оролцох боломжгүй болсноор 2012 оны залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Патрик Дауни хэмээх даруйхан амжилттай залуу ирэх намар дэлхийн шилдгүүдтэй анх удаа өрсөлдөх эрхтэй болоод байсан юм. Харин 79 кг-д өрсөлдөх Будапештийн дэлхийн аварга Кайл Дейк, түүний өрсөлдөгч Алекс Дерингер нарын халз барилдаан тодорхой шалтгаанаар хойшлогджээ.

Эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Зейн Ретерфорд, 92 кг-д Жейден Кокс, 125 кг-д Ник Гвяздовски, эмэгтэйчүүдийн 50 кг-д Уитни Кондер, 57 кг-д Женна Баркетт, 65 кг-д Форрест Молинари, 68 кг-д “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт Тамыра Менса, 72 кг-д Виктория Франсис нар Нур-Султанд зодоглох эрхээ авав. Халз барилдаанд түрүүлж хоёр ялсан нь ДАШТ-д оролцох байсан бөгөөд Ретерфорд Янни Диакомихалисийг 10:4, 6:6-аар, “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, өнгөрсөн жилийн дэлхийн аварга Кокс Бо Никалыг 4:2, 5:0, ДАШТ-ий хошой хүрэл медальт Гвяздовски өсвөр үеийн дэлхийн гурван удаагийн аварга 19 настай Гейбл Стивесоныг 4:4, 3:3-аар тус тус ялжээ.

Сонгон шалгаруулах сүүлийн халз тэмцээн зургадугаар сарын 15-нд Небраска мужийн Линкольн хотод эрэгтэйчүүдийн 57, 61, 70, 74, 97, эмэгтэйчүүдийн 53, 55, 59, 62, 76 кг-ын жинд болно.

 















Нийтэлсэн: У.Баярсайхан

Нур-Султанд зодоглох АНУ-ын найман тамирчны нэр тодров  
Үзсэн: 280 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй