Шууд Chart

Ажлын хэсэг байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв

2019-06-18 19:24:30

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр (2019.06.18) хуралдаан 15 цаг 51 минутад 63.2 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзвэл УИХ төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг хууль санаачлагчийг оролцуулан байгуулж болно” гэж заасан байдаг. Байнгын хорооны дарга С.Бямбацогт эл заалтыг уншиж танилцуулаад, ажлын хэсийг байгуулах тухай тогтоолын төслийг танилцууллаа.

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин ахалж ажиллах бол УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Ц.Нямдорж, Д.Оюунхорол, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, Д.Солтан, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат нар бүрэлдэхүүнд багтжээ. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцанг томилохоор төсөлд тусгасан байна. Ажлын хэсэг холбогдох хуульд нийцүүлэн боловсруулсан төлөвлөгөөнд нийцүүлэн ажиллахыг даалгахыг УИХ-ын тогтоолын төсөлд дурджээ.

Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон 13 гишүүний 12 нь буюу 92.3 хувь нь дэмжснээр “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн талаар Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.


Ажлын хэсэг байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв  
Үзсэн: 114 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй