Шууд Chart

Египетийн Ерөнхийлөгч асан Мухаммед Мурси таалал төгсчээ

2019-06-18 14:57:52

Египетийн Ерөнхийлөгч асан Мухаммед Мурси зүрхний шигдээсийн улмаас таалал төгслөө. Энэ тухай Египетийн төрийн телевиз эмнэлгийн эх сурвалжуудын мэдээлэлд үндэслэн дамжуулсан байна. Эх сурвалжийн мэдээллээс үзэхэд, Мухаммед Мурси хоргүй хавдартай, эмнэлгийн тусламж байнга авдаг байсан гэнэ.

Мухаммед Мурси тагнуулын хэргийг шүүх хурлын үеэр нас барсан юм. Энэ хэрэгт экс Ерөнхийлөгч гол буруутнаар оролцож байлаа. Шүүх хурлын түр завсарлагын үеэр экс Ерөнхийлөгч ухаан алдаж унаад, эргэж сэргээгүй байна.

Мухаммед Мурсигийн өмгөөлөгчид 2014 оны үед түүнийг унаж татах өвчтэй гэсэн эмнэлгийн баримтыг шүүхэд гаргаж байсан юм. Тухайн үед тэрбээр тархины мэс засалд орж, үе үе хурц шигдээсээр шаналдаг байжээ. Ийм нөхцөлд түүнийг ганцааранг нь хорьж болохгүй, гэрийн хорионд оруулах ёстой гэж өмгөөлөгчид нь мэдэгдэж байлаа.

Египетийн Ерөнхий прокурорын газраас даваа гарагийн орой экс Ерөнхийлөгч Мухаммед Мурсиг оршуулах зөвшөөрөл өгсөн байна. Исламын шашны ёсоор талийгаачийн цогцсыг нас барснаас нь хойш удалгүй, нар мандахаас өмнө оршуулах ёстой. Энэ дагуу Мурсиг мягмар гарагт оршуулах төлөвтэй байна.

Харин “Лалын ахан дүүс” исламист холбооноос экс Ерөнхийлөгчийн оршуулгад бүх нийтээрээ оролцохыг Египетийн ард түмэнд уриалж байна. Тэд Мухаммед Мурсигийн үхлийг “жинхэнэ аллага” гээд олон улсыг энэ хэргээр мөрдөн шалгалт явуулахыг уриалжээ. Хүний эрхийг хамгаалах “Эмнести интернэшнл” байгууллагаас ч Египетийн засаг захиргаанд энэ хэргээр хараат бус мөрдөн шалгалт хийхийг уриалж байна.

Мухаммед Мурси зургаан жилийн турш камерт хоригдож байсан, өмгөөлөгчид, эмч нар орох эрхгүй байсан. Мөн чихрийн шижин өвчнөөсөө болж хоригдох хугацаандаа хоёр ч удаа ухаан алдаж байсныг “Эмнести Интернэшнл” байгууллагынхан тэмдэглэжээ.

“Лалын ахан дүүс” байгууллагаас гарч ирсэн Мухаммед Мурси нь 2012 онд Египетийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан юм. Гэвч жилийн дараа ард түмний эсэргүүцэл дунд цэргийнхэн түүнийг засгийн эрхээс түлхэн унагасан. Ирэх наймдугаар сард тэрбээр 68 нас хүрэх байлаа. 

Нийтэлсэн: Mонголын радио

Египетийн Ерөнхийлөгч асан Мухаммед Мурси таалал төгсчээ   
Үзсэн: 142 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй