Шууд Chart

НҮБ сэтгүүлч Жамаль Хашоггийг хөнөөсөн хэрэгт Саудын Арабыг буруутгалаа

2019-06-20 13:15:00

НҮБ сэтгүүлч Жамаль Хашоггийн хэрэгт Саудын Арабыг буруутгалаа. НҮБ-ын Хүний эрхийн хороонын тусгай илтгэгч Туркийн тагнуулын агентлагийн дуу бичлэгт үндэслэн Саудын Арабын эрх баригчдыг буруутгасан мэдэгдэл гаргажээ.

Сэтгүүлч хэрхэн бусдын гарт амиа алдсан талаар нэг бүрчлэн тусгасан тайлан маягийн энэ мэдэгдэлд, алуурчид Жамаль Хашоггийг хөнөөж байхдаа юу ярилцаж байсан, аминд нь хүрснийхээ дараа хэрхэн өөр газар аваачих талаар ярилцсаныг дахин шалгаснаа дурджээ. Тэр ч байтугай, сэжигтнүүдийн нэг нь “Сэтгүүлчийн цогцсыг мөчилж, пластик уутанд хийгээд ажлаа дуусгана” гэх мэт аймшигтай хэрцгий үг хэлж байжээ гэсэн байна.

Мөн “Зургаан сарын хугацаанд хийсэн мөрдлөг шалгалтын үр дүнд цуглуулсан энэ бичлэг болоод бусад баримтууд, Хашоггийн аллагыг урьдчилан төлөвлөж, зохион байгуулсан болохыг нотолж байна” гэж НҮБ-ын Хууль бусаар цаазаар авах ялыг хянаж шалгадаг тусгай илтгэгч Агнес Калламард ярьжээ.

Тэрбээр сэтгүүлчийн аллагад Саудын Араб буруутай гээд угсаа залгамжлах хунтайж Мохамед Бин Салман зэрэг Саудын Арабын өндөр албаны хүмүүсийг мөрдөн шалгах шаардлагатай баттай нотолгоо бий гэсэн байна.

Түүгээр ч барахгүй, НҮБ-ын бусад агентлагуудад хандан олон улсын мөрдлөг шалгалт явуулж, Мохамед Бин Салманд хориг тавихыг уриалжээ. Энэ мэдэгдлээс хэдхэн цагийн дараа Саудын Арабын талаас ямар ч ул үндэслэлгүй мэдээлэл, шинэ зүйл алга гэж няцаасан байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

НҮБ сэтгүүлч Жамаль Хашоггийг хөнөөсөн хэрэгт Саудын Арабыг буруутгалаа  
Үзсэн: 148 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй