Шууд Chart

Мексикийн засаг захиргаа хууль бус цагаачдын эсрэг цэрэг илгээлээ

2019-06-25 12:08:08

Мексикийн засаг захиргаа хууль бус цагаачдын урсгалыг зогсоох зорилгоор АНУ-тай хиллэдэг хэсэгтээ 15 мянган цэрэг дайчин илгээлээ. Энэ талаар Үндэсний батлан хамгаалахын сайд Луис Кресенсио Сандоваль даваа гарагт мэдэгдлээ.

Мексикийн үндэсний гвардийн 6300 орчим цэрэг дайчин энэ сард өмнөд хилийн дагуух бүсэд эргүүл хийлгэхээр явуулсан. Цэргүүд хилийн аюулгүй байдлыг хангах, түүнчлэн хилийн албатай хамтран гадаадын иргэдийн бичиг баримтыг шалгах ажиллагаанд оролцоно.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цагаачдын хямралыг шийдвэрлэх дорвитой алхам хийхгүй бол Мексикийн бараа бүтээгдэхүүнд 6 дугаар сарын 10-наас 5 хувийн гаалийн татвар ногдуулна гэж мэдэгдсэн билээ. Хууль бус цагаачдын урсгал зогсохгүй бол энэ татвар сар бүр 5 хувиар нэмэгдсээр 10 дугаар сард 25 хувьд хүрнэ гэж анхааруулсан байна. Ингээд хоёр улсын төлөөлөгчид хэлэлцээр хийж, Мексикийн бараа бүтээгдэхүүнд ногдуулах гаалийн татварыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулахаар болсон юм.

Мексикийн Дотоод хэргийн яамны мэдээллээс үзвэл энэ улсад Төв Америк, Карибын сав газар болон бусад бүсээс АНУ-ыг чиглэсэн хууль бус цагаачдын тоо эрс нэмэгдсэн юм. Зөвхөн энэ оны эхний улирлын байдлаар 300 мянган хүн хууль бусаар дүрвэхээр иржээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Мексикийн засаг захиргаа хууль бус цагаачдын эсрэг цэрэг илгээлээ  
Үзсэн: 102 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй