Шууд Chart

“Өлгийн хүчтэн” дэвжээнийхэн аймгийн арслангууддаа илүү их итгэл хүлээлгэж байна

2019-06-28 13:25:28

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадам болоход яг 13 хоног үлдлээ.

Энэ цаг үед манай сайтын сурвалжлах хэсэг аймаг аймгийн бөхийн галд саатаж, уншигчиддаа цуврал сурвалжлага “хүргэж” байна.

Өчигдөр Сүхбаатар аймгийн “Жавхлант”, Говь-Алтай аймгийн “Хантайшир” бөхийн дэвжээний тухай нийтэлсэн бол энэ удаа Баян-Өлгий аймгийн “Өлгийн хүчтэн” дэвжээнийхний сонин сайхныг дуулгая.

Уг галыг Толбо сумын харьяат, аймгийн арслан Консолын Канат ахалж байна. Үүнд Монгол Улсын начин Б.Баатарцол, Б.Серик нараар манлайлуулсан 30 орчим бөх Увс аймгийн “Увс нуур” галтай урд талд нь залгаа байрлаж, дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж байна.    

Тэд энэ сарын 12-нд галынхаа бэлтгэлд гарчээ. Биднийг очих үед үндсэн бэлтгэлээ түр завсарлаад үдийн цайгаа ууж байсан юм.

Хамт олон нь Б.Серикийг энэ жил цолоо ахиулах болов уу гэж таамаглаж байгаа ч аймгийн арслан цолтой дөрвөн залуугаа улсын начин цолтны эгнээнд багтах болов уу гэсэн нууцхан хүсэл тээж байгаагаа нуусангүй.

Галын ахлагч К.Канат “Эдгээр залуусынхаа заримыг нь аймаг, сумын наадамд зодоглуулна. Аймгийн арслан, заан цол хүртэх хэмжээний хэдэн хүү бий. Сумын наадамд ч хүч үзэх залуу бөхчүүд бий. Эднийг маань өдий зэрэгтэй болтол нь бэлтгэл хийлгэж, цол хүртээсэн нутгийн минь буян хишиг их ээ. Өмнөх үеийг бодвол манай аймгийнхан үндэсний бөхийн спортыг их ойлгодог болсон. “Энэ жил цол нэмэх, шинэ цолтон төрөх боломжтой хэн хэн байна вэ” гэж байнга асуудаг” гэсэн юм.

“Өлгийн хүчтэн” галынхан ирэх жилээс одоо байгаа амралтаасаа холгүйхэн буурь сэлгэх гэж байгаа юм билээ. Тус боломжийг К.Канат арслангийн сумын иргэн, нэгэн бизнесмен залуу нээж, газар бэлэглэсэн гэсэн. Уг газар дээр хашаа хатгаж, тохижуулах ажил эхэлбэл аймгийнх нь бүх сумаас тус бүр нэг гэр барьж өгч, бэлтгэлийн бааз байгуулна гэдгээ дуулгасан юм билээ. Тэгэхээр тэд ирэх жилийн баяр наадмын бэлтгэлээ шинэ орчинд, гэрт базаах нь ээ.

Гэхдээ энэ довноосоо холгүй газар авсны шалтгаан нь хоёр начин төрүүлсэн буян хишигтэй сайхан хангай хэмээн билэгдэж, хол газар хана шийрлэхийг хүсэхгүй байгаа аж.

Тэд энэ сарын 22-нд ойролцоох галын аймаг, цэргийн болон залуу 64 бөх хамруулж, бэсрэг наадмаа зохион байгуулахад улсын начин Б.Серик түрүүлж, аймгийн арслан У.Берек үзүүрлэсэн гэв. Мөн наадмын сорилго барилдааны шөвгийн наймд Б.Серикээ шалгарсанд билэгшээж байгаагаас гадна эцсийн мөч болсон улсын наадамд энэ эрчээрээ дээргүүр гарч барилдаасай хэмээн хүсч буй нь илт.

Гэхдээ тэд түүнийг тавын даваанд улсын начин Д.Анар найзтайгаа таарах вий хэмээн болгомжилж байна. Учир нь тэр хоёр хар багаасаа нөхөрлөсний зэрэгцээ ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвийн гарын шавь нарын нэг тул хэн хэндээ халгаатай зүйл болох вий хэмээн эмээж байгаа биз ээ.

“Өлгийн хүчтэн” дэвжээний бөхчүүдийн барилдааны бэлтгэлийг Монгол Улсын гавьяат тамирчин, улсын заан О.Одгэрэл хангуулж байгаа. Түүний нэмэр их биз гэхэд К.Канат арслан “Галын маань бөхчүүд өөрийн гэсэн багштай болмоор байна гэсний дагуу манай аймгийн нутгийн зөвлөл ярилцаж байгаад түүнийг сонгосон. Өнгөрсөн гуравдугаар сараас эхэлж, энэ жилийн улсын баяр наадам хүртэл ажиллуулах гэрээтэй байгаа. Цаашдаа үргэлжлүүлэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Зааны нөмөр нөөлөг их байгаа. Аймгийн арслан цолтой манай залуучуудын бэлтгэл улам сайжирч байгаа. Тиймээс тэдэндээ илүү их найдлага тавьж, улсын шинэ цолтон төрөх байх гэж харж байна ” гэсэн юм.

Тус галынхан энэ жил биеийн тамирын хослол хийлгэжээ. Зүрхэн талдаа галынхаа логог байршуулсан бол ар талдаа “Өлгийн хүчтэн” дэвжээ хэмээн бичүүлсэн нь бусдаас онцгой харагдаж байв.

Тэд үүнийгээ барилдааны бусад үед өмсөх бол үндэсний их баяр наадмаар дээлээрээ гаргана гэсэн.

Мөн тус галд малчны хотноос ирсэн залуучууд нэлээн их ирсэн байгаа харагдсан. Галын ахлагч К.Канат “Шинэ ирсэн залуучуудын маань зарим нь Монгол хэл сайн мэдэхгүй юм аа. Мөн Монгол ёс жудаг, бөхийн дэг ёсны талаар ямар ч төсөөлөлгүй байна. Тиймээ би тэднийгээ “Та нар энэ нутгийн усыг ууж байгаа юм чинь ёсыг нь дагах ёстой шүү” гэж байнга хэлдэг. Яваандаа зөв голидролдоо орох байх аа” гэв.

Үүний дараа цолоо ахиулах хэмжээнд яригдаж буй Монгол Улсын начин Б.Сериктэй ярилцсан юм.

Б.Серик: Цаадах чинь “нууц хөзрөө” гаргаад намайг давчихаад байна шүү

Миний хувьд ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны дасгалжуулагч Ц.Шийрэв багшийнхаа удирдлага дор наадмын үндсэн бэлтгэлээ хийдэг ч сүүлийн хоёр нутгийнхаа дэвжээний бөхчүүдтэй гараад байна. Наадам болоход 10 гаруйхан хоног үлдсэн энэ үед бэлтгэл жигдрээд сайхан болж байна аа. Энэ жилийн заалны барилдааныг би бараг алгасаагүй. Гэхдээ Казах кураш бөхийн ДАШТ болон Саудын Араб Улсад болсон Нүүдэлчдийн их наадамд улсын начин Д.Анартай хамт явж оролцоод ирсэн. Тэгэхдээ ДАШТ-ээс мөнгө, удаах тэмцээнд нь Д.Анар түрүүлж, би дахин мөнгөн медаль хүртсэн. Сая болсон наадмын сорилго барилдааны тавын даваанд Д.Анартай тунаж, унасан.

-Та хоёр бие биенийхээ барилдааныг гарын хуруу шигээ мэднэ дээ. Цаадах чинь нууц хөзрөө гаргаад байна уу даа ...

-/Инээв.сурв/ Харин тийм ээ. Шинэ “юм” гаргаж ирээд намайг давчихаад байна шүү дээ. Мөн О.Одгэрэл заан манай галынхны бэлтгэлийг хийлгэж байгаад баяртай байгаа. Заан жүдо бөхөөр хичээллэж байснаас гадна ЦЕГ-ын “Хүч” спорт хороонд олон жил дасгалжуулагчаар ажилласан туршлагатай. Мөн би ч гэсэн жүдо бөхийн суурьтай болохоор надад их давуу тал болж байна. Маргааш би “Сүлд” спорт хорооныхоо гал руу явна. Энэ галдаа саяхан болсон бэсрэг наадамд оролцохоор ирсэн юм. Мөн хоёр талд бэлтгэл хийх нь илүү туршлага хуримтлуулж, барилдаанаа чангаруулах талтай. Манай галаас аймгийн арслан Н.Мустафа, У.Береке, М.Эркибулан, Т.Ерболат нар улсын наадамд хүч үзнэ. Т.Ерболатыг та нар сайн таних байх. Боксын шигшээ багт тоглодог байснаас гадна өнгөрсөн жил аймгийн наадамд түрүүлсэн залуу шүү дээ.

 

Үргэлжлэл бий ...



















Нийтэлсэн: У.Баярсайхан

“Өлгийн хүчтэн” дэвжээнийхэн аймгийн арслангууддаа илүү их итгэл хүлээлгэж байна  
Үзсэн: 4928 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Ayan [127.0.0.xxx] 2019-06-30 20:20
Amjilt
Зочин [127.0.0.xxx] 2019-06-29 14:13
Olgii dewjeenii bvhchvvdef amjilt hvsiy
Зочин [127.0.0.xxx] 2019-06-29 10:54
Amjilt
Зочин [127.0.0.xxx] 2019-06-29 00:55
Ene olon zaluus ajil hiigeesei
Myeiram [127.0.0.xxx] 2019-06-29 11:58
yu xiilgex gsiin
Зочин [127.0.0.xxx] 2019-07-09 00:02
Ene bie tenhetei bhda mungu olj ar gerinhen bolon eh orndoo ashigtai yum hiihgui avsan neg tsol ch bhgui ungruhbiidee. Ih l tom tom yrdag zaluus bn.

Бидэнтэй нэгдээрэй