Шууд Chart

ОХУ-ын Ерөнхийлөгч Венесуэлд занарын хийн төсөл хэрэгжүүлэхийг дэмжлээ

2019-06-14 16:23:15

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Венесуэлд занарын хийн төсөл хэрэгжүүлэхийг дэмжлээ. Тэрбээр газрын тос, хийн түлшний "Роснефть" компанийг Венесуэлд занарын хий боловсруулах хоёр төслийг дэмжиж, Венесуэлтэй байгуулж байсан стратегийн төслүүд хамтран хэрэгжүүлэх 2009 оны гэрээнд өөрчлөлт оруулах тухай протоколд гарын үсэг зурж баталгаажуулахыг үүрэг болгожээ.

Оросын Засгийн газраас Москва Каракасын хооронд байгуулсан гэрээнд "Роснефть"-ийн хийн төслийг нэмэх санал гаргаад байсан юм. Удахгүй албан ёсоор хэрэгжих гэж байгаа энэ баримтаар хоёр улс Венесуэлийн хоёр газар занарын хий боловсруулахад нь "Роснефть" компани болон түүний охин компани болох “Групо Роснефть Эс Эй” компанид таатай нөхцөл бүрдүүлэхээр болж байгаа юм байна.

Мөн Венесуэл Оросын нефть хийн компани, түүний нийлүүлэгч, гэрээ байгуулан хамтран ажиллаж буй бусад компаниас татвар авахгүй гэж тусгажээ. 2017 оны сүүлчээр Каракас 30 жилийн турш хоёр газрыг нь занарын хийгээр хангах боловсруулах зөвшөөрлийг "Роснефть"-ийн охин компанид олгосон байна.

Мөн Венесуэлийн эрх баригчид байгалийн хий олборлох, боловсруулах хамтарсан компани байгуулахаар төлөвлөжээ. 15 жилийн хугацаанд жил бүр 15 тэрбум куб метр байгалийн хий боловсруулна гэсэн зорилготой байгаа юм байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

ОХУ-ын Ерөнхийлөгч Венесуэлд занарын хийн төсөл хэрэгжүүлэхийг дэмжлээ  
Үзсэн: 164 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй