Шууд Chart

Иргэдээс хагас автомат зэвсэг худалдан авах аянд 130 сая гаруй ам.доллар зарцуулна

2019-06-20 13:49:41

Шинэ Зеландын Засгийн газар өнгөрсөн гуравдугаар сард Крайстчерч хотын лалын сүмүүдэд гарсан халдлагын дараахан хориг тогтоосон хагас автомат зэвсгийг иргэдээс худалдан авах томоохон аяндаа 130 сая гаруй ам.доллар зарцуулах гэж байна. Энэ тухай Шинэ Зеландын Цагдаагийн газрын тэргүүн Стюарт Нэшийн хэлснээс эш татан “Нью-Зеланд Херальд” хэвлэлд мэдээлсэн байна. 

Аяны хүрээнд хэдэн зуун төрлийн зэвсэг, түүнчлэн сум, бусад зэвсэг хэрэгслийн дэлгүүрүүдийг худалдан авахаар төлөвлөж байна. Энэ зорилгоор төсвөөс 190 сая шинэ зеланд доллар буюу 123 сая ам.доллар гаргуулахаар тусгажээ.

Мөн 11.6 сая ам.долларыг зэвсэг хураахад зарцуулна. Цагдаагийн газраас ойрын хугацаанд зэвсгийн худалдан авах үнийн жагсаалтыг гаргана гэж Цагдаагийн газрын тэргүүн мэдэгдсэн байна. Ингэхдээ зэвсгийг элэгдлээс нь шалтгаалан зах зээлийн үнийн 95 хувиар нь бодож авна гэж тэмдэглэжээ.

Нөхөн төлбөрийг 10 хоногийн дотор олгоно. Шинэ Зеландад зэвсэг хураан авах аян ирэх долоодугаар сарын дундаас 12 дугаар сарын 20-ныг хүртэл үргэлжлэх юм байна. Худалдаж авсан зэвсэг, хэрэгслийг устгана. 

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-нд Шинэ Зеландын засаг захиргаа галт зэвсгийн эргэлтийг зохицуулдаг үндэсний хууль тогтоомжоо чангатгана гэдгээ зарласны дараа энэ улсын иргэд 672 нэгж зэвсгээ цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Түүнчлэн 4815 хүн онлайнаар дамжуулан зэвсгээ өгөхөд бэлэн гэдгээ илэрхийлжээ. Энэ улсад одоогоор 14.3 мянган хүн галт зэвсэг эзэмшдэг гэсэн мэдээлэл байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Иргэдээс хагас автомат зэвсэг худалдан авах аянд 130 сая гаруй ам.доллар зарцуулна   
Үзсэн: 131 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй