Шууд Chart

Индонезийн нийслэлийг нүүлгэх асуудлыг дахин хөндлөө

2019-06-24 13:19:25

Индонезийн засаг захиргаа 2024 он гэхэд төрийн байгууллагуудаа Калимантан аралд орших шинэ нийслэлдээ шилжүүлнэ гэж тооцоолж байна. Энэ тухай Төлөвлөлт, үндэсний хөгжлийн сайд Бамбанг Брожонегоро “Жакарта пост” сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.

Тэрбээр нийслэлийг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой бүхий л асуудлыг хариуцсан тусгай бүтцийг байгуулахаар төлөвлөж байгаагаа энэ үеэр дурдсан байна. Ирэх онд ерөнхий төлөвлөгөөгөө хуулийн түвшинд баталж, 2024 он гэхэд төрийн байгууллагуудыг шинэ нийслэлд ажиллуулж эхэлнэ гэж Төлөвлөлт, үндэсний хөгжлийн сайд хэлсэн байна.

Одоогийн байдлаар улсынхаа засаг захиргааны төвийг Калимантан аралд байршуулахаар тогтсон. Ерөнхийлөгч Жоко Видодо яг хаашаа нүүлгэх вэ гэдгийг энэ жилийн дотор зарлана гэжээ.

Анхандаа шинэ нийслэлийг Жакартагийн дагуул хотуудад байгуулах гээд хэд хэдэн хувилбар яригдсан байна. Ингээд өөр арал руу шилжүүлэхээр тогтжээ. Шинжээчид Төв Калимантан мужид байрлах Паланкарая хотыг нийслэл болоход хамгийн тохиромжтой газар гэж үзэж байгаа юм. Энэ бол өнгөрсөн зууны дундуур байгуулагдсан харьцангуй залуу хот. Индонезийн хамгийн сайн төлөвлөгдсөн, сайхан хотуудын тоонд багтдаг. Харин Калимантан муж нь газар хөдлөлтийн аюул харьцангуй багатай бүсэд оршдог байна.

Индонезийн одоогийн нийслэл Жакарта нь хотын дэд бүтэц хангалттай хөгжөөгүйгээс болж олон асуудалтай тулгарч байгаа юм. Энэ хотын жолооч нар жилийн 22 өдрийг авто замын түгжрэлд өнгөрөөдөг гэсэн тооцоог “Юбер” компаниас гаргажээ. Үүнээс гадна дэлхийн хамгийн ачаалалтай хотын чансаанд 12 дугаарт бичигддэг байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Индонезийн нийслэлийг нүүлгэх асуудлыг дахин хөндлөө  
Үзсэн: 103 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй