Шууд Chart

"Их 20"-ийн дээд хэмжээний уулзалтын эргэн тойронд...

2019-06-29 11:34:55

"Их 20"-ийн дээд хэмжээний уулзалт өчигдөр эхэлсэн. Тус уулзалтын мэдээ, мэдээлэл дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагын гол сэдэв болсоор байна. Уулзалтын эхний өдөр зарим улс орнуудын хоёр талт уулзалтууд болжээ. Харин "Их 20"-ийн түүхэн дэх 14 дэх удаагийн дээд уулзалтад оролцогчдыг зохион байгуулагч орны Ерөнхий сайд Абэ Шинзо угтан авч улмаар нэгдсэн зураг авахуулснаар албан ёсоор эхэлсэн.

"Их 20"-ийн удирдагчид 2020 он гэхэд тоон эдийн засгийн гэрээг боловсруулах тохиролцоонд хүрсэн байна. Энэ удаагийн дээд уулзалтын хүрээнд нийт 4 салбар хуралдаан болно. Юуны түрүүнд олон улсын эдийн засаг, санхүү түүний дотор худалдааны асуудлыг хөндөж хэлэлцэх юм. Хоёрдугаарт, байгаль орчныг хамгаалах, гуравдугаарт мэдээллийн технологийн салбар дахь томоохон корпорациудад татвар ногдуулах олон улсын системтэй болох асуудлыг онцгойлон хөндөж хэлэлцэхээр байна.

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо дээд уулзалтын эхний хуралдааныг нээж хэлсэн үгэндээ дэлхийн эдийн засаг, геополитикт үүсч байгаа сорил бэрхшээлүүдийн эсрэг хамтдаа тэмцэхийг уриалж байлаа. Тэрбээр "Япон улсад энэ жил шинэ эзэн хаан хаан ширээндээ заларч байна. Шинэ эрин эхэлж байгаа энэ жил бид "Их 20"-ийг тэргүүлж байгаадаа ихээхэн баяртай байна. Осакад бид бүхэн санал зөрөлдөөнөө тодотгох бус бүх улс оронд ашигтай тэр л цэгийг олох ёстой. Эхний хуралдаанаараа бид дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлыг хэлэлцэнэ. Одоо эдийн засгийн өсөлтийн хэм удаашрах эрсдлүүд үүссэн хэвээр байна. Худалдаа геополитикт үүссэн ан цав нэмэгдсээр байна. "Их 20"-ийн удирдагчид чухамхүү энэ л сорил бэрхшээлүүдэд хариулт өгөх үүрэгтэй. Бид чөлөөт, шударга худалдааны системээ бэхжүүлж дэмжих бодит дохио сануулгыг дэлхий нийтэд өгөх хэрэгтэй байна" гэж онцлов.

Осакагийн дээд уулзалтад "Их 20"-ийн орнуудын удирдагчдаас гадна Вьетнам, Тайланд, Сингапур, Нидерланд, Египет, Испани, Сенегал, Чилийн удирдагчид урилгаар оролцож байгаа юм. Мөн олон улсын байгууллагууд, түүний дотор НҮБ ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш, Дэлхийн банкны Ерөнхийлдөгч Дэвид Мэлпас, Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард нар оролцож байна. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, хөдөлмөрийн байгууллага, эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагуудын удирдлагууд оролцож байгаа юм.

ХАМГААЛАЛТАД ЯПОНЫ 30 МЯНГАН ЦЭРЭГ, ЦАГДАА ГАРЧЭЭ

"Их 20"-ийн дээд хэмжээний уулзалт Осакагийн булан дахь Сакисима хэмээх хиймэл арал дээр болж байгаа юм. Тодруулбал тус арлын "Интекс Осака" гэдэг олон улсын үзэсгэлэнгийн цогцолборт хоёр өдөр болох юм. Япон улс "Их 20"-ийн бүлгийг даргалах эрхийг өнгөрсөн оны 11 сард Аргентин улсаас хүлээн авсан. Харин анхны дээд уулзалтын бэлтгэл ажлыг Япон улс ямар түвшинд хангасан тухай мэдээллийг хүргэе. Дээд хэмжээний уулзалт эхлэхээс өмнө аюулгүй байдлыг хангах зорилгоор Осака хотын ихэнх зам, метроны станциудыг хаажээ. Түүнчлэн сургууль, цэцэрлэгүүдийн хичээлийг түр хаагаад байна. Мөн ихэнх аж ахуйн нэгж байгууллага, дэлгүүр, зоогийн газар ч хаалгаа барьжээ. Японы жирийн иргэдийн хувьд ийнхүү энэ олон улсын арга хэмжээнд ихээхэн ач холбогдол өгч байна. "Их 20"-ийн дээд хэмжээний уулзалтын хамгаалалтад Японы 30 мянган цэрэг, цагдаа гарчээ. 

АНУ, ОХУ-ЫН ДЭЭД УУЛЗАЛТ БОЛЛОО

"Их 20"-ийн дээд уулзалтад оролцогчид нэгдсэн хуралдаануудаас гадна хоёр талт, олон талт уулзалтуудыг хийж байгаа тухай бид дээр мэдээлсэн. Дэлхийн хэвлэлүүд эдгээр уулзалтаас АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Төрийн тэргүүн Владимир Путин нарын уулзалтын онцлон мэдээлж байна. Хоёр улсын удирдагч хамгийн сүүлд өнгөрсөн оны долоодугаар сард Хельсинкэд албан ёсны дээд уулзалт хийсэн. Түүнээс хойш Москва,  Вашингтоны харилцаа эрс муудсанаас болж Буйнес Айрес дахь уулзалтаа хүртэл цуцалж байсан юм. Өчигдөр АНУ, ОХУ-ын удирдагчдын Осака дахь дээд уулзалт цаг хагас үргэлжилсэн байна. Оросын талаас энэ уулзалтад Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Засгийн газрын Шадар сайд Антон Силуанов нар оролцсон байна. Харин Америкийн талаас Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Жон Болтон, Дональд Трамп Ерөнхийлөгчийн охин Иванка Трамп, хүргэн Жаред Кушнер нарын төлөөлөгчид оролцжээ.

Уулзалтын дараа АНУ-ын Цагаан ордноос мэдээлэхдээ хоёр удирдагч Иран, Сири, Венесуэл, Украины нөхцөл байдлын талаар хэлэлцсэний дээр харилцаагаа сайжруулах нь хоёр орны төдийгүй дэлхий нийтийн ашиг сонирхолд нийцнэ гэдгийг хүлээн зөвшөөрцгөөсөн байна. Мөн Оросын Гадаад хэргийн яамнаас хоёр удирдагчийн уулзалтын уур амьсгал нааштай, дулаан байсныг үнэлсэн байна.

Осакагийн энэ уулзалтаас өмнө хоёр удирдагчийн хоёр ч уулзалт цуцлагдсан юм. Нэг нь АНУ бага дунд тусгалын пуужин устсгах гэрээнээс гарахаар болсонтой, дараагийнх нь ОХУ хил зөрчсөн хэргээр Керчийн буланд Украины усан цэргүүдийг саатуулсан сөргөлдөөн гарсантай холбоотой байсан билээ. 

ШИ ЖИНЬПИН: ПРОТЕКЦИОНИЗМ, ДАРАМТ ШАХАЛТ ҮЗҮҮЛЭХ БОДЛОГО ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨД ХОР УЧРУУЛЖ БАЙНА

Харин хоёр талын өнөөдөр болох уулзалтуудаас Дональд Трамп, Ши Жиньпин нарын уулзалтыг ихээхэн онцлон хүлээж байна. Хоёр талын худалдааны маргаантай асуудлаа эцэслэж шинэ гэрээ байгуулах тохиролцоонд АНУ, БНХАУ-ын дарга нар Буйнес Айрес дахь "Их 20"-ийн 13 лахь дээд уулзалтын хүрээнд болсон уулзалтынхаа үеэр хүрсэн ч өнөөдөр энэ яриа хэлэлцээ нь мухардалд орчихоод байгаа юм.

Түүгээр ч зогсохгүй АНУ ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын бараа бүтээгдэхүүнүүдэд нэмж импортын гаалийн татвар ногдуулахад бэлэн байгаагаа мэдэгдэж "худалдааны дайн" намжихгүй нь гэж хөрөнгө оруулагчдыг болгоомжлоход хүргээд авсан. Тиймээс энэ удаагийн дээд уулзалтаар хоёр орны төрийн тэргүүн гацаанд орчихоод байгаа худалдааны хэлэлцээгээ үр дүнд хүргэх тохиролцоонд хүрч магадгүй гэдэг хүлээлт ихээхэн байна. Харин энэ дээд уулзалтын өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпин дэлхийн эдийн засаг, худалдааны өсөлтөд юу гол саад тээг нь болж байгааг нэрлээд байна. Тэрбээр дижитал эдийн засаг сэдэвт салбар хуралдаан дээр ийнхүү мэдэгдсэн юм.

Ши Жиньпин "Бусдын ашиг сонирхлыг хохироож өөрийнхийгөө хамгаалах гэсэн аливаа оролдлогууд амжилттай болж байсан түүх байхгүй. Бид шударга, ялгаварлан гадуурхдаггүй зах зээлийн орчныг бүрдүүлэх ёстой. Бид технологи, хүн, мэдээллээ харилцан солилцох үйл явцаа өргөжүүлж, дэлхийн аж үйлдвэрлэлийн гинжин урвалыг бүрэн бүтэн байлган, амьдрах чадвартай болгох ёстой. Бид мөн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх ёстой. Хаалттай хаалганы цаана, зах зээлд санаатайгаар нөлөөлөх замаар хөгжиж чадахгүй ээ. Дэлхийн эдийн засгийн хөгжлийн гол тээг саад нь бол протекционизм, дарамт шахалт үзүүлэх бодлого шүү" гэв онцлов. 

“БРИКС”-ИЙН УДИРДАГЧДЫН АЛБАН БУС УУЛЗАЛТ БОЛЛОО

"Их 20"-ийн дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа "Брикс"-ийн орнуудын төр засгийн тэргүүн нарын албан бус уулзалт мөн өчигдөр Осака хотноо боллоо. Бразил, ОХУ, Энэтхэг, БНХАУ, Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын удирдагчид энэ уулзалтынхаа үр дүнд хамтарсан мэдэгдэл гаргалаа. Энэ мэдэгдлийг хамтын ажиллагааны тус механизмыг даргалж байгаа Бразилын Гадаад хэргийн яамнаас нийтэд мэдээлсэн юм.

Энд тэмдэглэснээр "Брикс"-ийн орнууд 2018 онд анх хийсэн валютын нэрлэсэн нөөцийн сангийн туршилтаа арай хүнд хэлбэрээр үргэлжлүүлэн хийхээр тохиролцсон байна. Мөн макро эдийн засгийн мэдээлэл харилцан солилцох механизм үр дүн сайтай ажиллаж байгааг тэмдэглэсэн байна. "Брикс"-ийн орнуудын удирдагчид Дэлхийн худалдааны байгууллагын шинэчлэлтэй холбоотой асуудлыг хөндөж хэлэлцээд энэ чиглэлээрх хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ.

Тодруулбал, "Брикс"-ийн орнууд Дэлхийн худалдааны байгууллагын олон улсын худалдааны систем дэх гол үүргийг хадгалж үлдэх ёстой гэдэг байр сууриа баталцгаасан байна. Үүний зэрэгцээ цахим орчнйг террористууд ихээхэн ашиглах болсны эсрэг Засгийн газар, бизнесийн хүрээнийхэн хамтран ажиллах шаардлагатай байгаа тухай онцгойлон хөндөж хэлэлцсэн байна.

Мөн "Брикс"-ийн удирдагчид олон улсын хууль эрх зүйн үндсэн дээр НҮБ-ын санаачилга дор терроризмтэй тэмцэх цогц арга хэмжээ авч хүчин чармайлтуудаа нэгтгэхийг уриалсан байна. Харин Олон улсын валютын сангийн квоттой холбоотой асуудлыг 2019 оны намраас өмнө хийх байр суурьтай байгаагаа тэд баталсан байна. 

Нийтэлсэн: Б.Түвшинжаргал

"Их 20"-ийн дээд хэмжээний уулзалтын эргэн тойронд...   
Үзсэн: 897 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй