Шууд Chart

"Ноён 10 хувь" авлигын хэргээр хоригдлоо

2019-06-14 09:25:31

Пакистаны экс ерөнхийлөгч Асиф Али Зардари их хэмжээний мөнгө угааж, улсаасаа гадагш гаргасан гэх авлигын ноцтой гэмт хэргийг үгүйсгэж, хилийн хоргио цуцлуулах гарах хүсэлт гаргасан ч холбогдох байгууллага нь хүлээж авахаас татгалзсанаар түүнийг цагдан хорихоор боллоо.

Даваа гараг (10/VI)-т цагдаа болон Зардариг дэмжигч Пакистаны ард түмний намын гишүүд Исламабад дахь түүний гэрийн гадаа багахан хэмжээний сөргөлдөөн үүсгэсэн бол удалгүй тус намын ахмад гишүүн нь Зардариг хорьсон тухай мэдэгджээ. Дашрамд дурдахад түүний эхнэр Беназир Бутто нь Пакистаны ерөнхий сайдын албыг хоёр ч удаа хашч байгаад 2007 оны 12 дугаар сарын 27-нд бусдын гарт амиа алдсан юм.

2008-2013 онд тус улсын ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан Зардари нь удаан хугацаанд авлигын хэрэгт нэр холбогдсон ба улс даяараа түүнийг  “Ноён 10 хувь” гэж нэрлэдэг байна. Энэ нь түүнийг авлигын тохиролцоо бүрээсээ 10 хувийг өөрт авдаг тухай Пакистан дахь Ал Жазирагийн сурвалжлагч Камал Хайдэр дурдсан бол Пакистаны хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүний эгч, Фаряал Талпурийг ч Үндэсний хариуцлагын товчооноос байцаан шалгаж байгааг тэмдэглэжээ.

Мөн Зардаригийн мөнгө угаасан байж болзошгүй хэрэгтэй холбогдох хамгийн сүүлийн үеийн мэдээлэлд сая сая ам.долларыг сэжиг бүхий банкны болон компаниудын дансаар дамжуулан гаргасан байна.

Пакистаны эрх бүхий байгууллага өнгөрсөн онд олон тооны ядуу иргэдийн дансанд их хэмжээний мөнгө гэнэт шилжин орж, удалгүй бүх мөнгийг хоослон авсныг тогтоосон бол Дээд шүүхээс нь уг хэрэг явдалтай холбогдуулан мөрдөн шалгах түр хороог байгуулан ажилласны үр дүнд мөн оны 9 дүгээр сард 400 сая гаруй ам.доллар олон мянган бодит эзэнгүй, хуурамч дансаар дамжин гарсныг тогтоожээ.


"Ноён 10 хувь" авлигын хэргээр хоригдлоо  
Үзсэн: 121 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй