Шууд Chart

Яруу найрагч Ц.Бавуудорж хүүрнэл зохиолын ном гаргажээ

2019-06-24 13:09:41

Монгол Улсын төрийн соёрхолт, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ц.Бавуудорж “Зүрхэн чинадаас” нэртэй хүүрнэл зохиолын ном гаргажээ.

Тус ном нь “Мэдрэмж”, “Сэтгэл” гэсэн хоёр бүлэгтэй бөгөөд 2018, 2019 онд бичсэн эссе, өгүүллэгээс бүрджээ.

Эл бүтээлээс уншигч та сэтгэл ертөнцийн нууц, хүн байхын учир утгын тухай мэдрэх болно.

Ийнхүү дээрх номонд багтсан “Хулан ” өгүүлэгийг хүргэе.

Хулан

Нутаг минь ямар сайхан байна вэ. Зээ охин нь ийн хэлэхдээ хоолой нь чичирхийлж байлаа. Тэрбээр хэсэг зуур чимээгүй явсны дараа сая ам нээж манай нутаг их сайхан зуншиж байгаа юм байна, тиймээ өвөө гэж түрүүчийнхээсээ илүү цоглог өнгөөр дуугарав. Өвгөн зээрд мориныхоо өнжмөл дэлийг ширтэн бодлогоширч явлаа. Бодолдоо гүн автсанаас зээгийнхээ үгийг сонссонгүй. Зээ охин нь нөхөртэйгээ харь хэлээр дуржиганатал ярилцаж хөгжилдөөд өвөө рүүгээ хандан түрүүчийн үгээ давтан хэллээ. Нутагтаа ирээгүй энэ таван жилд говь, тал нутаг хэдэн хүрэн бөөрөг минь огт өөрчлөгдөөгүй аж. Харин өвөөгийн минь үс цайж нүүрэнд нь яасан ч олон үрчлээ нэмэгдээ вэ гэж зээ охин санаа алдлаа. Өвөөгийн минь чих ч хатуу болсон бололтой гэж өөртэйгээ яриад морио давиран өвөөтэйгээ зуузай холбон ойртлоо. Өвөө - Энэ зун манай нутаг их сайхан зуншиж байгаа юм байна тиймээ гэж нэлээд тод дуулдахаар хэллээ. Цагаадай өвгөн охин руугаа сүрхий гэгч тогтоож хараад

-Эмээл дээр гаралгүй их удсан болохоор эв хавгүй оргиод хэцүү байна уу охин минь гэж тэс өөр юм зөрүүлж асуув.

- Зүгээрээ өвөө. Харин ч сайхан байна гэж хэлэхдээ охиных нь нүд очтон гялалзаж байлаа. Өвгөн - Тиймээ охин минь манай нутаг сүүлийн хэдэн зун сайхан байгаа гэж сая охиныхоо асуултанд хариу хэллээ. Цагаадай өвгөн хүрэн атны бөхний хооронд байдгаараа биеэ барьж атны урд бөхийг нь тас тэвэрсэн буржгар үстэй, хар арьстай эрийг дургүйхэн ширвээд бурантгаа дугтрав. Машинаас бууж ирмэгцээ манай найз гээд танилцуулаад байсан. Хаа тэр холоос ингээд дагуулаад ирж байгаа юм хойно нөхөр сүүдэр нь байхаас зайлахгүй. Сураад л боловсроод л энэ олон жил их л сүрхий яваа гэж дуулдаад байсан. Ийм юмтай нөхцөж явсан байх гэж. Өвгөн ийн дотор хүнтэйгээ нударгалцах нь холгүй бухимдаж явлаа. Зуны эхэн сар хуртай бороотой эхэлсэн болохоор энэ зун газар дэлхий ч гэж ёстой дэлэгнэх нь дээ гэж өвгөн өөрөө өөрийгөө тайвшруулах аядаж явлаа. Тэртээ цэнхэрлэгт загасчны завь гэлтэй дайвалзан байсан гурван гэр ойртох тусам гурван ширхэг өдрийн од гэнэт өмнө нь гараад ирэв үү гэмээр тод цагаан өнгөөр цайвалзах аж.

Өвгөдөөсөө өвлөсөн нутаг ус, хэдэн адуу малаа бараадан амар амгалан аж төрсөөр насны цээлд тулж яваа өвгөн Цагаадай олон хүүхдэд дарагдсан охиноосоо галын зээгээ авч үлдсэн нь энэ Хулан. Цаг үе өөр болж байгаа болохоор зээгийнхээ суръя, хол ойр явъя гэсэн хүсэл бүхнийг нь биелүүлэх гэж хоёр хөгшин хамаг л сэтгэлээ зориулж хурааж хумьсан жаахан бэл бэнчингээ ч нимгэлжээ. Гэрийн бараа ойртохын хэрээр зээрд мориных нь хөл хөнгөрч хоёр чих нь сортолзоно. Адуу мөн ч сэргэг сайхан амьтан шүү. Зарим үед хүнээс ч дээр гэж өвгөн өөртөө бувтналаа. Охин нь нөгөөх бужгар үсттэйгээ харь хэлээр дуржиганатал ярьж учир зүггүй инээлдэн хөгжилдөнө. Гэрийн бараа ойртсоор... Гурван гэрээс тийм ч холгүй нэлээд алсуур тойруулж татсан төмөр торон хашаа үзэгдэх агаад түүн дотор ганц хул зүсмийн адуу идээшлэх аж. Охин, өвөө энэ юун адуу тусад нь хашсан юм бэ гэж сониучирхав. Өвгөн, аан энэ ганц адуу юу. Хулан байгаа юм хөөрхий.

Хулан... хулангийн байдас гэлээ. Өө тийм үү хулан юмуу ямар гоё юм бэ гэж дуу алдаад мөнөөх буржгар үст рүүгээ сонин болгон хөөрч байгаа бололтой дахиад л харь хэлээр шулганаад эхлэв. Уяач нэртэй энэ хэдэн хөөрүү харцууд адуугаа хулангийн цусаар сэлбэнэ энээ тэрээ гээд л хөөрцөглөн давхилдсаар хулангийн сүргээс нэг охин даага таслан элдэж авчраад хашсан сан. Хэд хэдэн бага азарган үрээ хашаа руу нь оруулж гишгүүлэх гэж оролдож үйлээ үзлээ л гэцгээж байсан. Нөгөө азарганууд нь хулангийн байдсанд нэг нэг тангаруулаад дахиж ойртсонгүй. Хулан гэдэг адуу чинь ёстой хулан л юм гэж шогширцгоож байсан, монголоо алдмарууд. Үг хэлээд ямар үг авах биш. Өөрсдөө нүдээр үзэж байж нэг мөр болцгоог гээд зөнд нь орхисон. Яг л мөрөөрөө болж байна гэж Цагаадай өөртэйгээ ярьсаар явлаа. Хоёр нохой гэрийн сүүдрээс босч довтолж байгаа хөл бөмбөгчин шиг ухасхийснээ эзнээ танингуут шороо манасхийтэл зогтусацгаав.  Буржгар үстэй, хар арьст эрд бүх л зүйл сонин содон байгаа бололтой их зузаан хар уруулаа угт нь тултал тэлэн инээд алдаж том том цагаан шүдээрээ хөвж яваа үүлсийг юу юугүй урж тасчаад хаячихна уу гэмээр дээшээ овос овосхийнэ. Нутаг орноо санахын дээдээр санаж бэтгэрсэнээ сая л мэдэрсэн охин нь өөрөө аяндаа мэлмэлзэн гарч ирэх нулимсаа арчаад арчаад дийлэхгүй байгаа бололтой толгойныхоо нимгэн алчуураар үе үе шударна. Гурван гэрээс хүүхэд хөгшид нийлсэн арав хорин хүн дэрхийн гарч ирж холын зочдоо сониучирхан тослоо. Цагаадай өвгөн зочдоо уяан дээр буулгаад морь, тэмээгээ хөтлөөд хөдлөв. Өвгөний царай их л баргар байх ажээ. Нэгэн далд зовиур түүнийг дотроос нь түншээд байгаа нь илт. Бараа нь үзэгдэх хэдэн адуу, хэсэг бусаг тэмээн сүрэг рүү ногт, бурантагийг нь суллаад тавьсан адуу, тэмээ хоёр хошуу хандуулав. Өвгөн сажлуулсаар гурван жилийн турш ижил сүргээс нь тасалж хорьсон хулангийн торон хашаанд хүрлээ. Торон хашааны эх үзүүр нэгэн бөөргийн оройгоос эхэлжээ.

Тэрбээр мориноосоо бууж жин үдийн нар руу нэг хяламхийгээд ногоон бөөргийн орой дээр тухлан суув. Сурсан зангаараа ганц нүдний дурангаа гаргаж ирээд дөрвөн зүг найман зовхист тухтайхан дуран гүйлгэлээ. Тэгээд гурван гэрийн зүгт гунигтайхан харав. Цагаадай сэтгэл нь тавгүйтэх болгондоо богинохон ногоон пийсүү соруултай гансаа ойр ойрхон нэрдэг зантай. Энэ удаа ч гансаа тэмтрэн гаргаж ирээд ойр ойрхон нэрж суулаа. Хэсэг зуур ийн саатаад өвгөн торон хашааны ам руу алхав. Шуудхан явж очоод хашааны бэхэлгээг суллаж алсуур дугуйруулан татсан торон хашааны нэг талыг тэр чигээр нь унагаж орхив. Тэртээд сэртэлзэн зогсож байсан хулангийн байдас ийш тийш дүрлэлзэн байснаа газарт ханаран унасан хашлага дээгүүр дээр гэгч үсрэн цойлж гараад амгалан хөх талын тэртээ рүү нарийн шар тоос босгон одлоо. Цагаадай мөнөөх бөөргийнхөө орой дээр дахиад л ирж тухлав. Пийсүү соруултай богинохон гансаа ойр ойрхон нэрэх зуур монголоо алдмарууд гэж хэнд ч юм хэллээ. Хулан минь ижил сүрэгтээ очиж нийл дээ. Энэ хөөрүү хөнгөн харцуул нэгийг бодоосой гэсэндээ өдий хүртэл  чамайг тавьж явуулаагүй юм шүү. Тал нутгийн эрх танхил хулан чи миний хайртай зээ Хулангаас минь ямарч байсан дээр юм. Амьд амьтан бүхэнд өөрийн удам угшлаа цэвэр дагшнаар нь авч үлдэнэ гэсэн дотоод зөн байдаг. Тийм цээр, тийм хориг заавал байдаг гэж уруул нь хөдлөхдөө үрчлээтэй шанааг нь даган урсах цэхэр нулимсыг мэдрэх ч үгүй суулаа. Зуны дунд сарын тал нутаг наран дор дуниартан хөхөмдөглөсөөр...

2019 он

Нийтэлсэн: У.Баярсайхан

Яруу найрагч Ц.Бавуудорж хүүрнэл зохиолын ном гаргажээ   
Үзсэн: 569 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-06-30 21:50
saihan ugvvlleg unshlaa nomuudiig away haanaas awah be
Зочин [127.0.0.xxx] 2019-06-29 06:24
Сайхан өгүүлэг байна. Номнуудыг авья.

Бидэнтэй нэгдээрэй