Шууд Chart

Эрт дээр үед ээмгийг зөвхөн эрчүүд зүүдэг байжээ

2019-06-14 14:55:48

Эрт дээр үед ээмгийг зөвхөн эрчүүд зүүдэг байжээ. Эртний Египетүүдийн хувьд ээмгийг хааны удмын эрчүүд болон баян чинээлэг хүмүүс л зүүдэг байсан гэнэ.

Далайчид экваторыг гаталсны дараа ээмэг зүүдэг байжээ. Энэ нь тэдэнд үнэгүй нэг аяга согтууруулах ундаа уух боломжийг өгдөг байсан гэх. Далайн дээрэмчдийн цоорхой чих нь нэг хөлөг онгоцыг дээрэмдсэн гэсэн утгыг илэрхийлдэг байжээ. Харин цэргүүд ээмгийг хамгаалалт болгож, мөн ар гэрээ дурсаж байх зорилготой зүүдэг байсан аж.

Харин эмэгтэйчүүд өөрсдийгөө янз бүрийн гай тотгороос хамгаалахын тулд эрчүүдээс арай хожуу ээмэг зүүж эхэлжээ. Бүсгүй хүний сүнс, сүлд нь хоёр чихэндээ байдаг гэнэ. Охин хүүхдийг 16 нас хүрэхээр чөтгөр хоргоодог гэх яриа бий. Буруу зүйлд уруу татах зорилготой чөтгөр ээмэг зүүгээгүй чихэнд шингэдэг хэмээдэг юм. Тиймээс эмэгтэй хүн ээмэг зүүж чөтгөрийг хөөдөг болсон ч хамаг гай зовлон, муу муухай нь ээмгэнд нь шингэж үлддэг гэж үздэг. Тиймээс охиндоо хуучин ээмэг зүүлгэхийг цээрлэдэг байна. Мөн чихээ цоолсон л бол чих хоосон явахыг бас цээрлэдэг.  

Эмэгтэй хүний зүүсэн ээмэг, тэр тусмаа үнэт металл энерги их хадгалдаг болохоор зүүж буй хүнийхээ бүх зовлон гайг ихээр шингээдэг. Хэрэв ээмгээ гээчихвэл зовлон ариллаа гээд араас нь харамсдаггүй бөгөөд дахиж хос болгож зүүлгүйгээр ээмгийг хайлуулж өөр хэлбэртэй болгох юм уу, бөгж, бугуйвч хийж зүүж болно.  

Харин орчин үед ээмэг нь гангараа болоод байна. Охид, бүсгүйчүүд ээмгийг өмсөж буй хувцасныхаа хэв маяг, нүдний өнгө, нүүрний хэлбэр гэх мэт олон зүйлдээ тохируулан сонгох болжээ. Ээмэг эзнийхээ тухай олон зүйлийг "хэлж" чаддаг учир зүүсэн ээмгээр нь бүсгүйчүүдийн зан араншинг ч тодорхойлох боломжтой гэнэ. 

Дөрвөлжин ээмэг: Өмнөө тавьсан тодорхой зорилготой, түүндээ хүрэхийн тулд юу ч хийж чаддаг, өөртөө итгэлтэй эмэгтэйчүүд ийм хэлбэрийн ээмгийг сонгодог. Тэд орчин тойрныхоо хүмүүсийн үнэнч шударга, эрс шулуун зан чанарыг илүү үнэлдэг. Өөрөө ч ийм байхыг хүсдэг байна.

Шовх өнцөгтэй ээмэг: Зоригтой шийдэмгий бүсгүйчүүд шовх өнцөгтэй ээмэг сонгодог. Хэрэв энэ нь улаан, улбар шар, маргадын өнгөтэй шигтгээтэй бол тэр бүсгүй хээнцэр, янз бүрийн юм сонирхдог, олон хүмүүсийн дунд байх дуртай, ганцаараа удаан хугацаагаар байж чаддаггүй нэгэн аж. Тэдний хувьд хамгийн аймшигтай зүйл нь уйтгар гуниг байдаг. Харин олон хүнтэй газар бужигналдаж явах нь түүний баяр баясгалан, аз жаргал болдог байна. 

Дугуй ээмэг: Ийм ээмэг зүүдэг бүсгүйчүүд зан авирын хувьд даруу төлөв, бодсон санасан бүхнээ тэр бүр ил гаргаад байдаггүй. Аливаа зүйлийн үнэнч шударгыг юунаас ч илүү эрхэмлэдэг. Тэд даруу төлөв ч шударга бусын хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүй.

Зууван буюу сүүжин хэлбэртэй ээмэг: Ийм хэлбэрийн ээмэг нь эелдэг зөөлний тэмдэг. Хар, хөх эсвэл бүдэг өнгийн шигтгээтэй байвал эзэн нь ямар ч хүнийг хэзээ ч ойлгож чаддаг нэгэн гэсэн үг. Ийм хэлбэртэй ээмэг зүүсэн бүсгүйчүүдтэй харьцахад хялбар бөгөөд холбоогоо таслахгүй байхад алдах зүйлгүй.

Цагариг ээмэг: Элдэв янзын хээнцэр зүйлд дурладаггүй, энгийн байхыг хүсдэг бүсгүйчүүд ийм ээмэг сонгож зүүдэг. Тэд өөртөө анхаарал тавихдаа муу ч гэр бүл, үр хүүхдүүдээ халамжилж чадна. Ааш зангийн хувьд илэн далангүй байхыг хүсдэг. Хэн нэгэнтэй хялбар ойлголцдог.

Шигтгэж зүүдэг бөөрөнхий ээмэг: Удирдан зохион байгуулах ажилд авьяастай, нэг итгэсэн хүнээсээ юугаа ч нуудаггүй, бодсон санаснаа бүгдийг нь ярьчихдаг, цагаан цайлган сэтгэлтэй бүсгүйчүүд ийм ээмэг зүүдэг. Тэднийг аль болох гомдоохгүй байх хэрэгтэй. Учир нь ийм зантай хүн нэг л удаа голдоо ортол гомдчихвол хэзээ ч мартаж чаддагүй гэнэ. Гэсэн хэдий ч тэд энэ байдлаа ил гаргахыг хүсдэггүй. Ийм ээмэг зүүдэг бүсгүйчүүдийн хамгийн гол чанар нь хэзээ, хаана, хэнтэй яаж харьцахаа сайн мэддэгт оршино.


Эрт дээр үед ээмгийг зөвхөн эрчүүд зүүдэг байжээ   
Үзсэн: 943 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй