Шууд Chart

Хууль, тогтоолын төслүүдийг баталж, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ

2019-06-13 15:04:52

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.06.13) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг  26 минутад гишүүдийн 54.7 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулсан. Уг танилцуулгад, Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр баталсан Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр бүхэлд нь хориг тавьсан бөгөөд Улсын Их Хурал 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хоригийг хүлээж авсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.9-д заасны дагуу Хууль зүйн байнгын хороо Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд тусгагдсан батлан хамгаалах, аюулгүй байдал, төрийн өмчийн хувьчлал, ашигт малтмал, байгалийн нөөцийн удирдлага зэрэг асуудлын талаарх Засгийн газар, түүний харьяа байгууллагын шийдвэр, үйл ажиллагааг шүүх хянахгүй байх, эрх ашиг нь зөрчигдөж байгаа иргэд шүүхээр эрхээ хамгаалуулж чадахгүйд хүрэх зэрэг ноцтой үр дагаврууд бий болох эрсдэлтэй, эргэлзээтэй зүйлүүд олон байна гэсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригтой нийцүүлж, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд заасан онцгой бүрэн эрхийн хүрээнд Улсын Их Хурлаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор, Улсын Их Хурлын тухайн шийдвэрээс салгаж болохгүй Засгийн газрын шийдвэр Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарахгүй байх асуудлыг тусгасан хуулийн төслийг боловсруулсан гэдгийг дурдсан.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, М.Оюунчимэг, З.Нарантуяа нар асуулт асууж, санал хэлсний дараа “Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлая” гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 63.5 хувь нь дэмжлээ. 

 Хуулийн төсөлд 2019оны 05 дугаар сарын 09-ний өдөр баталсан Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 3.1.7 дахь заалт, тайлбарын хамт тусгажээ. Тухайлбал, “3.1.7.Монгол Улсын Их Хурлын улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас гаргасан шийдвэр” гэж өөрчлөн найруулаад, үүнийгээ “Улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор” гэдэгт Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд заасан онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлаас гаргасан төрийн гадаад, дотоод бодлогыг тодорхойлсон шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор, Улсын Их Хурлын тухайн шийдвэрээс салгаж болохгүй Засгийн газрын шийдвэрийг ойлгоно.” гэсэн тайлбарын хамт тусгасан байв.


Хууль, тогтоолын төслүүдийг баталж, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ  
Үзсэн: 215 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй