Шууд Chart

Суданы экс Ерөнхийлөгч Омар Аль Баширыг авлигын хэргээр буруутгаж байна

2019-06-17 15:57:29

Суданы экс Ерөнхийлөгч Омар Аль Башир авлигын хэргээр буруутгаж байна. Гэрийн хорионд орсон Ерөнхийлөгч асан тэрбээр ням гарагт анх удаа олны нүдэнд ил харагдаж, прокурор түүнд авлигын хэргээр ял тулгасан байна. Омар Аль Баширыг машинаар нийслэл Хартум хот дахь прокурорын газарт хүргэхийг олон хүн харжээ.

“Хууль бусаар гадаад валют эзэмшсэн, албан бус байдлаар бэлэг хүлээн авсан хэмээн буруутгасан” гэж Прокурорын газраас мэдээлжээ. Мөн тэрбээр буруутгаж байгаа хэргүүддээ хариу тайлбар хийх боломжтой гэж албаны хүн тайлбарласан байна. Мөн Суданы Ерөнхий прокурорын хэлснээр Омар Аль Баширын үед хүчин зүтгэж байсан албаны 41 хүнийг авлигын хэрэгт сэжиглэн байцааж буй юм байна.

Эсэргүүцэгчдийг хөнөөхөд оролцсон, нөлөөлсөн гэж буруутгаж, терроризмыг санхүүжүүлсэн, мөнгө угаасан гэх хэргээр сэжиглэн байцаахыг хүсч байгаагаа өнгөрөгч тавдугаар сард прокурорууд илэрхийлж байсан байна. Харин энэ удаа түүнд холбогдуулсан хэргийн шүүх хурал Суданы шилжилтийн үеийн цэргийн зөвлөл хэрхэн хандахаас шалтгаална гэж хэвлэлүүд бичиж байна.

16 долоо хоног үргэлжилсэн гудамжны жагсаал цуглааны дараа өнгөрөгч дөрөвдүгээр сарын 11-нд Суданы цэргийн мэдэлтнүүд Ерөнхийлөгч асан Омар Аль Баширыг хүчээр буулгаж гэрийн хорионд оруулсан. Тэр өдрөөс хойш шилжилтийн үеийн зөвлөл, эсэргүүцэгчид болоод сөрөг хүчний намуудын эвсэлтэй Засгийн газар байгуулах асуудлаар санал нэгдэж чадалгүй өдий хүрсэн.

Үүнээс хойш өнгөрөгч ням гарагт цэргийн зөвлөлийн орлогч дарга нь Ерөнхийлөгчийн ордонд дэмжигчдэдээ хандан Засгийн газрын гол албаны тушаалуудад эвслийнхний санал болгосон нэр дэвшигчдийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн гэдгээ хэлсэн байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Суданы экс Ерөнхийлөгч Омар Аль Баширыг авлигын хэргээр буруутгаж байна  
Үзсэн: 93 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй