Шууд Chart

Үер, усны аюулаас урьдчилан сэргийлье

2019-06-24 13:44:16

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу зургаадугаар 24-нд зарим газраар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орно. Борооны өмнө салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд

• Сэрэмжлүүлэг, мэдээ, мэдээллийг тогтмол хүлээн авах, бусдад дамжуулах,

• Гэр, орон байр, хашаа, саравчаа үерийн усны зам, голын голдрил, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх

• Үерийн аюултай бүс нутгаас нүүх,

• Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих,

• Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх

• Цэвэр ус, хоол хүнсний нөөц, дулаан хувцсыг усанд автахааргүй орчинд хадгалах

• Гэнэтийн ослын болон эд хөрөнгийн даатгалд хамрагдах хэрэгтэй. 

Үер, усны аюулын дараа юу хийх хэрэгтэй вэ

• Өөртөө болон бусдад туслах

• Эвдэрч нурсан газраас холдож аюулгүй газар очих

• Шаардлагатай бол эмнэлгийн байгууллагад хандах

• Үерийн усаар халдварт өвчний нян тээгддэг тул цэвэрлэгээ хийх, энэ ажилд мэргэжлийн байгууллагаас туслалцаа авах

• Барилга байгууламжийн гадуур устай байвал дотогш оролгүй хүлээх

• Үерийн ус барилгын суурийг гэмтээж, барилга нурах аюултайг анхаарах

• Хийн шугам гэмтэж хий алдагдах, цахилгаан дулаан болон цэвэр усны шугам сүлжээ эвдэрсэн байх магадлалтай тул холбогдох мэргэжлийн байгууллагаас зөвшөөрсөн тохиолдолд гэртээ эргэж очих

• Ундны усыг заавал буцалгаж хэрэглэх

• Гараа тогтмол савандаж угаах

• Үерийн усанд норсон хүнсний бүтээгдэхүүнийг устгах, хоол хүнс бэлтгэдэг болон ахуйн хэрэглээний сав суулгыг буцалгаж ариутгах

• Булаг, худгийн усыг шавхаж цэвэрлэх

• Гэр хороололд амьдардаг бол бие засах газар, муу усны нүх /сав/-ийг ариутгах, цэвэрлээрэй. 

 

 

Эх сурвалж: ОБЕГ


Үер, усны аюулаас урьдчилан сэргийлье  
Үзсэн: 144 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй