Шууд Chart

Бүртгэлтэй ажилгүй иргэд 23.5 мянга байна

2019-06-15 10:46:06

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2019 оны 5 дугаар сарын эцэст 35.3 мянга, үүнээс 23.5 (66.5хувь) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 11.8 (33.5хувь) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 512 (2.1хувь) хүнээр буурч, өмнөх сараас 1040 (4.6хувь) хүнээр нэмэгдсэн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 12.2 (52.0хувь) мянга нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 7.3 (31.2хувь) мянга нь Улаанбаатарт, 5.9 (25.0хувь) мянга нь Хангайн бүсэд, 4.1 (17.4хувь) мянга нь Баруун бүсэд, 3.8 (16.3хувь) мянга нь Төвийн бүсэд, 2.4 (10.1хувь) мянга нь Зүүн бүсэд ногдож байна.

Үндэсний статистикийн хорооны дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А-09/08 тоот хамтарсан тушаалаар батлагдсан "Хөдөлмөр эрхлэлтийн статистикийн үзүүлэлтийг тооцох шинэчилсэн аргачлал"-ыг 2019 оны 1 дүгээр сараас мөрдөж байна. Үүнтэй уялдуулан хөдөлмөрийн статистикийн үндсэн үзүүлэлтийн мэдээллийн гол эх үүсвэр болох Ажиллах хүчний судалгааг шинэ ойлголт тодорхойлолт, аргачлалын дагуу явуулж байна.

Ажиллах хүчний судалгааны 2019 оны 1 дүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 1.3 сая нь ажиллах хүч байна. Энэ нь ажиллах хүчний оролцооны түвшин 60.7 хувь байгааг илэрхийлж байна. Ажиллах хүчний оролцооны түвшинг хүйсээр авч үзвэл, эрэгтэйчүүд 68.4 хувь, эмэгтэйчүүд 53.7 хувь байна.

Хөдөлмөрийн нөөцөд ажиллагчдын эзлэх хувь буюу хөдөлмөр эрхлэлтийн түвшин 53.5 хувь байна. Ажиллах хүчний 1.1 (88.2хувь) сая нь ажиллагчид, тэдгээрийн 30.2 (2.6хувь) мянга нь цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгчид байна. Харин улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 839.0 (39.3хувь) мянга нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам, тэдгээрийн 72.6 (8.7хувь) мянга нь ажил хайх эсвэл ажил хийх нөхцөл нь бүрдвэл ажилгүй иргэдийн эгнээнд шилжэхэд бэлэн байгаа боломжит ажиллах хүчинд багтаж байна.


Бүртгэлтэй ажилгүй иргэд 23.5 мянга байна  
Үзсэн: 129 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй