Шууд Chart

Суварга хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол боллоо

2019-06-19 12:13:28

Төрийн тахилгат Суварга хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол Цэнхэр сумын Цэнхэр багийн нутаг “Тахидаг дэл” хэмээх газар энэ сарын 16, 17-ны өдөр боллоо. Завилан суусан бурхны дүртэй Суварга хайрхан уулыг нутгийн иргэд “Уулсын хаан”, “Цагаан өвгөн уул”, “Их цагаан уул” хэмээн хүндэтгэн нэрлэж, жил бүр тахиж шүтэж иржээ. Харин  2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгатай болгосон бөгөөд 2009, 2014 онуудад тус тус тахисан түүхтэй.

Гурав дахь удаагийн төрийн тахилгын ёслолд Архангай аймгийнхан төдийгүй Суварга хайрхан уулаас эхтэй олон голын дагуу нутагладаг зэргэлдээх аймаг, сумдын ард зон зорин ирсэн байлаа.

Суварга хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн төлөөлөгчдийн тэргүүн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Монгол Улсын Ерѳнхийлѳгчийн илгээлтийг ард иргэдэд уншин танилцуулсны дараа УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Архангай аймгийн удирдлагууд болон Монгол Улсын Ерѳнхийлөгч асан Н.Энхбаяр зэрэг зочид төлөөлөгчид тэргүүлэн уул хайрхан даа залбирч, ерөөл тавилаа.

Төрийн тахилгын ёслол тусгай жаяг дэгийн дагуу өрнөдөг бөгөөд мэргэн харваач тэнгэрийн дуут сумыг харваж, цагаан бор зүсмийн морийг сэтэрлэн тавьж, түмэн олон уухайлан сүүн цацлаа өргөв. Тэнгэрт харвасан сум, сүрэгт нийлүүлсэн цагаан моринд дараагийн тахилга хүртэл хэн ч гар хүрэх ёсгүй ажээ.

Тахилга эрийн гурван наадмаар үргэлжилж, улс, аймаг, сумын цолтой хүчит 64 бөх зодоглосноос Цэнхэр сумын харьяат, аймгийн арслан Ц.Цогт-Эрдэнэ түрүүлж, Цэнхэр сумын харьяат, улсын харцага М.Бадарч үзүүрлэлээ.

Наадмын үндэсний сурын харвааны эрэгтэйчүүдийн төрөлд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, спортын мастер, аймгийн мэргэн Ш.Балсэнгэ түрүүлсэн бол эмэгтэйчүүдийн харваанд Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, Монгол Улсын гарамгай харваач Б.Аззаяа түрүүлэв.

Мөн азарга, их насны морьдын уралдаан боллоо. Азарганы уралдаанд Батцэнгэл сумын уяач н.Цогтгэрэлийн зээрд түрүүлж, их насны морьдын уралдаанд Цэнхэр сумын уяач н.Баасангийн хээр торгон жолоогоо өргүүлсэн юм.

Суварга хайрхан уул нь Алтай таван Богд, Алтан хөхий хайрхан, Алтан овоо, Богд Хан-Уул, Бурхан Халдун, Говь гурван сайхан, Хан хөхий хайрхан, Богд Очирваань Отгонтэнгэр, Сутай хайрхан зэрэг төрийн тахилгат арван уулсын нэг юм. 




















Суварга хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол боллоо  
Үзсэн: 171 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй