Шууд Chart

Дональд Трамп 2020 оны АНУ-ын ерөнхийлөгч сонгуульд дахин өрсөлдөхөө зарлалаа

2019-06-20 17:52:10

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2020 онд тус улсад болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнд дахин оролцохоо зарласан нь өнөөдөр олон улсад онцолж байгаа бас нэгэн мэдээлэл болж байна. Америкийн төрийн тэргүүн Флорида мужийн Орландо хотод дэмжигчидтэйгээ уулзах үеэрээ  энэ тухайгаа албан ёсоор зарласан юм.

Орландад болсон энэ арга хэмжээнд Америкийн тэргүүн хатагтай Мелания Трамп, дэд Ерөнхийлөгч Майк  Пенс, Ерөнхийлөгчийн засаг захиргааны төлөөлөгчид оролцсон байна. Мөн Флорида мужаас сенатад сонгогдсон Рик Скотт, Марко Рубио нар  Ерөнхийлөгчийн тусгай онгоцоор Орландад  хүрэлцэн ирсэн байна. Ерөнхийлөгч  Трамп либерал хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг шүүмжилснээр Орландын цуглаан  дээр хэлсэн  үгээ эхлүүлсэн байна. Тэрээр хэвлэлийнхнийг худал хуурмаг мэдээлэл байнга тараадаг хэмээн буруушааж, өрсөлдөгч Ардчилсан намынхнаа ч  шүүмжилж байсан юм. Харин үгээ хэлж эхэлснээс хойш 30 минутын дараа л хүчтэй өрсөлдөөнд дахин оролцохоор болсноо зарласан юм.

Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгч хэлэхдээ: "Бид Америк орноо аугаа их  улс болгох үйл хэргээ  үргэлжлүүлэх болно.  Тиймээс би  өнөө орой,  та  бүгдийнхээ өмнө зогч байгаад  АНУ-ын  Ерөнхийлөгчөөр  дахин  сонгогдох  кампаниа албан  ёсоор  эхлүүлж байгаагаа  зарлаж байна.  Би  хэзээ ч та  бүхний итгэлийг алдахгүй гэж амлах байна.  Өнөөдөр улс орон маань  хөгжин  цэцэглэж  шинэ  өндөрлөгт хүрсээр байна. Манай улсын эдийн засаг  улс  орны  түүхэнд хамгийн сайн түвшинд хүрчхээд  байна. Бид  өмнө нь  хийж  чадсаныгаа  энэ сонгуулиар  ч давтан харуулах болно.  гэхдээ энэ удаад бид үйл хэргээ  гүйцээх болно" гэсэн юм.

Үүний зэрэгцээ  АНУ-ын Төрийн тэргүүн сүүлийн 2,5 жилийн туршид өрсөлдөгчдийнхөө бүслэлтэд байснаа мэдэгдсэн юм. Гэвч тусгай прокурор  Мюллерийн тайлан илтгэл Ерөнхийлөгчийн багийнханд  ялалт авчирсан  учир энэ ялалтаа баталгаажуулахыг тэрээр уриалж байлаа.  Мөн  Ерөнхийлөгч Трамп өнгөрсөн хугацаанд  хийж хэрэгжүүлж чадсан ажлууд ололт амжилтаа дурдаж байлаа. Юуны түрүүнд Америкийн зэвсэгт хүчнийг бэхжүүлж,  Оросын эсрэг хориг арга хэмжээ авч, Европчуудад  эрчим хүчний эх үүсвэрүүдээ нийлүүлж,  Оросын гол өрсөлдөгчийн нэг болж чадсанаа гайхуулж байлаа.

Мөн Оросын эсрэг Америкийн бусад Ерөнхийлөгчийнхөөс илүү  хатуу ширүүн бодлого явуулж хориг хэмжээнүүдийг харамгүй авснаа ч дурдаж байсан юм. АНУ-ын  Ерөнхийлөгчийн  ээлжит сонгуулийн тухайд 2020 оны 11-р сарын 3-ны өдөр болно. Гэхдээ намуудын дотоод сунгааг эхлэх  хуралдаанууд ирэх оноос эхлэх юм. Одоогоор  улс төрчид  энэ  өрсөлдөөнд  оролцоно гэдгээ  баталж зарлаж байгаа ч  эцсийн  шийдвэрийг намуудын бага  хурлаас л гаргах юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дональд Трамп 2020 оны АНУ-ын ерөнхийлөгч сонгуульд дахин өрсөлдөхөө зарлалаа  
Үзсэн: 108 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй