Шууд Chart

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил арга зүйн туслалцаагаар хангах ажлын дэд хэсэг хуралдлаа

2019-07-01 06:23:19

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил арга зүйн туслалцаагаар хангах дэд хэсэг  2019 оны зургаадугаар сарын 30-ны өдөр хуралдлаа. 

Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Д.Лүндээжанцан даргалж, Дэд ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Хүний эрхийн үндэсний комиссын дарга, гавьяат хуульч Ж.Бямбадорж, Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав, Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Д.Ламжав, Улсын Их Хурлын гишүүн асан Ж.Сүхбаатар, Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэн, Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Р.Хатанбаатар, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, профессор доктор А.Бямбажаргал болон УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал,  Хууль эрх зүйн хэлтсийн зөвлөх Ж.Бямбадулам, Ц.Болормаа, референт Б.Золбоо нар оролцсон. 

Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Д.Лүндээжанцан хуралдааны эхэнд хэлсэн үгэндээ,  Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр баталсан “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэг байгуулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын дагуу ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий Томьёоллын ажлын дэд хэсэг 2019 оны 06 дугаар сарын 27, 28, 29-ний өдрүүдэд хуралдаж, ажлын дэд хэсгүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллын хүрээнд нэг бүрчлэн хэлэлцсэнийг онцоллоо. Мөн тэрбээр, Ажлын дэд хэсгийн гишүүд саналаа илэрхийлэн үсгийн алдаа, нэр томьёо, үг хэллэгийг Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу жигдлэн хууль зүйн техникийн шинжтэй засваруудыг хийж, Ажлын дэд хэсгүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр нь ангилсныг танилцуулав.

Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн дэд хэсгийн ахлагч Р.Хатанбаатар, Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн дэд хэсгийн ахлагч Н.Лувсанжав, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн дэд хэсгийн ахлагч О.Мөнхсайхан, Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн дэд хэсгийн ахлагч Ц.Товуусүрэн нар  тус тус дэд хэсгийн саналаа танилцуулж,  зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрийг нэг бүрчлэн тайлбарлахын зэрэгцээ хөндөгдсөн асуудлын хүрээнд хуралдаанд оролцогчид олон талаас нь ярилцаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил арга зүйгээр хангалаа.  

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Д.Лүндээжанцан Дэд ажлын хэсгийн саналыг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт танилцуулахаар тогтов.


Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил арга зүйн туслалцаагаар хангах ажлын дэд хэсэг хуралдлаа  
Үзсэн: 337 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй