Шууд Chart

“Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын нөлөөг бууруулах нь” төслийг хэрэгжүүлж байна

2019-06-24 12:58:00

Засгийн газраас эрүүл мэндийн байгууллагуудад ирэх өвлийн бэлтгэл хангахад нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэж НҮБ-ын Хүүхдийн Сан зөвлөлөө. НҮБ-ын Хүүхдийн Сан Монгол Улсын Засгийн газартай хамтран агаарын бохирдол, хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын нөлөөг бууруулах нь” төслийг хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийн хүрээнд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Пенсилванийн Их сургууль болон бусад түнш байгууллагатай хамтран Баянхонгор аймгийн төвийн гэр хорооллын өрхүүдэд зориулж эрчим хүчний хэмнэлттэй хоол бэлтгэл, халаалт, дулаалгын байгаль орчинд ээлтэйбүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэхээр ажиллаж  байна. 2022 он гэхэд Баянхонгор аймгийн төвийг утаагүй болгох зорилго тавьжээ. Мөн нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, агаарын бохирдлын өртөлтийг бууруулахад анхаарч ажиллаж байна гэж төслийн зүгээс мэдэгдлээ. 

Монголд агаарын бохирдлыг бууруулахад НҮБ-ын Хүүхдийн Сан ямар бодлого барьж, зөвлөмж өгч байгааг тодруулахад тус Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс “Байгаль орчинд ээлтэй эрчим хүчний эх үүсвэрт хөрөнгө оруулах урт хугацааны ажил нь бохирдлын өртөлтийг багасгах, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах арга хэмжээтэй зэрэг явах ёстой. Нэгдүгээрт, Засгийн газраас эрүүл мэндийн байгууллагуудад ирэх өвлийн бэлтгэл хангахад нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Утаа эхлэнгүүт хүүхдүүд өвдөж, эмнэлгүүд ачаалалтай ажиллах нь тодорхой. Шаардлагатай эм тариа, бусад хэрэгслийг хангалттай нөөцлөх, санхүү болон хүний нөөцөөр хангах зэргээр өвлийн бэлтгэлийг нэн түрүүн хангах хэрэгтэй. Агаарын бохирдлоос эрүүл мэндээ хэрхэн хамгаалах тухай мэдээллийг олон нийтэд байнга хүргэх нь чухал байна" гэж мэдэгдлээ.

Мөн "Бид амьдралынхаа 80-90 хувийг ажил, гэр, цэцэрлэг, сургууль гэх зэрэг дотоод орчинд  өнгөрүүлдэг. Тиймээс дотоод орчны агаарын чанарыг сайжруулахад анхаарах нь зүйтэй  Үүнд дулаалга, барилгын битүүмж, агааржуулалтын систем суурилуулах, агаар шүүгч хэрэглэх, зөв цагт цонхоо нээн агаар оруулж сурах зэргийг дурдаж болно. Утаа ихтэй үед гарахгүй байх, гарах зайлшгүй хэрэгтэй бол амны хаалтаа зөв зүүж хэвших, мөн хүүхдийн эрүүл мэндэд анхаарч, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх, дархлаажуулалтад хамрагдах, өвдсөн үед хойшлуулалгүй эмчийн зөвлөгөө авч, эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах зэрэг арга хэмжээг хүн бүр дор бүрнээ авч байх хэрэгтэй гэж НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Алекс Хайкенс мэдэгдлээ.  


“Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын нөлөөг бууруулах нь” төслийг хэрэгжүүлж байна  
Үзсэн: 105 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй