Шууд Chart

Ц.Магалжав: Допинг хэрэглэсэн бөхчүүд энэ жилийн улсын наадамд барилдах эсэх нь энэ долоо хоногт шийдэгдэнэ

2019-06-25 15:30:49

Ц.Магалжав: Допинг хэрэглэсэн бөхчүүдийг энэ жилийн улсын наадамд барилдуулах эсэхийг энэ долоо хоногт шийднэ

МҮБХ-ны дэд тэргүүн Ц.Магалжавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өнгөрсөн амралтын өдөр болсон наадмын сорилго барилдааны үеэр допинг хэрэглэсэн хэмээн нэрлэгдэж буй улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш, аймгийн арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нарыг Монгол Улсын аварга Ч.Санжаадамба тэргүүтэй зарим бөх барилдуулахгүй хэмээн эсэргүйцсэн. Тэдний барилдах хугацааг хоёр жилээр хассан байтлаа хагас жил дутуу байхад нь барилдуулах гэсэнд тэд ингэж дургүйцсэн байх. Үүнийг таны зүгээс хэрхэн харж байна вэ?

-Захиргааны хэрэг дээр үүсээд байгаа маргааны асуудлаас болоод МҮБХ хоёр холбоотой, хоёр толгойтой мэт харагдаад байгаа юм. Тиймээс БЗД-ийн иргэний хэргийн шүүхэд хандаж, 2018 оны тавдугаар сарын 6-нд захирамж гарсан. Гэхдээ энэ захирамжинд нэг асуудалтай зүйл гарч ирсэн. Тэр юу вэ гэвэл хариуцагч нь Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо Жигжиджавын гудамж 2-ийн 1 тоот хаягт байрлах МҮБХ-г Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ү.Хүрэлбаатар хариуцагчаар орж суугаад тухайн бөхчүүдтэй эврэлийн гэрээ хийж, шүүхйн захирамж гаргуулсан байсан. Шүүгчээр нь Ундраа гэдэг хүн ажилласан. Тэгэхдээ Ү.Хүрэлбаатар гуай түүнд нотлох баримт гаргаж өгөлгүйгээр эвлэрлийн гэрээ хийсэн учраас бөхчүүдийг барилдуулах буруу шийдвэр гарчихсан юм. Өөрөөр хэлбэл олон улсын болон дотоодын дөрвөн хууль журам, шийдвэр, Засгийн газрын тогтоолын дагуу шинжилгээ авсан. Энэ бол албан ёсны шинжилгээ.

-Допинг хэрэглэсэн бөхчүүд танай холбоонд барилдах хүсэлтээ хэлж, өргөдөл гаргасан гэсэн ...

-Тийм. Тэд допинг хэрэглэснээ хүлээн зөвшөөрч, энэ сарын 19-нд бидэнд хаягалсан өргөдөлдөө бичсэн байсан. Гэтэл МҮБХ-нд хамааралгүй Ү.Хүрэлбаатар гуай дээрх будилаантай ажил үүсгэснээс болж, тэдгээр бөхийн шүүхийн захирамж гарч, нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас МҮБХ-нд гээд өнгөрсөн тавдугаар сарын 9-нд албадан барилдуулах шийдвэр гаргаж өгсөн. Ингээд дараа нь буюу тавдугаар сарын 14-нд зөрчлийн хэрэг нээгдэх тухай гээд үүнд МҮБХ ТББ-ын дэд тэргүүн Ц.Магалжав, дэд захирал Б.Сайнбаяр нарт холбоотой хэрэг гэж үүсгээд дээрх бөхчүүдийг албадан барилдууна гэсэн дахин нэг шийдвэр гаргасан байгаа юм. Энэ асуудлаас болоод өнөө таван бөх маань “Бид нар албан ёсны шинжилгээнд хамрагдсан” гээд уучлал хүсч, МҮБХ-ны тэргүүн Б.Бат-Эрдэнэд өргөдөл гаргасан юм. Үүний дагуу бид Монгол бөхийнхөө жаяг жудгийг баримталж, энэ шийтгэлээ багасгаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. МҮБХ 2018 оны гуравдугаар сарын 24-нд хурлаа хийгээд бүтэц зохион байгуулалт өөр болсныг уншигчид мэдэж байгаа. Өмнө нь манай холбооны тэргүүн бүх зүйлийг бие дааж шийдвэрлэдэг байсан бол одоо холбооныхоо 15 тэргүүлэгчийнхээ шийдвэрээр тогтоол гаргадаг болсон. Энэ тогтоолд бид МҮБХ-ны зарчим, ардчилсан байдлыг илэрхийлээд 15 тэргүүлэгчийн найм нь уучлал үзүүлж, барилдуулах шийдвэр гаргасан. Гэхдээ миний бие татгалзсан долоон тэргүүлэгчийн нэг. Гэхдээ бид олонхоороо асуудлыг шийдэж байя гэсэн дүрэм журмаа баримталсан. Мөн дээр хэлсэнчлэн шүүгч Ундраагийн гаргасан албадан барилдуулах шийдвэрийг үндэслэсэн. Гэтэл өнгөрсөн амралтын өдөр болсон наадмын сорилго барилдааны үеэр үүнийг зарим бөх эсэргүүцэж, товлосон цагаасаа цаг 30 минут хойшилж эхэлсэн. Хэрвээ үүнийг ингэж эрт шийдээгүй байсан бол улсын баяр наадмын үеэр ч маргалдаж, түр саатах магадлалтай байх байлаа. 2014 оны улсын баяр наадмын гурвын даваанд Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга А.Сүхбат Г.Өсөхбаярыг амлахдаа зүүн, баруун талын тэргүүн магнайд хэн нь гарах нь шийдэгдэхгүй хэсэг хүлээгдэж байсан шүү дээ.  

-Допинг хэрэглэсэн зарим бөх өөрсдийгөө хэсэг хугацааны дараа эрх сэргэдэг юм чинь яасан ч яахав гэсэн байр суурьтай болж. Мөн сая болсон сорилго барилдаанд тэднийг барилдуулах нь эрт шийдвэрлэгдчихсэн байсан юм бол бусад бөхөд дуулгахгүй яасан юм бэ. Энэ талд танай холбоо бөхчүүдтэйгээ нягт ажиллаж чадахгүй байна уу даа ...

-Нэгдүгээрт тэд өргөдөл гаргасан. Гэхдээ зөвхөн үүнийг үндэслэсэн юм биш. Шүүхийн захирамжийн дагуу барилдуулсан. Дараагийн асуултанд хэлэхэд манай холбоо 1000 гаруй бөхтэй. Тэр болгонтой уулзах боломжгүй. Үүнийг хялбарчлахын тулд цахимаар мэдээллэж байгаа. Ингээд явж явж эцсийн маргаан юу вэ гэхээр МҮБХ-нд харьялалгүй Ү.Хүрэлбаатар гуай шүүхийн байгууллагад очоод дээрх таван бөхтэй уулзаж, эвлэрэлийн гэрээ хийчихсэнд байгаа юм. Жишээ хэлэхэд Монгол Улсын гавьяат тамирчин О.Пүрэвбаатар 2000 онд хоёр жилээр эрхээ хасуулсан хэрнээ дараа жилээс нь барилдаад явж байсан тохиолдол бий. Тэгэхээр юм болгон хоёр талтай. Үүнийг бөх сонирхогч та бүхэн зөвөөр ойлгох хэрэгтэй.

-Улсын баяр наадмын тухай хуульд улсын наадамд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авна. Харин бусад үед шинжилгээ авахад хэрэглэсэн байвал тооцохгүй гэсэн хуулийг эдгээр бөхчүүд далимдуулаад байгаа юм би шүү. Мөн дээрх таван бөхийг энэ жилийн наадамд барилдуулах юм уу?

-Далимдуулаад байна уу гэсэн асуудалд хэлэхэд дээрх бөхчүүд болон эвлэрсэн Ү.Хүрэлбаатар гуай ч хууль дүрмээ нарийн сайн үзээгүй. Мөн бид эдгээр дүү нарынхаа мууг үзэх гэж байгаа юм шиг шүүхээр заргалдаад байгаа юм биш. Нэгэнт Ү.Хүрэлбаатар гуай Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо Жигжиджавын гудамж 2-ийн 1 тоот Үндэсний бөхийн холбоо гээд очсон байсан. Харин манай холбооны хаяг Монгол бөхийн өргөө, БЗД-ийн 13 дугаар хороо Энхтайвны өргөн чөлөөнд харьяалагддаг. Ингээд хоёр өөр холбоонд хариуцагч болоод оччихсон болохоор хуулийн хүрээнд ямар ч гарцгүй болчихсон. Харин улсын баяр наадмын тухай хуульд таваас дээш давсан бөхчүүдийг допингийн шинжилгээнд хамруулна гэж заасан. Тэгвэл 2017 онд гарсан Засгийн газрын журам, БСШУЯ-ны тогтоол, допингийн эсрэг конвецид нэгдсэн манай дүрэм журмаар бол энэ явцын дунд авах хууль, дүрэм, журам бэлэн байгаа. Гол маргаан нь дахин хэлэхэд эвлэрлийн гэрээ юм. Би Монголын зохиолчдын эвлэлийн хороонд очоод үймээн гаргавал ямар санагдах вэ. Үүнтэй л адил.

-Энэ жилийн баяр наадмаар эдгээр бөх тэгээд барилдах юм уу. Та хариулсангүй ...

-Үүнийг баяр наадмыг зохион байгуулах бөхийн салбар хорооны шийднэ. Өнгөрсөн жил ч энэ асуудал үүссэн. Тэгэхэд баяр наадмын комиссын дарга, шадар сайд Ө.Энхтүвшин үндэсний бөхийн аварга цолтой бүх бөхийг дуудаж уулзсан. Хоёр холбоо гэж нэрлэгдээд байгаа холбооны тэргүүнтэй ч уулзсан. Тэгэхэд “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат ч ирсэн. Ийнхүү тэд дээрх таван бөхийг улсын наадмаар барилдуулахгүй гэсэн шийдвэр гаргаж, барилдуулаагүй шүү дээ. Гэхдээ энэ жил тэднийг барилдуулах эсэхээ энэ долоо хоногт МҮБХ хэлэлцэж, баяр наадмыг зохион байгуулах хорооноос тодорхой хариу гарна.

-Ер нь допингийн асуудалд шүүх оролцох нь зөв юм уу?

-Буруу. Дэлхийн жишигт байхгүй асуудал. Гэвч яагаад оролцчихсон юм бэ гэхээр Ундраа гэдэг шүүгчид тодорхой нотлох баримт очоогүй байхгүй юу. Гэхдээ хэдийгээр тэр буруу шийдвэр гаргасан ч түүнийг 100 хувь буруутгаж болохгүй. Хамгийн гол нь нотлох баримтаар үндэслэх ёстой. Гэтэл Ү.Хүрэлбаатар гуай тийм зүйл үзүүлэлгүйгээр “Бид нар эвлэрчихсээн” гээд очихоор нь шийдээд өгчихсөн байгаа юм. Ямар ч шүүгч түүн шиг л шийдвэр гаргах байсан байх.   

-Нэмж тодруулахад одоо болтол аль нь үндсэн холбоо бэ гэдэг нь тогтоогдохгүй л байна. Гэвч ямар нэгэн маргаан үүсэхэд танай холбоонд хариуцуулдаг шүү дээ ...

-Захиргааны хэрэг дээр явж байгаа хэрэг дээр яг үндсэн холбоо нь аль нь вэ гэдгийг шүүхийн явцад хэрэг үүсгээд шалгаад явж байна. Одоогоор хоёуланг нь түтгэлзүүлчихсэн байгаа. Гэхдээ аль холбоо нь илүү их үйл ажиллагаа явуулж байна вэ гэдгийг иргэд маань мэдэж байгаа. Бид Монгол бөхийн өргөө хаагдсан цагаас хойш чадах бүхнээрээ ажиллаж байна. Тэгвэл нөгөө холбоо нэг л барилдаан зохион байгуулсан жишээтэй.

-Өнгөрсөн жилийн улсын баяр наадамд допинг хэрэглэсэн нь илэрсэн улсын гарьд Н.Ганбаатар, улсын харцага А.Цацабшир нарын барилдах эрхийг гурван сараар хасч, унасан бөхийг нь давснаар тооцлоо. Гэтэл тэдний өмнөх жилийн наадамд мөн л сэргээш хэрэглэсэн гэх улсын начин цолны болзол хангасан Н.Адъяабат, Б.Суманчулуун нарын цолыг хассан. Тэгэхээр яагаад заримынх нь цолыг хасч, заримынх барилдах эрхийг түр хугацаанд хассан ч цолыг нь хэвээр үлдээж байна вэ?

-Үндэсний баяр наадмыг МҮБХ биш баяр наадмыг зохион байгуулах хороо зохион байгуулдаг. Энэ хороонд үндэсний бөхийн салбар хороо гэж бий. Тэр хороонд манай холбооноос нэг ч хүн ороогүй. Тэр хороонд орсон хүмүүс тухайн жилийн баяр наадмын бөхийн барилдааныг хэрхэн шийдвэрлэх вэ, тэр дагуу л явуулдаг. Нэг гажуудалтай зүйл байгаад байгаа юм. Н.Адьяабат, Б.Суманчулуун нарын цолыг хураасан хэрнээ бусдынх нь барилдах эрхийг хэдэн сараар хасч, цолыг нь хэвээр үлдээсэн нь үнэн. Тэгэхээр он оны шийдвэр өөр байдгийн жишээ энэ. Эдгээрийг шийддэг байгууллага нь МҮБХ биш Монгол Улсын Ерөнхийлөгч шийддэг асуудал гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ц.Магалжав: Допинг хэрэглэсэн бөхчүүд энэ жилийн улсын наадамд барилдах эсэх нь энэ долоо хоногт шийдэгдэнэ   
Үзсэн: 1381 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Жамбаа [127.0.0.xxx] 2019-06-30 16:39
Ганбаатарын эрх 3 сар сонирхолтой юм
Зочин [127.0.0.xxx] 2019-06-30 06:21
Допинг хэрэглэсэн новшнуудаа барилдуулах үгүйгээ ч мэдэхгүй, допинг гэж ер нь юуг хэлээд байгааг ч сайн ойлгоогүй нөхөр байна энэ Магалжав, яг манай нөгөө ямар ч боловсролгүй, ардын хөр ухаан алинч байхгүй одоогийн хөдөөний мангаруудтай өдил
Зочин [127.0.0.xxx] 2019-06-25 17:07
Шүүх бөхийн холбооны шийдвэр гарсан бол Мангалжав хэрэгжүүлэх үүрэгтэй өөрөө сайн хүн болох гэж бусдыгаа зарлах хэрэггүй Санжаа нэг таахалцсан юм олон түрүүлбэл дийлдэхгүй нь дахин түрүүлэхгүй л дээ битгий биёэ тоо!!!!!!

Бидэнтэй нэгдээрэй