Шууд Chart

Шалгалтын хугацаанд нийт 381 зөрчил илрүүлжээ

2019-06-20 13:50:56

Дээд боловсролын болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Шалгалтын хугацаанд нийт 381 зөрчил илрүүлж, 80 зөрчил буюу 20.9 хувийг шалгалтын явцад арилгуулсан.

Боловсролын хяналтын чиглэлээр:

  1. Дээд боловсролын сургалтын 15 байгууллагыг хамруулан “Дээд боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”-аар үнэлэхэд 7 сургууль нь “бага”, 7 нь “дунд”, 1 нь “их” эрсдэлтэй үнэлэгдлээ. хууль сахин мөрдөлтийн дундаж хувь 67.4, эрсдэл үүсэх магадлалын дундаж хувь 32.4-тэй байна. Шалгалтаар:
  • Сургуулиудын 4 буюу 26хувь нь зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулж байгаа;
  • Сургуулиудын лаборатори, кабинетууд нь дээд боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрт заасны дагуу тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй, стандартад тавигдах шаардлагыг бүрэн хангаагүй;
  • 7 буюу 46хувь нь шаардлагад нийцсэн номын сан, уншлагын танхимгүй, уншлагын танхим дахь суудлын тоо оюутан суралцагчдад хүрэлцээгүй;
  • “Шинэ монгол” технологийн коллеж нь Боловсролын магадлан итгэмжлэл хийх эрх бүхий байгууллагаар байгууллагын болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийлгээгүй;
  • “Глобал удирдагч”, “Тэнгэр” ДС, “Гурван-Эрдэнэ” багшийн ДС, Радио телевиз, медиа урлагийн ДС, “Улаанбаатар эрдэм” ИС-иудад үндсэн багшийн эзлэх хувь хангалтгүй зэрэг зөрчлүүдийг илрүүлсэн.
  1. Мэргэжлийн боловсрол, сургалтын 10 байгууллагын үйл ажиллагааг шалгахад 3 сургууль нь “бага”, 6 нь “дунд”, 1 нь “их” эрсдэлтэй үнэлэлэгдэж, хууль сахин мөрдөлтийн дундаж хувь 61, Эрсдэл үүсэх магадлалын дундаж хувь 38.5-тай байна. Шалгалтаар:

- “Анима”, “Хангай”, “Эко монгол” МСҮТ-үүд нь БСШУСЯ-наас олгосон тусгай зөвшөөрлөөр, ХНХЯ-наас олгосон тусгай зөвшөөрлийн хавсралтаар  сургалтын үйл ажиллагаа тус тус эрхэлж байна. МСҮТ-ийн сургалтын үйл ажиллагаа эрхлэхээр бол ХНХЯ олгох ёстой.

  • “Анима”, “Барилгын бүтээцийн үйлдвэрлэл”, “ТST” МСҮТ-үүд нь тусгай зөвшөөрөл дэх хаяг байршилд үйл ажиллагаа явуулаагүй, үйл ажиллагаа эрхлэх хаяг, байршилд өөрчлөлт оруулах хүсэлтийг Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт одоог хүртэл хүргүүлээгүй;
  • “Хангай” МСҮТ-ийн тусгай зөвшөөрөлд “зочид буудал, зоогийн газрын үйлчилгээний ажилтан” мэргэжлээр сургалт явуулах зөвшөөрөлгүй байхад ХНХ-ын сайдын 2018 оны A/129 дүгээр тушаалаар тухайн мэргэжлээр элсэлтийн хяналтын тоог баталсан байна.
  • Сургуулиудын 5 буюу 50хувь нь зориулалтын бус байранд хичээл сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал:  “Барилгын бүтээцийн үйлдвэрлэл” МСҮТ-ийн хичээлийн байранд “Булган зул” хүүхдийн цэцэрлэг үйл ажиллагаа явуулсан, “Сам Юүк” МСҮТ нь Долоо дахь өдрийн Адвентист Сүмийн Хойд Ази Номхон Далайн Бүсийн чуулганы эзэмшлийн байранд түрээслэн хичээл сургалтын үйл ажиллагаа явуулсан/;
  • Сургуулиудын дадлагын газар нь стандартад нийцээгүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангаагүй, сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр бүрэн тоноглогдоогүй, дадлагын газарт багшийн өрөөгүй байна.
  • Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөлд заагдсан мэргэжил хөтөлбөрөөр мэргэжлийн үндсэн онолын болон дадлагын багшаар бүрэн хангагдаагүй, боловсролын байгууллагад тавигдах шаардлагад нийцэхгүй нэр бүхий 16 багш хичээлийг зааж байсан.
  • “Барилгын бүтээцийн үйлдвэрлэл”, “Анима”, “Топ”, “Хангай”, Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвийн дэргэдэх МСҮТ-үүд нь ерөнхий эрдмийн хичээлийн багшаар бүрэн хангагдаагүй. /“Барилгын бүтээцийн үйлдвэрлэл” МСҮТ-д “хими, биологийн багш”-ийн мэргэжилтэй багш физик, газарзүйн хичээлийг, “зураг, хөдөлмөрийн багш”-ийн мэргэжил багш математикийн хичээлийг, МУИС-ийн оюутан амьдрах ухааны ур чадварын хичээлийг тус тус заасан/

Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр:

Шалгалтад дээд боловсролын сургалтын 5 байгууллагын  хамруулж хяналт шалгалтын үйл ажиллагаа явууллаа. Эрсдлийн үнэлгээгээр 1 нь “бага”, 3 нь “дунд”, 1 нь “их” эрсдэлтэй үнэлэгдлээ. “Улаанбаатар эрдэм” их сургуулийн хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг үнэлэхэд “дунд” эрсдэлтэй үнэлэгдсэн. Шалгалтаар:

  • “Шинэ иргэншил” дээд сургуулийн зарим анги, танхимуудын байгалийн болон зохиомол гэрэлтүүлэг, лекцийн танхимд механик агааржуулалтгүй, зарим анги танхим, кабинетуудын нэг оюутанд ноогдох талбайн хэмжээ хүрэлцээгүй, багш, суралцагчдын эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангуулаагүй;
  • Pадио телевизийн дээд сургуулийн ариун цэврийн өрөөнүүдийн ариутгал халдваргүйжүүлэлт хангалтгүй, цэвэрлэгээний материал, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис нь шинжилгээний бичиггүй;
  • Эм зүйн шинжлэх ухааны их сургууль, “Мон Алтиус” дээд сургуулиуд нь ундны усны стандарт аюулгүйн шаардлага хангасан талаар дүгнэлтгүй;
  • Эм зүйн шинжлэх ухааны их сургууль, “Мон Алтиус”, Pадио телевизийн дээд сургуулиуд нь “Сургалт-хүмүүжлийн байгууллагад мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм”-д нийцүүлэн дотоод хяналтын журмыг боловсруулан баталж мөрдөөгүй, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлдэггүй;
  • Pадио телевизийн дээд сургууль нь ариун цэврийн шаардлага хангахгүй хог хадгалах цэгтэй;
  • “Мон Алтиус”, “Шинэ иргэншил”, Pадио телевизийн дээд сургуулиудын лекц, хичээлийн танхим, номын сан, ариун цэврийн өрөөнүүдэд агаар сорох системгүй, шаардлагатай тоног төхөөрөмж бүхий эмчийн өрөөгүй, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий эмчгүй, эмнэлгийн анхны тусламж, үйлчилгээнд шаардагдах эм тариа, боолтын материалгүй, оюутнуудын эрүүл мэндийг хамгаалах, халдварт болон халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажил хангалтгүй;
  • “Шинэ иргэншил” дээд сургуулийн дотоод болон гаднах орчинд утаат тамхи татахгүй байх анхааруулга, санамж байршуулаагүй  зэрэг зөрчлүүд илэрлээ.

Шалгалтын хугацаанд нийт 381 зөрчил илрүүлжээ  
Үзсэн: 97 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй