Шууд Chart

Дэлхийн хүн ам 2050 он гэхэд 9.7 тэрбумд хүрнэ

2019-06-18 17:06:45

Ойрын 30 жилийн хугацаанд дэлхийн хүн ам хоёр тэрбумаар нэмэгдэж, 2050 он гэхэд 9.7 тэрбумд хүрнэ. НҮБ-аас даваа гарагт танилцуулсан дэлхийн хүн амын өөрчлөлттэй холбоотой баримтад энэ тухай дурдсан байна.

Хоёр тэрбумаар нэмэгдэх хүн амын тал хувь нь Энэтхэг, Нигери, Пакистан, Ардчилсан Бүгд Найрамдах Конго Улс, Этиоп, Бүгд Найрамдах Нэгдсэн Танзани улс, Индонез, Египет, АНУ гэсэн есөн улсад ногдоно. Харин Энэтхэг 2027 он гэхэд Хятадыг хүн амын тоогоороо гүйцэж, дэлхий дээрх хүн ам хамгийн шигүү суурьшсан улс болно гэж НҮБ-ын баримтад тэмдэглэжээ.

Үүнээс гадна 2050 он гэхэд Африкийн хүн амын тоо хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна. “Дэлхийн ядуу улс орнуудад хүн ам хамгийн эрчимтэйгээр өснө. Үүнээс болж ядуурал, тэгш бус байдал, өлсгөлөнтэй тэмцэхэд илүү их хүндрэл гарч, боловсрол, эрүүлийг хамгаалах системийг бэхжүүлэхэд нэлээд хүч чармайлт шаардагдана” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн орлогч Лю Жэньмин мэдэгджээ.

Энэ баримтад Европ, Хойд Америкийн улс орнуудын хүн ам хөгширч байгааг тэмдэглэжээ. Өнгөрсөн жил 65 болон түүнээс дээш насны хүмүүсийн тоо анх удаа тав хүртэлх насны хүүхдүүдийн тооноос давсан. Дэлхий дээр нэг эмэгтэйд дунджаар 2.5 шинээр төрсөн хүүхэд ногдож байна. Харин 2050 он гэхэд энэ үзүүлэлт 2.2 болж буурна гэжээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Дэлхийн хүн ам 2050 он гэхэд 9.7 тэрбумд хүрнэ  
Үзсэн: 164 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй