Шууд Chart

Д.Онон: Адууны арьс нимгэн байх тусмаа хурдан байдаг

2019-06-14 08:59:45

Монгол Улсын гавьяат малчин, тод манлай уяач Д.Ононтой хурдны морь шинжих талаар ярилцлаа.

Хурдан морьны өнгө зүс нэг их гялтайгаад байх сайн уу, муу юу?

-Сайн биш ээ. Морины уяа мултрах, дутах хоёрт морины зүс гялтайдаг. Гялгар өнгийг дарж уралд гэдэг. Уяа морины ажил дутаад байвал сөрж таргална, агсарна.

-Түрүүлэх морины тагнайд мэнгэ ургадаг гэдэг үнэн үү?

-Үнэн. 1994 онд улсад түрүүлсэн Батчулууны хээр морины тагнайг уралдах өглөө нь сөхөж үзэхэд тагнайд нь хурууны өндөг дарам хар мэнгэ урган, үүдэн шүдэндээ бараг тулсан байж билээ.

-Хурдан морины арьс ямар онцлогтой байдаг вэ?

-Хурдан тусмаа арьс нь нимгэн байдаг. Хичнээн элбэг дээлтэй юм шиг арьстай нь илүү сайн давхидаг. Зузаан арьстай, хүйтэн өндөрлөг газрын морьд бяр ихтэй л байдаг юм. Нимгэндүү өргөн арьстай моринд дор хаяж бариа байдаггүй. Барьчихаад явсангүй гэж ярьдаг даа. Арьс султай нь зүгээр.

-Хэнтий, Сүхбаатар аймаг чигийн адуу хурдан байдгийн нууц юу вэ?

-Байгаль орон, хүний оюун ухаан, хөдөлмөртэй холбоотой. Хужир устай, цагаан таруу газар ч амьтны хөлийн хурдыг шалгана шүү дээ. Тавиу газар явж байгаа юм чинь. Тэрэнтэй холбоотой. Арай дулаандуу, тавиу газрын малын арьс хөрс нь адаглаад нимгэн байна биз дээ. Нөгөөтэйгүүр хамгийн гол юм нь гэвэл Хар дэл жанжин бээс М.Пүрэвжав ноёны бий болгосон хурдны чиглэлийн удам угшлын нутаг орон тэнд байна. Оюун ухаан, хүч хөдөлмөр зарж хурдныг бий болгодог болохоос энэ л хурдан юм гэнэ лээ гэж дуулдсан газраасаа нэг үрээ авчирчаад л тэр нь учир зүггүй түрүүлж, түмэн эх болоод ч байдаг юм бас биш шүү дээ. Монгол адуу бол уналга эдэлгээний зориулалттай, бяртай чийрэг болохоос хурданы чиглэлийн юм биш шүү дээ. Шинжлэх ухаанчаар, бодлогоор хандаж, удам угшил бий болгосон болохоор Хэнтий, Сүхбаатар чигийн морьд ноёлж байгаа нь тэр.

-Адууныхаа цусыг холдуулна гээд хаа хамаагүй газраас азарга, гүү авчирч байгаа байдаг. Тэр ер нь хэр зөв зүйл вэ?

-Хаа хамаагүй газрын л юмнуудтай хольж сүлээд байх нь утга учир муутай. Өөрийнх нь эвсэл дотор аятайхан байлгах л хэрэгтэй юм. Удам цус нь холдоно гэдэг чинь өөрийнхөө тэр үндсэн генээсээ улам л холдоод анхных нь эзэн хараад ч танихын аргагүй юм болгочихож болохгүй шүү дээ.

“Хас тав, Хос тав” гэж ярьцгааж байх нь дуулддаг. Энэ юу гэсэн үг вэ?

-Хурдан морины сударт таван охин даагыг нэг эр дааганд өгнө. Гарсан эр төл нь “Хас 5”  азарга болно. Охин төл нь “Хос-5” гүү болно гэж бичсэн байдаг юм. Одоо бараг ойлгохгүй. Юу гэсэн үг юм гэвэл өмнөх таван үеийг нь мэдсэн байх шаардлагатай. Тав гэдэг нь ердөө л энэ. Дээр үеийн улсууд “Хас 5”, “Хос 5 “ гэж судар хөтөлж, юмаа тэгж л мэддэг байсан байхгүй юу. Бүр тооны ухааны томъёо шиг болгоод. Мориныхоо хэдэн үеийн түүхийг мэддэг байсан хэрэг.

-Морийг арслан, гөрөөс, хандгай, туулай, мэлхий шинжтэй гэхчилэн гадна төрх байдлаар ангилдаг. Таны хээр морь ямар шинжид хамаарах адуу байсан бэ?

-Хандгай язгуурт хамаарна. Тархи толгой, дал мундаа…. гээд. Цоллуулаад зогч байхад амыг нь ангалзаж байхыг нь харсан ч уруул ам нь дарвайчихаад яг тулаад харахад нимгэн биш, мундаг. Духны яс, хамрын савхан яс эд нар чинь маягтай шүү дээ. Барагтай морь дэргэд нь ирээд зогсоход дарагддаг байсан юм шүү дээ.

Монгол улсын өнцөг булан бүрээс шигшигдэн ирсэн, олон хурдан буян цугласан “Их хурд-2” наадмыг би их тод санаж байна. Их насны морьд гарах гэж байхад “Манай уяан дээрээс дөрвөн морь баттай айрагдана” гэж байсныг чинь санаж байна. Үнэхээр сэтгэлд чинь баттай багтаж байсан болоод л тэгж ам гарсан байх даа?

-Өөрийнхөө уяаны морьдыг эрхэтгүй гадарлалгүй дээ. Морьд гарахын өмнө хүний уяан дээр очоод өөрийнхөө морьдтой дүйцүүлж харахад илүү бол илүү, дутуу бол дутуу нь дурайтал харагдана шүү дээ. Хүний морийг бол өөрийнхөөсөө илүү мэддэг юм шүү.

-“Их хурд” –аас буцах замд шөнө морьдоо буулгаад идээшлүүлж байхад та араас нь ирээд буцааж ачуулсан. Тэгээд нэлээн явж байгаад морьдоо дахин буулгаж идээшлүүлсэн санагдана ...

-Шороотой долооцтой газар манайхан морьдоо буулгачихсан байсан. Давхиад ирсэн адуунд хужир дутагдчихсан байдаг юм. Тэгээд шороо долоочихвол үхнэ шүү дээ. Хужрын өнгөтэй бор шороотой тэр газраас “нүүлгэж” эрүүл сайхан өвс ногоотой газар хооллож хоносон л байхгүй юу.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Онон: Адууны арьс нимгэн байх тусмаа хурдан байдаг   
Үзсэн: 1025 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй