Шууд Chart

М.Наранбаатар: Бидний үндэсний онцлог учир гар ачих, хавирах мэхийг тулааны найруулгадаа ашигладаг

2019-06-18 11:02:05

Тулааны найруулагч, “Action crew” орлон тоглогчдын багийн ахлагч, соёлын тэргүүний ажилтан М.Наранбаатартай ярилцлаа. Тэрбээр “Үргээлэг”, “Босуул”, “Миний ах атаман”, “Зүрхний хилэн” зэрэг 20 гаруй киноны тулааны найруулгыг хийсэн. Түүнчлэн “Action crew” баг 40 орчим уран сайхны кинонд орлон тоглогчоор ажилласан бөгөөд 2015 онд Унгар улсад зураг авсан Холливудын “Марко Поло” цувралын хоёрдугаар улиралд, 2017 онд Буриад улсад хийсэн Эх орны хоёрдугаар дайнд баатарлаг гавьяа байгуулсан Халимагын 110 дугаар морин дивизийн тухай "321-я Сибирская" түүхэн дэлгэцийн бүтээл зэрэг олон улсын кино төсөлд оролцсон.

-Монголд орлон тоглогчдын хэдэн баг байдаг вэ?

- “Action crew” болон “Тэнгэрийн чоно” гээд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй хоёр баг бий. “Тэнгэрийн чоно” багийнхан морь болон амьтантай хэсэгт, тэр дундаа түүхэн кинонд оролцдог. Манай багийн тухайд тулаантай киноны хэсэгт голчлон тоглодог.

-Танай багийн үүсгэн байгуулагчид багаасаа бие хамгаалах урлагаар хичээллэдэг байсан юм билээ. Тэр дундаа спортоор нэлээд өндөр амжилт гаргаж байсан гэсэн?

-Лхагваа бид хоёр Дорнод аймагт төрж өссөн багийн найзууд. Багадаа сонирхлоороо өглөө бүр Хэрлэн гол дээр очиж, бэлтгэл хийдэг байсан. Тэгсэн “Шинэ ирээдүй” таеквондогийн клубийн багш Ц.Болдсайхан тэр үед дугуйтай явж байгаад бид хоёрыг харсан юм билээ. Тэгээд “Та хоёр манай клубт яв” гэсэн. Ийн бие хамгаалах урлагаар хичээллэж эхэлсэн. Дараа нь Дэлхийн нэгдсэн бие хамгаалах урлагийн клуб манай аймагт салбараа нээхэд Гантулга багштай танилцаж, аякидо, жудо, каратэ, таеквондо гээд олон төрөлтөөр хичээллэж эхэлсэн. Мөн уг клубынхээ шугамаар Улаанбаатар хотод болсон Олон улсын мастеруудын семинарт суусан. Уг нь насанд хүрэгчдийн дунд болсон арга хэмжээ. Гэхдээ тухайн үед бид хоёр 15 настай хүүхдүүд насаа гурав, дөрвөөр нэмээд оролцож байлаа. Тэр арга хэмжээ 45 хоногийн хөтөлбөртэй. Өглөө 06:00 цагаас хойш орой болтол 12 цаг олон төрөлт тулааны бэлтгэл хийж, АНУ, Япон, Филиппин багш нар хичээл заасан. Тэндээс л тулааны олон төрөлтийг эзэмшсэн. Ер нь манай багийн бүх гишүүн бие хамгаалах урлаг болон спортоор хичээллэдэг байсан. Орлон тоглогчийн мэргэжил ч тийм байхыг шаарддаг. Амжилт, зэргийн тухайд гэвэл Б.Нандин-Эрдэнэ олимпийн төрөлд багтдаг дэлхийн теквондогийн хар бүстэй. А.Лхагвасүрэн бид хоёр Дэлхийн нэгдсэн бие хамгаалах урлагийн хар бүстэй. Лхагваа гурван дантай, харин би хоёр дантай. Мөн уламжлалт тулааны урлагийн хар бүстэй. Лхагвасүрэн БНСУ-ын Сөүл хотод болсон Дэлхийн нэгдсэн бие хамгаалах урлагийн дэлхийн аваргад түрүүлж байсан. Улсын чанартай тэмцээнүүдээс бол нэлээд шагнал авсан.

-Спортынхон яагаад гэнэт урлаг руу орсон бэ?

-Тухайн үед тулааны урлагийн үзүүлэх тоглолт гэж болдог байлаа. Ихэнх үзүүлбэрийг манай баг гүйцэтгэдэг байсан. Тиймээс үзүүлэх тоглолтоо илүү сайжруулах үүднээс Спортын төв ордонд очиж, спортын гимнастикийн мастер асан Ганзориг багшаас үсрэлт, уналт сурсан. Тэр үед Жэки Чаны “Би хэн бэ” номын нээлт Монголд болсон юм. Тэгээд ном худалдаж авсан хүн бүрт киноны тулаантай хэсгийг хэрхэн хийдэг аргачлалыг харуулсан диск дагалдаж өгсөн. Бид сонирхлоороо тэр хичээлийг үзээд дуурайж хийсэн чинь болмоор юм шиг санагдсан. Ингээд л 2007 оноос эхлэн Б.Нандин-Эрдэнэ, А.Лхагвасүрэн бид гурав орлон тоглогчдын бэлтгэл хийж эхэлсэн дээ.

-“Action crew” багаа тэр үед байгуулсан уу?

-Яг албан ёсоор нэр өгөөд баг болсон нь 2008 он. Тэр үеэс клип, кинонд орлон тоглогчоор оролцож эхэлсэн. Мөн бид Монголд орлон тоглогчийн ямар баг байдаг, хэчнээн орлон тоглогч байдаг вэ гэдгийг судалсан л даа. Тэгсэн яг мэргэжлийн орлон тоглогчийн баг байгаагүй. Хүчний байгууллагад ажилладаг болон эрсдэлтэй хэсгүүдэд орлон тоглогчийн үүрэг гүйцэтгэдэг ах нар байсан. Тэгээд бид интернетээр орлон тоглогчдын бичлэгийг үзээд бие дааж сурсан. Багаасаа бие хамгаалах урлаг, спортоор хичээллэдэг байсан учир бие организм маань бэлтгэгдсэн байсан. Жишээ нь ямар нэг хөдөлгөөн үзүүлбэрийг хоёр, гурван удаа үзээд л өөрсдөө шууд хийдэг болсон.

-Та багийнхаа хоёр гишүүнтэй “Цагдаагийн тангараг” уран сайхны кинонд гол дүр бүтээсэн. Кинонд гол дүр бүтээх, орлон тоглох хоёрын аль нь илүү сэтгэлд тань үлдсэн бэ?

-“Цагдаагийн тангараг” киног 2008 онд хийсэн. Тухайн үед бид кинонд тоглох, од болох мөрөөдөлтэй байсан. Кино гэдэг зүйлийг бүрэн ойлгоогүй үе л дээ. Одоо намайг зарим найруулагч ийм дүр дээр ажиллаад өг гэхээр үгүй гэдэг. Учир нь энэ хугацаанд би жүжигчин хүн тухайн дүрийг ямар их үнэ цэнэ, хөдөлмөрөөр бүтээдгийг мэдэрсэн учир тийшээ шууд халдаж чадахгүй. Хэрвээ магадгүй кинонд тоглох бол 4-5 сар уншлага хийж, мэргэжлийн том жүжигчдээс зөвлөмж, зөвлөгөө авч байж дүр бүтээнэ. Харин тулааны найруулга, орлон тоглогчийн үүргээ бардам гүйцэтгэж чадна.

-Манайд орлон тоглогчдын цалин хангамж, хангалттай сайн байж чаддаг уу?

-2008 онд багийнхаа хоёр гишүүнтэй рекламд тоглохдоо машинд мөргүүлдэг, үсэрч харайдаг хэсгийн зураг авалтад оролцоод 40 мянган төгрөгийн цалин авч байсан. Тухайн үед мөнгө “хатуу” байсан ч хөдөлмөрийн үнэлэмж, эрсдэлээ тооцоод үзвэл бага цалин. Одоо бол бидний үнэлэмж шал өөр болсон. Манай баг мэргэжлээ үнэ цэнэтэй болгож чадсан. Гэхдээ энэ хүртэл явах гэж орлон тоглогчид өөрсдийн эрүүл мэндээ золиосолсон. Би багаа даатгуулах гээд хоёр даатгалын компанид очсон. Уучлаарай даатгах ямар ч боломжгүй гэдэг. Орлон тоглогчийн мэргэжил цагдаа, хүчний байгууллагын ажилтнуудтай адил өндөр эрсдэлтэй гэсэн ангилалд ордог. Тиймээс бид эрүүл мэндээ зольж байдаг учир хөдөлмөрийн үнэлэмжээ Монголын нөхцөлд үнэтэй байлгахыг хичээдэг. Гэхдээ тэр үнэ өндөр хөгжилтэй орныхтой харьцуулахад бага.

-Зураг авалтын орчин нөхцөл гаднын стандартад нийцэж чаддаг уу?

-Жэки Чаны орлон тоглогчдын багийн бичлэгийг харахад ямар нэг объектын зодооны хэсгийг сарын хугацаанд авдаг. Тэгээд зураг авалтын дараа монтаж хийх явцад болохгүй дутуу зүйл байвал дахиж урт хугацааны зураг авна. Харин Монголд ихэнхдээ өмнөх өдөр нь гэнэт дуудах тохиолдол бий. Энэ бол маш буруу систем. Гэхдээ нэгдүгээрт манай киночдод эдийн засгийн бололцоо, хангалттай төсөв хөрөнгө байхгүй. Учир нь Монголд дандаа хувь хүн, продакшн кино хийдэг. Тиймээс бэлтгэл ажилд зарцуулах мөнгө бага. Ядаж л тулааны хэсгийн зураг авалт хийх газраа долоо хоног түрээслээд, тэр хугацаанд жүжигчдийн бэлтгэл хийлгэх боломжгүй. Тиймээс бид ёстой л шидтэн шиг ажилладаг. Тэр хэрээр бидний гаргах гэсэн санаа унадаг. Ямар нэг хэсгийг 100 хувь бодож төлөвлөж, төсөөлсөн байтал бодит байдал дээр 70-50 хувь болох жишээтэй.

-Та гаднын хэд хэдэн кино төсөлд оролцсон. Манай орлон тоглогчдын ур чадварыг аль хэр үнэлдэг бол. Дэлхийд гарах боломжтой юу?

-2015 онд “Марко Поло” цуврал киноны морь, тулааны хэсгийн зураг авалтад оролцсон. Тухайн үед тэр хэсгийн найруулагчид “Монголчууд морьтой харьцах, давхих, морин дэл дээрээ байгаа нь европчуудаас шал өөр юмаа. Бүр морин дээрээ амьдарчих юм” гээд магтаж байсан. Учир нь нэг зургаас дараагийн зураг авалт хооронд маш удаан хүлээх хэрэг гардаг. Энэ хугацаанд гаднынхан мориноос буугаад шууд хэвтээд өгдөг. Харин монголчууд морин дэл дээрээ унтаж, амарч л байдаг. Үүнээс гадна тэр кино төсөлд 11 орны 70 орчим орлон тоглогч оролцсон. Бид зургийн талбайд зураг авалтаа дууссаны дараа шууд заал руу очиж, нэгдсэн бэлтгэлд гардаг. Энэ үеэр би тулааны найруулагчийн хувиар ажиглалт хийхэд бид бусад улсын орлон тоглогчоос илүү гэж харсан. Яагаад гэвэл гадны орлон тоглогчид морь малтай хэсэгт ордог, машин тэрэгтэй харьцдаг хурдтай жолоодох эсвэл мөргүүлдэг, өндрийн үзүүлбэр хийдэг унах юм уу үсэрч харайдаг авирдаг, шатах тэсрэх бодистой харьцдаг гээд мэргэшсэн тус тусын баг байдаг юм билээ. Харин бид бол өөрсдийнхөө хэмжээнд бүх л хүнд зураг авалтуудад оролцдог. Гэхдээ Монголд бүр хэцүү нөхцөлд ажилладаг. Жишээлбэл, “Босуул” кинонд галд шатдаг хэсэг бий. Тийм зураг авалтад орохдоо түрхдэг шатдаггүй тос манайд байдаггүй. Тухайн үед өөр материалаар аргалаад л тэр үзүүлбэрийг хийсэн. Энэ мэт манай орлон тоглогчид бүх хүнд хэсэгт оролцдог нь нэг бодлын бахархмаар хэрнээ эсрэгээрээ харамсал нөхдөг. Хэрвээ манай баг зөвхөн тулааны үзүүлбэр үзүүлдэг гээд тэр шатах тэсрэх бодистой үзүүлбэрт орохгүй бол бид энэ олон кинонд орохгүй байсан. Тиймээс манай орлон тоглогчид өнөөгийн нөхцөлд бүгдийг нь хийдэг. Хэрвээ мэргэшсэн нэг үзүүлбэрээ сайн хийдэг, түүнийхээ эдийн засгийн үнэлгээг гаднын журмаар авдаг бол тулаанаараа мэргэшээд дэлхийд хошуучлах боломж бий. Харин Монголд тийм орчин нөхцөл, боломж байхгүй.

-“Алхаж буй үхдэл” (The Walking dead) цуврал киноны зураг авалтын үеэр золгүй тохиолдол болсны улмаас орлон тоглогч биедээ хүнд гэмтэл авч, амиа алдсан. Энэ мэт мэдээ байнга сонсогддог. Та нар эрсдэлээс хэрхэн хамгаалдаг вэ?

-Гэмтэж бэртэх бол орлон тоглогчдод байнга тохиолддог зүйл. Гэхдээ үүнийг багасгах боломж бий. Яаж гэхээр сайн бэлтгэлтэй байх хэрэгтэй. “Энх цагт хөлс их гаргавал дайны цагт цус бага гарна” гэж үг бий. Тиймээс манай баг долоо хоногийн таван өдөрт 4-6 цагийн бэлтгэл хийдэг. Хэрвээ бидний бэлтгэл хийж байх үеийг энгийн хүн харвал бараг өвчтэй, солиотой гэж бодно. Бэлтгэлийн үеэр бид гүйж байгаад гэнэт үсэрч унана. Нэгнийгээ цохиж, түлхэж унагана. Тэгээд чи гоё уналаа, би сайхан цохилоо гэж хэлэх тохиолдол бий. Мөн солиотой юм шиг хана, хаалга мөргөж уначихаад, энэ уналт онцгүй болчихлоо гээд ахиад хийнэ. Ингэж бэлдэж байж л бид зургийн талбай дахь эрсдэлээ багасгана. Гэхдээ яалт ч үгүй жижиг, сажиг бэртэл авах үе бий. Жишээлбэл, бид матрастай унадаг үзүүлбэр бэлдсэн байхад зураглаач матрас чинь камерт ороод байна гэх нөхцөлд дороо хамгаалалтгүйгээр гурван удаа унана. Энэ үед амжиж зургаа ав гэдэг. Тэгээд хатуу шалан дээр ямар ч бэлтгэлтэй хүн ойчиход арьсаа шалбалах, гар хөл хөндүүр болох тохиолдол бий. Бүр цээжин биеэрээ унавал хэдий бэлтгэлтэй байсан ч гэмтэнэ.

-Орлон тоглогч болсондоо харамсаж байсан үе бий юу. Эрсдэлтэй зураг авалтад орохдоо айдаг уу?

-Мэргэжлийн маань ганц бухимдуулдаг зүйл нь багийнхандаа ар гэрээ аваад явах хангалттай хэмжээний цалин өгч чаддаггүй. Зогсоо зайгүй бэлтгэл хийдэг учир тэдэнд өөр ажил хийх ямар ч зав байдаггүй. Заримдаа киногүй зогсчих үед юуны тулд ингэж бэлдээд байгаа юм бэ гээд харамсана. Тиймээс бид гадагшаа гарахыг зорьдог. Энэ тал дээр толгойгоо гашилгаж байна. Мөн би өөрөө эрсдэлтэй хэсэгт орохдоо айдаггүй. Дүү нараа оруулаад хараад зогсож байхад л айдаг. Гэхдээ би багийн ахлагч учир бэрсээрээ идэх үү, тэргээрээ идэх үү гэдгээ мэддэг. Аюулгүй байдлаа хангаад тест хийсний ард зураг авалтад оролцдог. Бидний бэлтгэлийн үр дүн тэнд л гардаг. Кино багийнхан манайхныг хараад их гайхдаг л даа. Биеэ халааж байна гээд нэгнийгээ тал талаас нь нийлж “зоддог”. Ингэж биеийг нь бэлддэг. Мөн энэ хэсэгт хэн орох вэ гэхээр бүгд л би би гэдэг. Тэр үед кино багийнхан “Энэ хэд ямар сонин хүмүүс вэ. Унаж, ойчих зодуулах хэсэгт юунд нь дурлаад байгаа юм” гэдэг. Тэгж байж манай баг тэр хүнд хэсгийн ард гарна. Тэрнээс бүгд хойш суугаад байвал хэн тэр хүнд хэсэгт орох билээ.

-Танд дэлхийн хэн нэг тулаантай киноны од хувийн орлон тоглогчоо болгоё гэсэн өндөр үнэтэй гэрээ санал болговол ямар хариу өгөх вэ. Багаа хаяж чадах уу?

-Би аль болох санал тавьсан бүх төсөлд багаа аваад орохыг хичээдэг. Хэрвээ гурван жил гэсэн богино хугацааны санал ирвэл зөвшөөрнө. Тухайн үед багаа хаяхгүй түр орхино. Энэ хугацаанд тэр гэрээнээс олсон мөнгөө өөрийн багтаа зарцуулна. Бүр 10, 20 жилийн урт хугацааны гэрээг ямар ч өндөр үнийн саналтай байсан зөвшөөрөхгүй. Ер нь хэн нэгний орлон тоглогч болохыг хүсдэггүй. Багаараа дэлхийн тулааны кино одуудын уран бүтээлд ажилламаар байна. Тийм дэлхийн хэмжээний том кино төсөлд монголын орлон тоглогчдын баг гээд манай нэр гарвал сайхан шүү дээ.

-Таны тулааны найруулгыг харахад үндэсний бөхийн зарим мэхийг түлхүү ашигласан байдаг. Үндэстэн бүр өөр өөрийн онцлогтой. Тиймээс Монгол киноны тулаан АНУ, Хятад, Солонгос зэрэг гаднын улсынхаас өөр байх ёстой байх?

-Манай үзэгчид үнэмшилтэй зүйлд их дуртай. Кинонд үсрээд эргэлттэй өшиглөснөөс илүү гар ачих мэх хийвэл төсөөлөлд нь буудаг. Би өөрөө үндэсний бөхийн хорхойтон. Тиймээс энэ үнэт зүйлээ кино урлагт тэр чигт нь оруулаад ирнэ гэхээр харамлах зүйл бий. Гэхдээ

-Орлон тоглогчдын уран бүтээлээс авдаг хамгийн гоё мэдрэмж юу вэ. Киноны нээлтийн үеэр ч юм уу гол дүрийн жүжигчдэд атаархах үе байдаг уу?

-Гол дүрийн жүжигчдэд атаархах ч юм уу, тэр төрлийн мэдрэмж төрдөггүй. Харин бидний тоглосон хэсэг яг хүссэн шиг үнэмшилтэй болоогүй бол сэтгэлээр унадаг. Үзэгчид зарим хэсэгт айх, цочих үнэмших үед мэргэжлийнхээ үнэ цэнийг олж хардаг. Гаднын жишгээс харахад манай мэргэжил хөдөлмөрийн хөлс өндөр хэрнээ олны танил байдаггүй. Ер нь тийм байх шаардлагагүй. Орлон тоглогч голдуу хүнд зураг авалтуудад оролцдог. Тухайн зураг амжилттай дуусахад кино баг тэр аяараа бидэнд баяр хүргэж алга таших л бидний уран бүтээлээс амталдаг хамгийн сайхан мэдрэмж.

-Гаднын орлон тоглогчид ямар цалин хангамж, нөхцөлд ажилладаг талаар судалгаа хийсэн үү?

-Голцуу өндөр стандарттай гэрээ хийдэг юм билээ. Дээд зэрэглэлийн нислэгээр зураг авалтын талбайд очиж, олон одтой зочид буудалд байрлана. Мөн үзүүлбэр бүр тусдаа үнэлгээтэй. Мориноос унах, өндрөөс үсрэх гээд эрсдлээс хамаараад янз бүрийн үнэ тарифтай. Мөн орлон тоглогчоос шалтгаалаагүй ахин зураг авалт хийхэд тийм хэмжээний төлбөр өгнө гээд гэрээндээ заадаг юм билээ.

Мөн орлон тоглогчдын “Towers” гээд олон улсын том кино наадам болдог. Бидэнтэй хамтран ажилласан “Nomads” гээд орлон тоглогчдын гадаад баг энэ наадамд нэр дэвшиж байсан. Нэлээн хэдэн улсад нээлтээ хийсэн кинонд оролцсон орлон тоглогч тус наадамд нэр дэвшдэг юм билээ. Манай баг ч тэр наадам оролцох мөрөөдөл, төлөвлөгөөтэй байгаа.

-Танай багийн гишүүд голцуу залуус байдаг юм билээ. Аав, ээж нь тантай холбоотой байдаг уу?

-Янз бүр дээ. Зарим нь над руу залгаад хүүхдээ даатгалаа шүү гэдэг. Тэр нь ч аргагүй. Би л тэднийг дагуулж явж буй учир эрүүл мэнд бүх л зүйлийг нь хариуцах хэрэгтэй.

-Аав ээж болон гэр бүлийн тань хүн таны мэргэжлийн хүнд хэцүүг мэддэг үү?

-Манай аав, ээж төдийлөн сайн ойлгодоггүй байсан. Одоо бол мэддэг болсон. Хүсэж байгаа зүйлээ хий гэдэг. Анхны киног минь үзээд зөв явж байгаа юм байна гэдэг. Манай том хүү миний улаан фэн. Эхнэр минь зураг авалтад явах бүрт санаа зовдог байх. Болгоомжтой байгаарай л гэж хэлдэг. Гэхдээ би байнга жижиг сажиг бэртэл аваад ер нь дассан байх. Өөр хүний эхнэр нөхрийнх нь хүзүү нь улайсан ирвэл бөөн юм болох байх. Харин би энд тэнд зураг авалтад орохдоо хоолойгоо боолгуулж, заамдуулж байдаг болохоор хүзүү улайсан байх үед тоох ч үгүй.

-Та монголын орлон тоглогчдоос соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг хүртсэн анхны хүн. Таныг “Зүрхний хилэн” киноны нээлтийн үеэр шагнана гэдгийг мэдэж байсан уу эсвэл гэнэтийн зүйл болов уу?

-Хэзээ нэг цагт энэ цол тэмдэг ирэх байх гэж боддог байсан. “Фантастик”-ын хамт олон намайг продакшнаасаа энэ шагналд тодорхойлсон юм билээ. Тухайн үед миний нэрийг зарлахад гайхсан шүү. Манай багийнхан ч мэдээгүй байсан. “Фантастик”-ын найзууддаа маш их баярласан. Ёстой гэнэтийн бэлэг байсан.

 







Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

М.Наранбаатар: Бидний үндэсний онцлог учир гар ачих, хавирах мэхийг тулааны найруулгадаа ашигладаг  
Үзсэн: 1386 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-06-18 14:14
Улам улам амжилт хүсье.
Зочин [127.0.0.xxx] 2019-06-18 13:21
Unexeer mundag xvn yumaa amjilt xvsey

Бидэнтэй нэгдээрэй