Шууд Chart

Ш.Даваахүү: 1995 оны наадам миний санаанаас огт гардаггүй юм

2019-06-17 12:29:47

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул “Хангарьд” спорт хорооны дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат тамирчин, Даяар дуурсагдах мэргэн Шагжсүрэнгийн Даваахүүг “Наадам ойртлоо” хэмээх буландаа урьж, цөөн асуултанд тодруулга авлаа.

-Улсын баяр наадам дөхөхөөр танд хамгийн түрүүнд юу бодогддог вэ?

-Залуу байхад хурдан болоосой гэж л боддог байлаа. Харин одоо шавь нар, хүүхдүүдээ сайхан оролцоосой, Монгол наадмаа улам сайхан дэвжээгээсээ гэж хүсч байна.

-Таны сэтгэлээс гардаггүй наадам хэдэн онд тохиосон бэ?

-26 настайдаа улсын их баяр наадамд анх түрүүлснээсээ хойш олон түрүү, айраг хүртэж, ард түмнийхээ уухайн дууг сонссон доо. Тэдгээрээс 1995 оны наадмыг онцолдог юм. 

-Яагаад?

-Тэр жилийн наадамд би 40 сумаас 40 оносон. Монголын үндэсний сурын түүхэнд анх удаа үнэмлэхүй дээд амжилт тогтоосон. Тэр амжилтыг хэн нэгэн, би өөрөө ч давтаагүй байна. Энэ амжилтаараа маш их бахархдаг. 

-Тэгвэл түрүүгээ харамсалтайгаар алдсан үе бий юу?

-Спорт хатуудаа хатуу шүү дээ. 1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ой болсон. Миний амжилт тогтож, харваа жигдэрсэн үе. Эхний 36 сумандаа 35 онож, тасархай түрүүлж явав. Сүүлийн дөрвөн сумынхаа нэгт л оноход түрүүлэх, бүгдэд нь оновол баяр наадмын түүхэнд 39 оносон анхны тохиолдол болох байлаа. Би дөрвүүлээ онолоо гэж бодсон. Харамсалтай нь нэг нь ч байгаа оноогүй. Улсын мэргэн Д.Нямсүрэн араас нэхэн харваж адилхан 35 оноотой болж, товх харвасан. Унасан хасаа нэг метрийн жартааг өнгөрсөн нөхцөлд оносонд тооцдог юм. Гэтэл миний оносон хасаа хойшоо гараагүй. Ингэж Д.Нямсүрэн түрүүлж, Монгол Улсын хошой мэргэн цол хүртсэн.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ш.Даваахүү: 1995 оны наадам миний санаанаас огт гардаггүй юм  
Үзсэн: 589 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-06-17 13:45
Ingeed l duuschij bga muu

Бидэнтэй нэгдээрэй