Шууд Chart

Индонез улс хорт бодис агуулсан хог хаягдалтай 5 чингэлгийг АНУ руу буцаана

2019-06-17 14:57:03

Индонез улс хорт бодис агуулсан хог хаягдалтай таван чингэлгийг АНУ руу буцаах гэж байна. Энэ тухай Индонезийн Хүрээлэн буй орчин, ойн аж ахуйн яамны мэдээллээс эш татан “Жакарта пост” сонин даваа гарагт дамжууллаа.

Индонезийн Хүрээлэн буй орчин, ойн аж ахуйн яамнаас “Чингэлгүүдийг хөлөг онгоцонд аль хэдийнэ ачсан. Энэ ачаа Канадаас эхлэлтэй ч ойрын хугацаанд Америкийн боомтод хүрнэ. Уг нь цаас, мод, даавуу, гутал зэрэг экологид аюулгүй хог хаягдал нэртэйгээр нийт 65 чингэлэг ачаа ирсэн юм. Гэтэл шалгалтаар дор хаяж таван чингэлгээс нь хортой бодис илэрсэн” гэж  тэмдэглэжээ.

Малайзын засаг захиргаа ч мөн хортой хог хаягдлаар ийм арга хэмжээ авах гэж байна. Тус улс ойрын хугацаанд гурван мянган тонн хог хаягдалтай 60 чингэлгийг Австрали, Канад, АНУ зэрэг 14 улс руу буцаахаар төлөвлөжээ.

Саяхан Филиппин, Канад улсын хооронд хог хаягдалтай холбоотой ийм асуудлаас болж дипломат зөрчилдөөн үүссэн билээ. 2013 онд Канадын хувийн компаниуд дахин боловсруулах хог хаягдал нэртэйгээр Филиппинд дахин боловсруулах боломжгүй 69 чингэлэг хог илгээсэн юм.

Энэ хаягдлыг Филиппиний тал буцаах шаардлага тавьсныг Оттава тогтоосон хугацаандаа биелүүлээгүй. Тиймээс Манила Канад дахь Элчин сайдаа татаж, Ерөнхийлөгч Родриго Дутерте Канадтай дайтна гэж сүрдүүлсэн билээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Индонез улс хорт бодис агуулсан хог хаягдалтай 5 чингэлгийг АНУ руу буцаана   
Үзсэн: 96 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй