Шууд Chart

Өр барагдуулах өөр арга нэхэгдсээр

2019-07-01 17:53:27

ЧАНАРГҮЙ ЗЭЭЛ ДНБ-НИЙ 7 ХУВЬД ХҮРЭВ

Энэ онд манай улс 9 их наяд гаруй төгрөгийн орлого олохоор тооцож төсвөө баталсан. Тэгвэл үүний тавны нэгтэй тэнцэх хэмжээний мөнгө чанаргүй зээл хэлбэрээр аж ахуйн нэгжүүдэд түгжигдээд буй. Тодруулбал, Монгол Улсын жилийн орлогын тавны нэгтэй тэнцэх мөнгийг банкууд зээлдэгчдээсээ авч чадалгүй түгжүүлээд байна гэсэн үг. Голдуу эдийн засгийн хямралын дараах буюу 2013 оноос хуримтлагдсан, нэг тэрбум, түүнээс дээш төгрөгийн зээлдэгчдэд энэ өр хуримтлагджээ.   

Төв банкны мэдээгээр чанаргүйд тооцогдоод байгаа нэг их наяд 830 тэрбум төгрөг нь банкны нийт зээлийн 10 хувь,  ДНБ-ний 7 хувьтай тэнцэж байна. Гэхдээ эдгээр зээлийн 80 хувь нь хамгаалагдсан гэдгийг Монголбанк тодотгож буй.  

Чанаргүй зээлийг салбараар авч үзвэл, 26 хувийг уул уурхай, 20 хувийг боловсруулах салбар, 16 хувийг барилга, 8 хувийг үл хөдлөх хөрөнгийнх 8.7 хувийг худалдаа, 4 хувь нь хөдөө аж ахуйн салбарын зээл байна. Харин цалин, тэтгэврийн чанаргүй зээл гурван хувьтай байгаа юм. Нийт чанаргүй зээлийн 85 хувийг хувийн байгууллагын зээл эзэлж байна.

Ийм байдлаар банк, санхүүгийн салбарт хуримтлагдсан чанаргүй зээл аажим аажмаар өссөөр. Хэрэв энэ байдал удаан үргэлжилвэл зээлийн хэмжээ буурч, санхүүгийн зуучлал зогсонги байдалд орж, эдийн засгийн идэвхжил суларна. Нөгөө л бидний гомдоллодог ажилгүйдэл нэмэгдэж, амьжиргаа  саарна гэх байдлаар нэг нь нөгөөдөө нөлөөлсөөр нөхцөл байдал хүндрэхийг хэн хүнгүй мэднэ. Хатуухнаар хэлбэл, татан буугдсан Капитал банк  шиг нөхцөл байдал  бий болно гэсэн үг.

Өнөөдөр манайд чанаргүй,  муу зээлийг барагдуулах нэг арга нь хууль шүүхийн шат. Гэсэн ч энэ үйл явц тухайн шатанд шийдэгдэж, хохирлыг төлүүлэх хүртэл дунджаар гурав, бүр зарим тохиолдолд 10 жил болдог байх юм. Нөгөө талд шүүхийн шатанд шилжсэн тохиолдолд зээлийн хүүг зогсоох хууль үйлчилдэг. Тиймээс  ч хугацаа хэтэрсэн зээл хоёр  их наяд төгрөгт ойртсон  нэг шалтгаан нь  энэ гэж мэргэжлийн зарим хүмүүс үздэг.  

ӨР БАРАГДУУЛАХ НЭГ ШҮҮХ ХУРАЛ 10 УДАА ХОЙШЛОГДОХ НЬ Ч БИЙ

2018 оны судалгаагаар чанаргүй зээлтэй холбоотой шүүх хурал 22.000 удаа хойшилжээ. Гэтэл эдгээрээс  2000 нь буюу 10 хүрэхгүй хувь нь л хүндэтгэн үзэх шалтгаантай байв.  

Нэг шүүх хурал нь дунджаар 10 удаа хойшлогдсон байх жишээтэй. Ийм байдлаар банкны зээлийн өр барагдуулахтай холбоотой маргаан хоног хугацаа авах, хойшлогдох тусам хэнд ашигтай, хэнд хохиролтой вэ. 

Өр төлбөрийн шүүх хурлыг хойшлуулахад тодорхой ханш хүртэл тогтсон тухай яриа ч бий. Энэ байдлыг өөрчилж, цаг, хөрөнгө хэмнэж, өрийг шуурхай барагдуулах гарц бий болгох нь зээлийн эрсдлийг бууруулах гол арга нь гэж  Монголбанк үзэж буй.

Үүнд банкуудын чанаргүй зээлийг худалдан авч, буцааж зарах байдлаар түгжигдсэн хөрөнгийг чөлөөлөх, өр төлбөрийг бууруулах аргыг улс орнууд сонгож буй. Тэд ийм эрх, үүргийг хувийн хэвшлийн оролцоо голлосон хөрөнгө оруулагчаар гүйцэтгүүлдэг  байна. Мэргэжлийн хэлээр  Актив удирдлагын компани энэ ажлын эзэн нь. Ийм хууль шаардлагатай эсэх талаар манайд эртнээс ярьж, хуулийн төслийн санал санаачилгыг 2015 оноос гаргаж эхэлжээ.

ӨР БАРАГДУУЛАХ ХУГАЦАА 1.5 ЖИЛ БОЛЖ БОГИНОСОНО

Азийн Хөгжлийн Банк, Солонгос, Европын мэргэжилтнүүдийн зөвлөгөө дэмжлэгээр ажлын хэсэг 2017 онд байгуулагдаж байсан бол өнөөдөр хуулийн төслийг Засгийн газар хэлэлцэн УИХ-д өргөн барихад бэлэн болгоод байна.    

Актив удирдлагын хуулийг хэрэгжүүлснээр зээлийн өрийг дунджаар холбогдох журамд зааснаар 1.5 жилийн дотор, шуурхай барагдуулах боломжийг бүрдүүлнэ гэж үзэж банйа. Гэхдээ үүний тулд шинэ хуулиас гадна 13 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатайг ажлын хэсэг мэдэгдээд буй. 

Ажлын хэсэг Азийн эдийн засгийн хямралын дараах энэ арга замыг сонгож байсан Тайланд, Өмнөд Солонгос, Индонез, Малайз, Европын өрийн хямралын дараагаар Актив удирдлагын компани байгуулсан Ирланд, Испани зэрэг улсын туршлагыг ч судалжээ.  Өдгөө  Германы Дойче банкнаас эхлээд  хэд хэдэн газар ч энэ арга зарчмаар зээлийн эрсдлээ бууруулахаар ажиллаж байна. Тэд чанаргүй зээл нь ДНБ-нийхээ 6 хувьд хүрсэн үед дээрх тогтолцоогоор банкны эрсдлээ бууруулах шаардлагатай гэж үзэж байгаа юм. Манай улсын хувьд чанаргүй зээл энэ тоонд хэдийнэ хүрчээ. Өр барагдуулахад өнөөдрийнхаас  өөр арга зайлшгүй хэрэгтэй болжээ.                                                                                      

Нийтэлсэн: Д.Даваадулам

Өр барагдуулах өөр арга нэхэгдсээр   
Үзсэн: 318 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй