Шууд Chart

Станбул хотын даргын сонгууль боллоо

2019-06-24 11:55:00

Туркийн Станбул хотын даргын сонгуульд сөрөг хүчний өрсөлдөгч ялалт байгуулж, Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган баяр хүргэжээ. Ням гарагт болсон Станбул хотын даргын сонгуулийн албан ёсны дүнг хараахан зарлаагүй ч, саналын хуудасны 99 гаруй хувийг нээсний дараах мэдээллээр сөрөг хүчний өрсөлдөгч Экрем Имамоглу 54 хувийн саналтайгаар гол өрсөлдөгч Бинали Илдримийг ялж байна.

Сонгуулийн урьдчилсан энэ дүнтэй зэрэгцэн Экрем Имамоглу ням гарагт ялалтаа зарлаж, Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоганы төрийн эрх барьсан 16 жилийн хугацаан дахь хамгийн том цохилт болж байна хэмээн хэвлэлүүд мэдээлжээ. Тэрбээр ням гарагтаа багтан урьдчилсан дүнгээр ялалт байгуулаад байгаа сөрөг хүчний өрсөлдөгчид баяр хүргэсэн байна. Мөн эрх баригч Шударга ёс хөгжлийн намын нэр дэвшигч, Ерөнхий сайд асан Бенали Илдрим өрсөлдөгчдөө амжилт хүсчээ.

Өнгөрөгч гуравдугаар сард болсон орон нутгийн сонгуулиар Туркийн худалдааны төв Станбул хотод сөрөг хүчний нэр дэвшигч Имамоглу багахан саналын зөрүүгээр ялалт байгуулсан. Гэвч энэ дүнг хүчингүй болгож, дахин сонгууль явуулсан нь энэ юм.

Дүүргийн дарга, бизнес эрхлэгч байсан сөрөг хүчний Бүгд найрамдахчуудын намын гишүүн Имамоглу сонгуулийн хугацаанд Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоганыг шүүмжлэхээс зайлсхийж байсныг хэвлэлүүд дурдаж байна. Тэрбээр сонгуулийн дараа замын түгжрэл, Сирийн дүрвэгчдийн хэрэгцээ шаардлага зэрэг Станбул хотын асуудлуудыг шийдвэрлэхэд эрх баригч намынхантайгаа хамтран ажиллахад бэлэн гэжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Станбул хотын даргын сонгууль боллоо   
Үзсэн: 88 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй