Шууд Chart

Хурдны машинтай залуус жолооч нарт “Яараад яах вэ” гэж уриаллаа

2019-06-29 18:33:10

зам тээврийн ослын улмаас 2016 онд 479, 2017 онд 507, өнгөрсөн жил 562 хүн амиа алдсан

Цагдаагийн ерөнхий газар болон ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс он гарсаар цахим гэмт хэргээс сэргийлэх “Unfriend”, танхай болон зодооны зөрчил, гэмт хэргийг бууруулах зорилготой “Нэг хором”, хүүхэд үйлдсэн болон хохирсон гэмт хэргийн эсрэг “Зөв тусгал” аяныг амжилттай хэрэгжүүлсэн. Дээрх арга хэмжээний хүрээнд гэмт хэргийн тоо нэлээд хувиар буурсан. Тухайлбал, “Нэг хором” аяны өмнө танхай, зодооны гэмт хэргийн гаралт 800 гаруй байсан бол ухуулга сурталчилгааны дараа 500 орчим хэрэг бүртгэгдсэн. “Зөв тусгал” аяны үр дүнд хүүхэдтэй холбоотой гэмт хэрэг 20 хувиар буурчээ. Түүнчлэн аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газраас “Оюу толгой”, “Мобиком” компанитай хамтран зам тээврийн осол, хэргийн гаралт, үүнээс үүдсэн иргэдийн халуун амь, эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирлыг багасгах, автозамын хөдөлгөөнд оролцогчдын сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх, таатай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилготой “Яараад яах вэ” аяныг эхлүүлж, шат дараатай ажил хийж хэрэгжүүлж байна. Учир нь

Нийт осол аваарын 77.8 хувь нь жолоочоос шалтгаалдаг

Тус аяны талаар Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг: “Осол аваар их гардаг улирал эхэлж байгаатай холбоотойгоор энэ төрлийн хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс цагдаагийн байгууллага “Яараад яах вэ” аяныг эхлүүлсэн. Улаанбаатараас орон нутгийг чиглэсэн замд осол аваар их гардаг. Тодруулбал, энэ төрлийн нийт ослын 80-90 орчим хувь нь зургаагаас есдүгээр сарын хооронд гарсан. Үүний улмаас жилд 400-500 орчим хүн нас барсан. Тиймээс осол аваараас урьдчилан сэргийлэх ухуулга, нөлөөлөл, мэдээлэл сурталчилгааны ажил зохион байгуулж байна. Нийт осол аваарын 77.8 хувь нь жолоочоос шалтгаалдаг. Тиймээс аяны хүрээнд жолооч нарт замын хөдөлгөөнд зөв боловсон, соёлтой оролцох уриалга, мэдээлэл хүргэж байгаа.

“Яараад яах вэ” аяныг автомашин сонирхогчдын хэд хэдэн клуб, урлаг, спортын болон бусад салбарын олны танил хүмүүс дэмжиж хамтран ажиллаж байна. Улаанбаатар хотоос орон нутгийг чиглэсэн автомашин их зорчдог таван зам бий. Цагдаагийн байгууллагаас автомашин сонирхогч клубүүдийн гишүүд болон олны танил хүмүүстэй хамт нийслэлээс орон нутаг руу явдаг гурван зам дагуу байрлаж, жолооч нарт мэдээлэл хүргэж, нөлөөллийн ажил хийж байна. Тухайлбал, өнөөдөр(өчигдөр) Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймаг Багануур дүүрэг рүү явдаг зүүн чиглэл, Дорноговь, Говьсүмбэр аймаг руу зорчдог зүүн урд чиглэл, баруун таван аймаг болон Дарханы зам руу зорчдог баруун чиглэлд “Яараад яах вэ” аяны пост байрласан.

Маш олон жолооч замын хөдөлгөөнд соёлтой оролцдог хэдий ч орон нутгийн замд машин барьж буй бусад хүний дүрэм зөрчсөн үйлдэл осол аваар гарахад нөлөөлдөг. Тиймээс осол аваараас урьдчилан сэргийлэхийн тулд энэ аянд нийт жолоочийг хамруулахаар зорьж байна.” гэж хэллээ.

Дээрх аяны хүрээнд нөлөөлөх, урьдчилан сэргийлэх зорилготой 135 сая төгрөгийн өртөг бүхий долоон самбарыг Улаанбаатар хотоос орон нутаг руу явах замд буюу Төв аймгийн Эрдэнэ сум, Говьсүмбэр чиглэлийн 48 дахь км буюу Төв аймгийн Сэргэлэн сум, нийслэлээс гарах баруун чиглэлийн 61 дэх км буюу Төв аймгийн Баянцогт суманд байршуулсан. Мөн эдгээр самбарын дэргэд түр пост байрлаж, тээврийн цагдаа нар болон олны танил эрхмүүд, автомашин сонирхогч клубын хурдны машинтай залуус жолооч нарыг тосч уулзан, “Яараад яах вэ” машины наалт бэлэглэж, Замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэх, холын замд хурдаа тааруулж, зорчихыг уриаллаа.

Үүнээс Улаанбаатар хотоос баруун таван аймаг руу зорчих замд буюу Төв аймгийн Баянцогт суманд соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Ганцэцэг, “Zero gravity vip Crown” клубын залуус ажиллаа.

хэр хурдан очих нь чухал биш. эсэн мэнд, эрүүл энх хүрэх ёстой

Энэ үеэр “Аримун” продакшныг үүсгэн байгуулагч, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Ганцэцэг: “Яараад яах вэ” аяныг зохион байгуулж байгаад маш их баяртай байна. Нийслэлийн иргэд урин дулаан цагт, тэр дундаа зуны эхний сард орон нутгийн замд гардаг. Урлагийн салбарынхан бид ч уран бүтээлийнхээ ажлаар хөдөө, орон нутгийг зорьдог. Миний ажигласнаар орон нутгийн замд хамгийн аюултай зүйл нь би хэдий замын хөдөлгөөний дүрмээ баримталсан ч надтай хамт замын хөдөлгөөнд оролцож буй бусад жолооч хурд хэтрүүлэх, гэрлээ шилжүүлэхгүй байх гэх мэт олон асуудал тулгардаг. Тиймээс энэ аянд сайн дураараа нэгдэж, бусад жолооч нарт мэдээлэл, уриалга хүргэж байна. Би жолооч нарт юу гэж хэлж байгаа вэ гэвэл “Таны хайртай хүмүүс хэр хурдан давхиж ирснээр бус эсэн мэнд, эрүүл энх очиход тань аз жаргал, баяр хөөртэй угтах болно. Тэгэхээр яараад яахав дээ. Хурдаа тохируулаад, дүрмээ биелүүлээд замын хөдөлгөөнд соёлтой оролцоорой. Аминаас илүү үнэ цэнэтэй цаг хугацаа гэж байхгүй” гэв.

Мөн жолооч Б.Нацагдорж Төв аймгийн Хулстайн нуруу чиглэлд чиглэлд жуулчид тээвэрлэж явна. Цагдаагийн байгууллагаас “Яараад яах вэ” гэсэн маш хэрэгтэй аян эхлүүлсэн байна. Энэ аяны хүрээнд нийслэлээс орон нутаг руу явах зам дагуу байрлуулсан самбаруудыг харсан. Зам тээврийн ослын улмаас нас барсан, гэмтсэн, энэ төрлийн хэрэг зөрчил гаргаж шүүхээр шийдвэрлэсэн хүмүүсийн тоо баримтыг байрлуулсан байсан. Цагаа олсон маш зөв зүйтэй, кампанит ажил гэж бодож байна. Миний хувьд 35 жил жолоо мушгиж байна. Заримдаа яарч давхих тохиолдол бий. Цаашдаа дүрмийн дагуу зорчино. Орон нутгийн замд хурд хэтрүүлж давхидаг жолооч нар байдаг. Нийт жолооч нартаа хандаж хэлэхэд бие биенээ хүндэтгээд, замынхаа нөхцөл байдалд тааруулж, хурдаа тохируулаарай” гэлээ.

хамгийн чухал нь хурдаа тохируулах

Харин “Zero gravity vip Crown” клубын менежер Н.Эрдэнэбаяр: “Манай клуб VIP Crown машинтай залуус нэгдсэн Монголдоо энэ төрлийн анхдагч клуб. Цагдаагийн ерөнхий газрын “Яараад яах вэ” аяныг дэмжиж бүрэн бүрэлдэхүүнээрээ хамтарч ажиллаж байна. Орон нутгийн замаар явж буй жолооч нарт Замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, бүсээ зүүх, хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэх, замын хөдөлгөөнд соёлтой оролцох, хамгийн чухал нь хурдаа тохируулах буюу яаралгүй зорчихыг уриалан ажиллаж байна. Зөвхөн орон нутгийн замд явж буй жолооч нар гэлтгүй нийт жолооч нарыг замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг клубынхээ бүх гишүүдийн өмнөөс уриалж байна” хэмээв.







































Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хурдны машинтай залуус жолооч нарт “Яараад яах вэ” гэж уриаллаа  
Үзсэн: 505 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй