Шууд Chart

Иран улс АНУ-ын тагнуулын нисгэгчгүй онгоцыг унагажээ

2019-06-20 13:42:51

Лалын Бүгд Найрамдах Иран Улсын Хамгаалах корпусаас өмнөд хэсгийн Хормозган мужид АНУ-ын “Глобал Хаук” нэртэй тагнуулын нисгэгчгүй онгоцыг унагасан гэж мэдэгдсэн байна.

Энэ онгоц Ираны агаарын орон зайг зөрчсөн гэжээ. Үүнтэй зэрэгцээд АНУ-ын Батлан хамгаалах яамнаас Ираныг тойрсон нөхцөл байдалтай холбогдуулан Ойрх Дорнод руу “Пэтриот” зенит пуужингийн нэмэлт цогцолбор, нисгэгчгүй нисэх аппарат, тагнуулын мэдээллийг цуглуулах онгоц илгээх болсноо зарласан юм.

АНУ, Ираны харилцаа сүүлийн үед эрс ширүүссэн. АНУ-ын засаг захиргаанаас Ираны эдийн засгийн чухал салбаруудын эсрэг хатуу хориг тогтоож, хоригийн дарамтаа улам чангатгаж байгаа юм. Мөн Лалын Бүгд Найрамдах Иран Улсын Хамгаалах корпусыг алан хядах байгууллага гэж зарласан байна.

Үүний хариуд Иран улс АНУ-ын Зэвсэг хүчний төв командлалыг алан хядах байгууллага, АНУ-ыг “Алан хядах ажиллагааг ивээн тэтгэгч улс” гэж зарлажээ. Үүний дараахан АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон Ираны эрэг рүү “Авраам Линкольн” нисэх онгоц тээвэрлэгч, бөмбөгдөгч онгоцоо илгээснээ мэдэгдсэн билээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хувьд Ирантай дайтахгүй гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн юм. Ираны дээд удирдагч Али Хаменеи ч бас Иран улс АНУ-тай дайтах бодолгүй гэж хэлсэн ч Вашингтонд эсэргүүцэл үзүүлсээр байна.

Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн мягмар гарагт Ираны цөмийн зэвсгийг зогсоохын тулд энэ улсад цэрэг дайны ажиллагаа явуулж болно гэдгийг сануулсан байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Иран улс АНУ-ын тагнуулын нисгэгчгүй онгоцыг унагажээ   
Үзсэн: 110 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй